Ц.Пүрэвтүвшин: Асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх хүсэлтэй байна
2019 оны 3 сарын 11
“Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч Монголын зэс корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин болон ХХБ-ны удирдлагуудыг хуулийн байгууллагаас шалгаж буй. Тэднийг өнгөрсөн долоо хоногт баривчилж, мэдүүлэг  авсан. Мөн түр саатуулсан ч шүүхээс хорих шаардлагагүй хэмээн сулласан юм.

 

Энэ үйл явдлын талаар Монголын зэс корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажил жил гаруйн хугацаанд үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт өгсөн байцаалт бол энэ ажлын үргэлжлэл. Миний бие Эрүүгийн цагдаагийн газар болон АТГ-т 10 гаруй удаа мэдүүлэг өгсөн.

 

Монгол хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Тиймээс бид хууль шүүхийн үйл ажиллагааг хүндэтгэж, хамтарч ажиллаж байгаа. Дуудсан цагт нь очиж, хүссэн бичиг баримтыг гаргаж өгч байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

Мөн Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт хоёр сарын онцгой дэглэм тогтоосон. Энэ асуудлаар Ц.Пүрэвтүвшин “Өнгөрсөн долоо хоногт нөхцөл байдал нэлээд хурцадмал болсон. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бид нийгмийн шаардлага гэж ойлгож байна. Төрөө хүндэтгэж, энэ асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх хүсэл эрмэлзлэлтэй байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Х.ОЧ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.