З.Энхболд: Улсын төсвөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд буцаан авна
2019 оны 3 сарын 7

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын ээлжит бус чуулганаар ЗХЖШ-ын дарга, АТГ-ын дарга, дэд дарга нарын асуудлыг хэлэлцэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн албан тушаалын хугацаа дууссан.

ЗХЖШ-ын даргад А.Ганбат, АТГ-ын удирдлагуудад Д.Даваа-Очир, Ж.Батсайхан гэдэг хоёр хүнийг нэр дэвшүүлж, УИХ-д оруулсан байгаа. Энэ асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхийг УИХ-ын даргаас хүссэн байгаа.

Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд дууссан. Түүний оронд өөр нэг прокурорын нэрийг дэвшүүлж өргөн барина. Энэ гурван асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан гэсэн хариуг УИХ-ын Тамгын газраас илрүүлсэн” гэв.

Мөн тэрбээр “Түрүүчийн долоо хоногийн хоёр дахь өдөр ҮАБЗ хуралдаж эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцсан. Зөвлөмж нь нууц байдаг учраас би дэлгэрэнгүй ярих боломжгүй. Гэхдээ эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялагт ард түмний өмч, 6.2-т төр менежментийг нь авч явна гэсэн хоёр заалтын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд буцаан авна гэсэн утгатай зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас хийж байгаа арга хэмжээ сүүлийн өдрүүдэд болсон. ҮАБЗ-д зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоох асуудлыг бичээгүй. Ерөнхийдөө эдийн засгийн хувьд аюул учирч байгаа үйлдвэрүүдэд онцгой дэглэм тогтоож болохыг зөвлөсөн. Энэ хүрээнд тодорхой хуулиудыг шинээр батлахыг зөвлөсөн” гэв.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдыг мэдэгдэл хийх үед сэтгүүлчдээс олон асуулт ирж байсан тул сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-ЖДҮХС-аас албан тушаалын байдлаа ашиглан хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан ялангуяа яллагдагчаао татагдсан гишүүдийн асуудлыг оруулах саналыг УИХ-ын даргад хүргүүлээд байна?

Ерөнхий прокурорийн зүгээс хэлэлцэх асуудлын тоонд оруулна гэж бодож байна. Гэхдээ хэдэн гишүүний нэрийг танилцуулахыг мэдэхгүй байна.

-Жанжин штабуудын харьяа цэргийн ангиудад  хүний амь эрсдсэн, хариуцлагагүй хэргүүд гарч байна?

Жанжин штабын орлогч нар үүргээ гүйцэтгэж, ажил хэвийн явж байгаа. Байгууллага даргагүй удаан байж болохгүй. Хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь хариуцлагаа хүлээнэ. Жанжин штабын даргын томилгоог чуулганы сүүлчийн өдөр өргөн барьсан.

-1992 оны үндсэн хуулиа баталсан хэрнээ 1991 оны үдсэн хуульд тулгуурлан Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон тухайд?

Энэ хууль хүчинтэй хуулийн жагсаалтад байгаа. 1997 оны засгийн газар ч энэ хуулийн хэрэгжүүлж байсан. Тодруулах юм бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросод хувьчлах асуудал маргаантай болж, өнөөдрийнх шиг нөхцөл үүссэн. Эрдэнэт үйлдвэр удирдлагагүй, татвараа ч төлж чадахаа байсан тийм үед онцгой дэглэм тогтоож байсан. Цаашид ч энэ хуулийг хэрэглэж магадгүй.

– ҮАБЗ-ийн өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байна гэж Л.Оюун-Эрдэнэ сайд мэдэгдэж байсан?

Өнгөрсөн долоо хоногийн хоёр дахь өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцсан. Эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд үндсэн хуулийн 6.1, 6.2 заалтын дагуу улсын төсвөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд буцаан авах зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлж өчигдөр Эрдэнэт үйлдвэрт тусгай ажиллагаа явуулсан. Мөн Сайншандын төмөр замын энэ онд дуусгах, Гашуун Сухайтын төмөр замыг ирэх онд дуусгах талаар зөвлөмж гаргасан. “Эрдэнэс таван толгой” ХК нэг тэрбум долларын борлуулалт хийж 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ мөнгөний 15 хувийг иргэдэд ногдол ашиг болгон тарааж, үлдсэн 85 хувиар нь төмөр замын ажлыг дуусгана. Тйимээс 1072 ширхэг хувьцаатай иргэнд 53 мянган төргөгний ногдол ашиг очно.

-Эрдэнэтээс өөр газар онцгой дэглэм тогтоох уу?

Ажил нь хэвийн явж байгаа бол онцгой дэглэм тогтоох тухай ямар ч асуудал байхгүй.

-Өмнө нь төмөр замын ажилд ерөнхийлөгчийн хүмүүс холбогдоод шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болсон шүү дээ?

Төмөр замын ажил гэдэг зохиомол хэргийг одоо хүртэл ярьж байна. Тэр төмөр замыг хэрэг гарах үед ерөнхийлөгч хөдөө аж ахуйн сайд байсан. Төмөр зам бариагүй хэргийг одоогийн ерөнхийлөгчид тохох гээд чадаагүй. Сайншандын төмөр замын 50 хувь дууссан байгаа.

– Цагаан сурваргын ордод 400 орчим сая америк долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж Н.Номтойбаяр гишүүн ярьсан?

Улс тэр хөрөнгө оруулалтыг нь буцааж төлөхгүй. Харин Н.Номтойбаяр гишүүнтэй гэрээ хийж, олборлох зардлыг нь төлөөд гарсан баялгийг улс өөртөө авна.

-ЭТТ хувьцаагаа нээлттэй арилжих уу?

-Арилжина. Гэхдээ урьдчилж зарлага гаргахгүй байхыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад анхааруулсан.  Энэ компанийн 85 хувийг төр, 15 хувийг иргэд эзэмшдэг. Компаниуд маш бага хувь эзэмшдэг. Энэ компани өнгөрсөн онд 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Төр үүний 85 хувийг төмөр зам барих төсөлд зарцуулах тул иргэд ч өөрт ногдох ногдол ашгаа авах ёстой. Тооцоо хийхэд 1072 ширхэг хувьцаатай иргэн 53 мянган төгрөг авна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.