Ч.Улаан сайд ЖДҮ хулгайг “ӨМГӨӨЛЖЭЭ”
2019 оны 3 сарын 12

Жижиг дунд үйлдвэрлэгчдийн жинхэнэ төлөөлөл болох “Чандмань жимс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Будсүрэн УИХ-ын гишүүд, сайд нар албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас зээл авсан тухай анх сонсоход “Муухай” санагдсан гэлээ. Энэ эмэгтэй ч бас уг сангаас зээл авахаар хөөцөлдсөн удаатай. “Эхний удаа санхүүжилт хүрээгүй гэсэн болохоор их итгэж найдсан. Сөрөг хариу авсныхаа дараа би төсөл хариуцсан хэлтсийн дарга дээр нь ороод, яагаад эрүүл хүнс үйлдвэрлэгчдэд зээл олгохгүй байгааг хоолой зангируулаад асуусан. Дүрэм журам нь ийм юмаа гэсэн хариу л авсан” хэмээн хуучилсан юм. “Бид 906 сая төгрөгийн зээл хүссэн, одоо ахиад хүснэ. Ямар ч байсан яам нь сайдтай болчихлоо, зээл хэзээ зарлагдахыг хүлээж байна” гэж тэр ярьсан юм. Гэсэн ч түүний найдвар ахин замхарч магадгүй.

Хэсэг хуульчид ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг журмаа өөрчилж, албан тушаалтануудад давуу байдал олгосныг хууль бус гэж үзэн уг шийдвэрийг цуцлуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм.

Тэдний нэхэмжлэлээр өмнөх сайд болон бусад захиргааны албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Харин зарим хүн ихээхэн найдвар тавьж буй шинэ сайд Ч.Улааны талаар хуульч Ж.Эрхэмбаатар ийнхүү жиргэсэн байна лээ.

“ХХААХҮ-ийн сайд хариуцлага хүлээж ажлаа өгсөн. Шинээр сайд томилогдсон. Тэр сайд нь томилогдохдоо “Хууль ёсыг сахиулна” гэж билээ.

Гэвч ажлаа аваад ЖДҮ хууль ёсны байсан гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлснийг харж байна. Хуульчид улс төрчдийн ам, ажлын зөрүүг олон нийтэд, баримттайгаар ил тод болгох ажлыг хийцгээе” гэжээ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн экс сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай А/88 тоот тушаалын хавсралт 1-ээр “Жижиг , дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авах эрх” олгосон компаниудтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар хуульчид хүссэн юм байж. Тэдгээр нь:

1.Газар буудай ХХК УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хамаарал бүхий компани

2.Дорнод гурил ХХК УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хамаарал бүхий компани

3.Монгол шаазан ХХК УИХ-ын гишүүн Г.Солтаны хамаарал бүхий компани

4.Рэд стар клуб ХХК УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хамаарал бүхий компани

5. Тээвэр ачлал ХХК УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хамаарал бүхий компани

6. Хүннү ХХК УИХ-ын гишүүн Н.Учралын хамаарал бүхий компани

7.Цэн стайл ХХК Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын хамаарал бүхий компани

8. Эпато анарваан ХХК УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хамаарал бүхий компани.

Б.Батзориг сайдын дээр дурдсан тушаалаар нийт 134 аж ахуйн нэгжид зээл олгосон ажээ. Эдгээрээс хууль ёсны зээл авсан компаниудыг хасаад, тушаалыг бүхлээр нь бус “нэр бүхий ААН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар” хуульчид нэхэмжлэл гаргасан байна.

Хуульчид Захиргааны хэргийн шүүхэд яагаад хүсэлт гаргах болсон талаар Ж.Эрхэмбаатар хуульч ийнхүү тайлбарласан юм.

