Монгол дархлааг багш, эцэг эхээр дамжуулан багачуудад суулгана
2019 оны 3 сарын 17

Монгол дархлааг багш, эцэг эхээр дамжуулан багачуудад суулгана Монголчууд хүнээр хүн хийнэ гэдэг агуу философитай ард түмэн. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа хэмээн үзэж, хүүхдийг балчир наснаас нь аж амьдралд сурган дадлагажуулж, ахмад хүмүүсийн сургаал сонсож, үг даах, өл даах тэнхээтэй болгож өсгөн хүмүүжүүлдэг. Энэхүү сайхан уламжлалаа хадгалан үлдэж, өсөхөөс сурсан монгол хэлээ төгс сурч, ёс соёл, хэл соёл, өв соёл, түүх соёлоо өртөөлөн авч үлдэх зорилго өвөрлөсөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг.

Монгол Билэг Оюун сургууль цэцэрлэгийн цогцолборын ”Оюунлаг багачууд” цэцэрлэг ”Монгол дархлаа” хоёр сарын аян эхлүүлсэн нь цаг үеэ олсон, цаашид ч өрнөн дэлгэрэх өлзийтэй үйлсийг өрнүүлжээ. Эндэхийн багш нар бүгд монгол гар урлалаар хийсэн бүтээлээ дэлгэн үзүүлж, хүүхэд багачуудаа монгол ахуйтайгаа ойр шадарлуулан, эцэг эхчүүдийг ч энэхүү хөтөлбөртөө татан оролцуулж, цэцэрлэг, эцэг эхчүүд хамтын хүчээр монгол дархлаагаа үр хүүхдэдээ бат бэх суулгахаар мэрийж байгаа нь илт.

Эцэг эхчүүд дунд зохион байгуулж байгаа тэмцээн хэд хэдэн үе шаттай бөгөөд ”Монгол наадаан” сэдвээр өрнөж, оролцож буй эцэг эхчүүдийн танин мэдэхүйг бэхлэн, үр хүүхэддээ зааж сургах, хөндийрээд байсан язгуур соёлоо өндийлгэх эхлэл тавьж байгаа нь олзуурхууштай санагдсан. Цэцэрлэгийн эрхлэгч, хатагтай М.Гэрэлт-Од хэлэхдээ, ”Дэлхийн хөгжлийг дагах хэдий ч харийн соёлд хэт туйлширч, сохроор дууриах биш, үндэснийхээ язгуур соёлд суралцах, өв уламжлалаа хадгалан хөгжүүлэх чиглэлийг манай цэцэрлэг баримталж ажилладаг. Багш, эцэг эхчүүд, хүүхдүүд гэсэн гурвалсан холбоог бататгахын тулд бид олон төрлийн ажил зохион байгуулдагийн нэг нь ”Монгол дархлаа” аян. Хоёр сарын аяны хүрээнд ”Монгол дархлаа” хөтөлбөр эрчимжинэ. Монгол бол өнө эртний соёлт орон. Түүнийг бүтээгчид нь үе үеийн эрдэмтэн оюун ухаантан нар. Тэдний нэг нь XVIII-XIX зууны үед ардыг соён гэгээрүүлэхэд эрдэм ухаан, эх оронч сэтгэл зүтгэлээ гаргасан соёлын зүтгэлтэн То ван ард түмнээ соён гэгээрүүлэхийн тулд эхлээд өөрөө гэрийн өндөр боловсрол эзэмшсэн байдаг. Гэрийн өндөр боловсрол эзэмшинэ гэдэг нь монголчуудын эрт дээр үеээс удамжлан ирсэн сургалтын нэгэн хэлбэр байв. То вангийн үзэл баримтлал нь боловсролтой хүн улс эх орондоо ихийг бүтээхэд оршиж байсныг манай цэцэрлэг үргэлжлүүлэн өртөөлөн дэлгэрүүлж авч явах зорилго бий” гэв.Тус цэцэрлэг Хан-Уул дүүргийн хувийн хэвшлийн 104 цэцэрлэгээс 2018 оны шилдэг цэцэрлэгээр шалгарсан юм.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.