Путин: Олон хүүхэдтэй гэр бүлийн ипотекийг чөлөөлнө
2019 оны 2 сарын 21

-ПУТИНЫ ИЛТГЭЛИЙН ИШЛЭЛҮҮД: ӨНГӨРСӨН ЖИЛ “СУПЕР ЗЭВСЭГ”-ИЙН ТУХАЙ БАЙСАН БОЛ ЭНЭ ЖИЛ “ХҮН АМЫН АМЬЖИРГАА”-НЫ ТУХАЙ БАЙВ-

ОХУ-ын Ерөнхийлөгч жил бүр илгээлт гаргадаг уламжлалтай. Өмнөх жилүүдэд илтгэлийн ихэнх хэсэгт эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн сэдэв багтаж байсан бол өнгөрсөн жил Оросын бүтээсэн шинэ “супер зэвсэг”-ийн талаарх илтгэл ихэнх хэсгийг эзлэж байлаа. Харин энэ жил дотоодод чиглэсэн, тэр дундаа хүн амын амьжиргаатай холбоотой сэдвүүдийг түлхүү хөндөв. Түүний илгээлтээс онцлох агуулгуудыг түүвэрлэн хүргэе.

Гэр бүлийг дэмжих хүрээнд

  • Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлүүд ипотекийн зээлээ төлөхийн тулд холбооны төсвөөс 450 мянган рубль \монгол мөнгөөр 17800000 төгрөг орчим\ ийн хөнгөлөлт авах боломжтой гэдгийг Путин мэдэгдлээ. Түүнчлэн хүүхэдтэй гэр бүлд хөнгөлөлттэй ипотекийн зээл олгох хугацааны хязгаарлалтыг цуцлах санал гаргасан байна. Хүүхэдтэй гэр бүлд хөнгөлөлттэй ипотек олгох шинэчилсэн хөтөлбөрт 600 мянга гаруй гэр бүл хамрагдах боломжтой гэнэ.
  • Хүүхэдтэй гэр бүлийн үл хөдлөх хөрөнгийн татварт ноогдуулах хөнгөлөлтийг нэмэгдүүлэх саналыг Путин гаргалаа.
  • Мөн хувийн орон сууцны барилгыг дэмжих хөтөлбөрийг Засгийн газар болон Төв банк гаргах ёстой гэж Путин мэдэгдлээ. “Гэр бүлүүд зөвхөн бэлэн орон сууц худалдан авах боломжоор тогтохгүй өөрийн газар дээр өөрийн байшин барих боломжтой байх ёстой” гэж мэдэгдээд хувийн орон сууц барихад ипотекийн зээл олгогддоггүй тул иргэдийн дэмжихийн тулд санхүүгийн таатай, хүртээмжтэй зохицуулалтыг гаргах ёстой гэжээ.
  • 2019 оны долоодугаар сарын нэгнээс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг 10 мянган рубльд хүргэхээр болжээ. Өнөөдөр энэ тэтгэмжийн хэмжээ 5.5 мянга буюу монгол мөнгөөр 217 мянган төгрөг байдаг юм байна.
  • Энэ онд Оросын яслиудын багтаамжийг 90 мянгаар нэмэх бөгөөд гурван жилийн дотор 270 мянган хүүхэд яслид хүмүүжих боломжтой болгох гэнэ. “Эцэг эхчүүд ажиллаж, сурч, аз жаргалтай байж, эцэг эх болсныхоо аз жаргалыг мэдэрч байгаасай гэсэндээ хүүхдүүдийг яслид хамруулах боломжийг нэмэгдүүлж байна. бид хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг бүхий л газарт бараг бүрэн хангасан” хэмээн Владимир Путин онцолжээ.

Ядууралтай тэмцэх талаар

  • Ядууралтай тэмцэхийн тулд нийгмийн гэрээг ажил хэрэг болгохыг Путин санал болголоо. Энэ гэрээг байгуулснаар төрөөс иргэнд ажил хөдөлмөр эрхлэх, мэргэжлээ дээшлүүлэхэд нь туслаж, гэр бүлүүдэд туслах аж ахуй эсвэл өөрсдийн ажил хэргийг эхлүүлэх санхүүгийн тусламж олгох юм байна. Таван жилийн дотор энэ гэрээний дагуу 9 сая хүн орлоготой болох боломжтой гэж тооцоолжээ. Мөн 2020 оноос эхлэн энэ төрлийн гэрээг идэвхитэй нэвтрүүлж байгаа бүс нутгуудад санхүүгээр туслахыг сайд нарын танхимдаа даалгасан байна.
  • Ерөнхийлөгчийн мэдээлснээр 2000 онд Орост 40 сая гаруй хүн амьжиргааны доод түвшинд амьдарч байсан бол одоо энэ тоо 19 сая болтлоо буурсан гэнэ.

