“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах тухай тэмдэглэлийг нууцаас гаргалаа
2019 оны 2 сарын 27

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийв. Тэрээр “Засгийн газрын  хуралдаанаар 2016 оны 9 дүгээр сарын  9-ний өдрийн 32 дугаар тэмдэгдэл “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” ХК-ийн талаар зарим арга хэмжээний тухай  гэх тэмдэглэлийг нууцаас гаргаж байна. Энэ тэмдэглэлийг нууцаас гаргах хэд хэдэн шалтгаан бий” хэмээн мэдээллээ.

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын нэр бүхий таван гишүүн “Монголиан коппер корпорейшн” 49 хувиа Сингапурт бүртгэлтэй компанид зарахаар хэлцэл хийж байна гэсэн мэдээллийг өгч, Ерөнхий сайдад энэ асуудлаар асуулга хүргүүлсэн тухайгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл Т.Аюурсайхан гишүүн асуулгын хариулттай холбоотой мэдээллийг өгсөн юм.  “Монголиан коппер корпорейшн”-ы зүгээс уг мэдээллийг үгүйсгэж байсан ч тус компани  2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр УБЕГ-т хандахдаа өөрийн эзэмшлийн гэх нийт хувьцаагаа Сингапурт  бүртгэлтэй “Эрдэнэт корп PTI”  компанид бүртгүүлэх хүсэлт бүхий 88 хуудас албан бичиг хүргүүлсэн. Уг материалд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 112.1 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдахаар заасан байсан” гэж Т.Аюурсайхан гишүүн мэдээлэв. Сингапурт бүртгэлтэй “Эрдэнэт корп PTI” компанийг эзэмшигч нь Ц.Пүрэвтүвшин гэх мэдээллийг тэрээр тодотгосон юм.

Ц.Пүрэвтүвшин нь Худалдаа хөгжлийн банкинд зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компаниудын 49 хувийг эзэмшигч Монголиан коппер корпорейшн”ыг удирдаж байгаа аж.   Энэ нь  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк худалдаж авсан гэдгийг ч тод харуулж байх шиг. Тэгвэл Ц.Энхтүвшингийн нэр дээрх буюу ХХБ-ны мэдэлд орсон байж болох 49 хувийг Сингапурын компанид худалдахаар хийсэн тохиролцооны нууц протоколыг ил болгох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргажээ. Нууцын зэрэглэлд байгаа энэ асуудлаар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл одоо хуралдаж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ц.Энхтүвшингийн нэр дээрх дансаар их хэмжээний гүйлгээ хийсэн байгаа бололтой. Энэ бүгдийг нарийвчлан шалгах, эх орныхоо хамгийн үнэ цэнэтэй үйлдвэр уурхайг худалдах гэж байсны “ҮНЭН ба ХУДАЛ” алин болохыг тогтоохын тулд энэ бүх арга хэмжээг Засгийн газраас авч байгаа ажээ.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.