Венесуэл: Цахилгаангүй болсонд АНУ Мадурог, Мадуро АНУ-г буруутгаж байна
2019 оны 3 сарын 11

Венесуэлийн бараг бүхий л нутаг дэвсгэрт цахилгаан эрчим хүч тасалдсан нь цахим халдлагаас үүдэлтэй гэж тус улсын Мэдээлэл, харилцаа холбооны сайд Хорхе Родригес мэдэгджээ.

“Гури” усан цахлгаан станцын хяналтын автомат системд цахим халдлага үйлдсэн. Цахим халдлагын улмаас Усан цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоосноор цахилгаан эрчим хүч түгээлт тасалдсан” хэмээн тэрбээр мэдэгджээ. Түүнчлэн энэ халдлагыг АНУ-аас үйлдсэн байж болзошгүй гэж Родригес үзэж байгаа юм байна.

Энэ хэрэгтэй холбоотойгоор НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелетад Венесуэл улс гомдол гаргахаар болжээ. “НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын удирдлагын төлөөлөгчид ойрын үед Венесуэльд ирнэ. Манай улсад хүний эрхийг хангахын тулд зохих гомдлыг дамжуулна” хэмээн сайд Родригес мэдэгджээ.

image

Одоогийн байдлаар Каракасын зарим дүүрэгт цахилгаан эрчим хүчний түгээлтийг сэргээжээ. Венесуэл тэр чигтээ харанхуй болсон үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Мадурогийн бодлого харанхуйгаас өөр юу ч авчирахгүй. Хоолгүй, эм тариагүй, одоо цахилгаан эрчим хүчгүй. Цаашлаад Мадуро ч байхгүй болно” хэмээн жиргэсэн байна. Харин Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро улс даяараа цахилгаан эрчим хүч тасалдсан явдалд “Америкийн империализм” буруутай хэмээн мэдэгджээ.

Б.АНАНД

Хариулт үлдээх

Your email address will not be published.