Эрүүл мэндийн салбарт

  • Орос улс үндэсний төслийн хүрээнд 1 их наяд гаруй \монгол мөнгөөр 39.5 их наяд гаруй\рублийг хавдар өвчинтэй тэмцэхэд зарцуулна гэж Путин мэдэгдлээ.
  • “Орон нутгийн эмч” хөтөлбөрийн насны хязгаарлалтыг арилгах санал гаргалаа. Орос улсад орон нутгийн оршин суугчдад чанартай эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Орон нутгийн” эмч хөтөлбөрийг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хөтөлбөрт хамрагдсан эмч нарт байр сууц авах, газар худалдан авах эсвэл байшин барихад нь зориулж 1 сая рублийн санхүүжилт өгдөг байна. Энэ хөтөлбөрт 50-аас доош насныхан хамрагддаг байсан бол Путин ийнхүү насаар хязгаарлахгүй байх санал гаргажээ.
  • Гурван жилийн дотор эрүүл мэндийг хамгаалах салбарыг цахим системд бүрэн нэвтрүүлнэ гэж Путин мэдэгдлээ. Ингэснээр “ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэп, хүүхэдтэй гэр бүлүүд олон цагаар дугаарлаж, хэрэгтэй хэрэггүй бичиг цаас цуглуулах шаардлагагүй болно” хэмээн Путин мэдэгдлээ.

Боловсролын салбарт

  • 2020 оноос эхлэн “Орон нутгийн багш” хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөө очиж ажиллах багш нарт 1 сая рублийн тусламж үзүүлэх санал гаргав.
  • 2021 он гэхэд Оросын бүхий л дунд сургуулиуд өндөр хурдны интернеттэй болсон байна гэж Путин мэдэгдлээ.

Эдийн засаг болон бизнесийн тухай

  • Путины мэдэгдснээр Оросын алт валютын нөөц түүхэндээ анх удаа улсын болон арилжааны өрийг бүрэн хааж байгаа гэнэ.
  • 2020 онд хөрөнгө оруулалтын өсөлт 6-7% байх ёстой гэж Путин мэдэгджээ.
  • Тэрбээр энэ онд багтаан тоон эдийн засгийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулахыг даалгалаа.

Гадаад бодлогын тухайд

  • Дунд болон бага тусгалт пуужинг устгах тухай гэрээг зөрчсөн гэсэн санал зөрөлдөөн АНУ болон ОХУ-ын хооронд гарсаар байгаа. Энэ талаар ч мөн Путин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр энэ гэрээ хуучирсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. “Олон улс орнууд энэ зэвсэглэлийг хөгжүүлж байсан, хөгжүүлсээр ч байгаа, харин Орос болон АНУ өөрсдөө сайн дураар хязгаарласан” хэмээн Путин мэдэгдлээ. Гэхдээ энэ гэрээнээс гарахын тулд АНУ ОХУ-ыг зохиомлоор буруутгаж байна хэмээн тэрбээр онцолсон байна. “Америкийн түншүүд шууд л хэлчих байсан юм, түүнээс биш гэрээнээс дангаар гарахын тулд ОХУ-ыг зохиомлоор буруутгах шаардлагагүй байлаа” хэмээн Путин онцолжээ.
  • Европын холбоо Оростой харилцах улс төрийн болон эдийн засгийн хэвийн харилцааг сэргээх тал дээр бодит алхмууд хийнэ гэж найдаж байгаагаа Путин илэрхийллээ.
  • Түүнчлэн Энэтхэг болон Хятадтай харилцах харилцааны нөөц боломжийг нээхэд илүүтэй анхаарал хандуулна гэв.

Шинжлэх ухааны салбарт

  • Оросын нийслэлд Үндэсний сансрын төв байгуулахыг Путин Москвагийн Засгийн газар болон Роскосмосд үүрэг болголоо.
  • 2025 он гэхэд Орос улс генетик болон мэдээлэлийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн тоонд орох ёстой хэмээн Путин мэдэгдэв.
  • Ойрын жилүүдэд ОХУ-ын аль ч өнцгөөс өндөр хурдны интернетэд холбогдох боломжтой байлгахын дээр тав дахь үеийн системийг \5G\ ашиглаж эхлэхийг үүрэг болголоо.

Хариулт үлдээх

Your email address will not be published.