-ЖДҮ-ийг дэмжих санд хандсан 1000 гаруй төсөл байдаг юм билээ. Зарим нь шаардлага хангаагүй, шаардлага хангасан боловч санхүүжилтийн эх үүсвэр хүлээж байсан 300 гаруй төсөл байсан. ЖДҮ-ийг дэмжих сангийн асуудал дэгдэхээс өмнө асуудал хариуцсан сайд нь түр журам батлаад, түр журмынхаа зарим нэг заалтыг хүчингүй болгоод, зээл олгоод явсан. Банкаар дамжуулахгүйгээр сан нь өөрөө зээл олгох боломжтой эрх зүйн орчныг бий болгох зорилготой түр журам баталсан. Зургаагийн долоо гэсэн зүйл заалт байсан. Төсөл нь тэнцсэн боловч санхүүжилт хүлээж байгаа зээлүүдэд эх үүсвэр орж ирвэл санхүүжүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр жагсаалтад байсан 300 гаруй төслийг цааш нь түлхээд, шинээр төсөл авах бололцоог өөртөө нээжээ. Дөрөв, тав хоногийн хугацаатай сонгон шалгаруулалт зарлаж, шинээр төсөл аваад, 134 аж ахуйн нэгжид хоёр тушаалаар зээл олгосон. Эдгээрийн 120 нь төрийн өндөр албан тушаалтантай хамаарал бүхий компаниуд байсан. Энэ гэмт хэрэг мөн эсэхийг эрх бүхий байгууллага шалгаад явна. Уг нь Засгийн газар зургаагийн долдугаар зүйл заалтыг хүчингүй болгосон сайдынхаа шийдвэрийг хүчингүй болгох ёстой. ЖДҮ дээр гарсан завхралыг таслан зогсооё гэвэл энэ хууль бус өөрчлөлтийг хүчингүй болгоод, дараалал хүлээж байсан аж ахуйн нэгжүүдэд зээл олгох бололцоог нээх хэрэгтэй. Тэр 134 аж ахуйн нэгжид хамаарал бүхий этгээд байгааг тогтоосон. Үүнд үндэслээд сайдын гаргасан 134 аж ахуйн нэгжид зээл олгох тушаалыг хүчингүй болгох эрх бий. Ингэснээр ямар үр дагавар үүсэх вэ? Тэр 134 аж ахуйн нэгжийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ хүчингүй болно. Өөрөөр хэлбэл зээлийг хугацаанаас нь өмнө буцааж авах бололцоотой. Хэдэн улс төрч олон нийтэд зээлээ буцааж төлнө гэж амласан ч бусад зээл авсан аж ахуйн нэгж одоо болтол төлөхгүй байгаа. Хэдийгээр хууль бусаар зээл авснаа мэдэж байгаа ч зээлийн гэрээний дагуу төлнө гээд таван жилээ хүлээгээд сууж байна. Хууль бус шийдвэрт үндэслэж авсан зээлээ ашиглаад байгаа хэрэг. Үүнийг нэн яаралтай буцааж төлүүлэх шаардлагатай. Үүний тулд уг тушаалыг, улмаар зээлийн гэрээнүүдийг хүчингүй болгож, зээлийг буцаан төлүүлэн, эргээд энэ мөнгө жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих учиртай.

Энэ алхмыг Засгийн газар өнөөдөр ч хийх бололцоотой ч хийхгүй байна. Тийм учраас энэ алхмыг хийлгэх үүднээс Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэв.

Харин ХХААХҮ-ийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож дээрх хуульчдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байгаа юм.

Ч.Улаан сайдын томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож шүүхэд хариу тайлбар хүргүүлэхдээ “Зээлийг сангаас олгох тохиолдолд хороо болон дэд хорооны шийдвэрийг үндэслэн Жижиг дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын тушаалаар баталгаажуулан санхүүжүүлнэ” гэж заасны дагуу уг хавсралтанд заасан иргэн, хуулийн этгээдийн төслийг санхүүжүүлэхээр гарсан хууль зүйн үндэслэл бүхий тушаал юм” хэмээн “өмөөрчээ”.

