Манай галзуучууд эмнэлгээсээ оргожээ
2019 оны 2 сарын 22

Гэвч тун саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар “Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулна. Бидэнд буцах зам байхгүй” гэж мэдэгдсэн. Ингэхдээ яагаад ингэж яаравчлах болсноо тайлбарлаагүй. Харин олон нийт бол “ЖДҮ-чин гишүүдээр, 60 тэрбумын сүлжээгээр Үндсэн хуулиа өөрчлүүлэхгүй” гэсэн байр суурьтай байгаа. Үүнээс болоод УИХ-ын түвшинд байгуулагдсан ажлын хэсгийнхэн хүртэл ам нээж чадахгүй өдий хүрсэн юм шүү дээ. Гэтэл Шархаднаас оргосон баахан галзуучууд “Ерөнхийлөгчийн засаглалтай болно” гэчихсэн дэвж явна. Галзуучуудаа байранд нь тавихгүй бол улсаараа галзуурах нь.

Сануулахад, Үндсэн хуулийн өөрчлөлт бол өнөөдөр яригдаж байгаа шинэ сэдэв биш. 2000-аад оноос хойш арав гаруй жил нийгмийн хэлэлцүүлэг болж яваад сүүлийн хоёр парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулж оруулж ирсэн. Алинд нь ч засаглалыг өөрчлөх, парламентын засаглалаас татгалзах тухай байгаагүй. Шүүмжлэл дагуулаад байгаа ч гэсэн МАН-ын боловсруулсан, Д.Лүндээжанцангаар анхуулсан ажлын хэсгийн төсөлд Ерөнхийлөгчийн засаглалын тухай нэг ч үг байхгүй. Харин ч яаж ийгээд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах, Засгийн газрын бие даасан байдлыг хангах, УИХ-ын хяналтын үүрэг функцийг чадавхижуулах тухай л байгаа. Гэтэл хаанаас гараад ирсэн “Ерөнхийлөгчийн засаглалтай” болох вэ? Бас юун ард нийтийн санал асуулга явуулах болчихов?

Жишээ нь манай парламентын галзуугийн эмнэлэг шиг болсонд галзуучуудыг дэвшүүлсэн нам, сонгосон олонхи нь буруутай болохоос биш парламентын тогтолцоо буруугүй. Харин ч эрүүл нь галзуугаа бага ч атугай дарж явахын тулд “олонхийн засаглал” гэж юм байдаг. Мэдээж өнөөдрийнх шиг галзуучууд нь дийлээд эхлэвэл сүйрэл рүүгээ явж байгаа нь тэр л дээ. Гэвч тэглээ гээд “нэг галзууг” дээрээ залчихаад боол нь болох нь дээр гэсэн үг биш.

Жишээ нь Н.Энхбаяр Монголын хаан байсан, Ц.Элбэгдорж хаан байсан гээд төсөөлсөөд үз дээ. Тэгвэл бид энэ хүмүүсийн буулгаж чадах байсан болов уу? Путин, Назарбаев хоёр жишээ нь хэд дэх жилдээ дарангуйлж байна. Эсвэл Х.Баттулга, У.Хүрэлсүх Монголын хаан болно гээд төсөөлөөд үз. Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд үүнээс дээр сонголт бидэнд олдохгүй. Ерөөсөө манай байгаа потенциаль нь ийм. Олдох байсан ч “ард түмэн” тэрнийг нь олж тодруулж, дэмжиж сайшааж чадахгүй. Тиймээс ядаж л “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэсэн ардын үгэнд итгээд парламентын засаглалаа өмөөрөөд байгаа юм.

Ц.Элбэгдоржийн сүүлд баахан сэтгүүлчийг тойруулж суулгаад ганцаараа ярьсан зүйлээс нэг л зүйл үлдсэн. “Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгч болсноор хэн Ерөнхийлөгч болох, хэн болохгүйг сайн ойлгуулж өглөө” гэсэн. Түүнээс илүү бас нэг зүйл бол Монголын түүхийн сүүлийн 27 жилд төрийн тэргүүн байсан нөхөд, ялангуяа сүүлийн гурав нь “Монголд Ерөнхийлөгчийн засаглал огт зохихгүй ээ” гэдгийг хамгийн тодоор харуулсан биш үү. Харин манай галзуучууд юу ярих гээд юу яриад явна?

Б.СЭМҮҮН

Хариулт үлдээх

Your email address will not be published.