Энэ бүхэн У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар ЖДҮ хулгайтай тэмцэх хүсэл зориггүй байгааг илтгэж байна.

“ЖДҮ бол гэмт хэрэг мөн гэж би тав дахь өдөр яриад, нэг дэхийн өглөө зайл гэдэг мэдэгдэл авсан” гэж Хууль зүйн дэд сайд байсан Б.Энхбаяр Ийгл телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн шүү дээ. Тэрбээр “Богино хугацаанд эрх мэдэлд хүрэх, эрх мэдэлд нэг хүрвэл өөрт олдсон боломжийг маргааш гэж хойш тавилгүйгээр баялаг руу шунан хамж авах сэтгэхүй ноёлж байна” хэмээн тодорхойлсон юм.

Хуульчдын хүчин чармайлтаар албан тушаалаа ашиглан, өөртөө давуу байдал бий болгож ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй зээл хүртсэн дарга нарын компаниудыг ч эхнээс нь шүүхэд дуудаж эхэлсэн нь яамай.

Харин Засгийн газрын хийж байгаа алхмууд ЖДҮ хулгайчдад хариуцлага тооцох гэхээсээ өөгшүүлэх, саармагжуулах, мартагнуулах шинжтэй гэхээр харагдана. Өмнөх асуудлаа шийдэхгүй мөртлөө дараагийн олон сангуудыг шалгаж, булхайтай буруутай үйлдлүүдийг нь сөхөж эхлэв. Бүр өмч хувьчлалын асуудлыг хүртэл сөхсөн нь амьтны доог тохуу болох дөхсөн. “Энэ янзаараа Тэмүүжин хүүхэд байхдаа эх өөртэй, эцэг нэгтэй дүүгээ хөнөөсөн хэрэг хүртэл сөхөгдөх янзтай” гэх мэтээр маазарсан жиргээнүүд хөвөрч харагдана лээ.

Засгийн газрын хуралдаанаар Тариаланг дэмжих сан болон Мал хамгаалах санг, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд нэгтгэх, хуримтлагдсан эх үүсвэр, өр, авлагыг шилжүүлэх шийдвэр гаргасан юм. ЖДҮХС-гийн асуудлыг шийдээгүй, хариуцлага тооцоогүй, зээлийг буцаан төлүүлээгүй атлаа сангуудыг нэгтгэх тухай ярьсан нь эргэлзээ дагуулж байна. Ийм олон асуудалтай сангуудыг нэгтгэж бужигнуулж байгаад, дундаас нь нотлох баримт сугалж үлдэх юм биш байгаа.

МУИС-ийн багш, судлаач Б.Отгонтөгс 25 тусгай санг шалгах хөндлөнгийн шинжээчээр орох өргөдөл гаргасан юм билээ. Сангийн яамнаас утасдаад оруулна гэсэн ч удалгүй чимээ тасарсан гэнэ. Сангийн яам ийнхүү өөрөө өөрийгөө шалгаж, өөртөө дүн тавьж, өөртөө ашигтай шийдвэрээ гаргаж яваа.

Ж.Батзандан гишүүн Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар мэдээлэл хийхдээ “ЖДҮ-гийн мөнгөний дэргэд юу ч биш. Өчнөөн ЖДҮ-гийн мөнгө шүү” гэх мэтээр нэг бус удаа харьцуулна лээ. Эрдэнэтийн 49 хувийн асуудал том л юм байгаа биз. ЖДҮ лав жижиг хэрэг биш. Том ч жижиг ч хулгай бол хулгай. ЖДҮ хулгайн асуудлыг жирийн иргэд мартана гэж найдах хэрэггүй. Жижиг дунд үйлдвэрлэл гэдэг дээдэст гэхээсээ жирийн иргэдэд илүү хамаатай сэдэв шүү дээ.

ЭХ СУРВАЛЖ:”АРДЧИЛАЛ ТАЙМС” ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Сэтгүүлч Б.Янжмаа

Хариулт үлдээх

Your email address will not be published.