Эрдэнэт үйлдвэрийг ТӨҮГ болгох бэлтгэл хийгдэж эхэллээ
2019 оны 3 сарын 21

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан баг “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж, зургаан сарын онцгой дэглэмийг тогтоосон. Онцгой дэглэм тогтоосон үед Засгийн газар дангаараа шийдвэр гаргах бүрэн эрхтэй болдог. Өөрөөр хэлбэл, Засгийн газар онцгой дэглэм тогтоосон үед “Эрдэнэт” үйлдвэрийн өнөөгийн ТУЗ болон үйлдвэрийн захиргааны шийдвэрийг үл харгалзан, бүтцийг өөрчлөх, удирдлагын багийг солих, гэрээ хэлцэл цуцлах, хийх бүрэн эрхтэй гэсэн үг юм.

Иймд “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн статусыг өөрчилж Төрийн өмчит үйлчилгээний газар /ТӨҮГ/ болгон өөрчилж, мөн одоогийн захирал Х.Бадамсүрэнг чөлөөлж оронд нь АМГТГ-ын дарга Х.Хэрлэнг томилохоор бэлтгэж байгаа гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Хэрвээ “Эрдэнэт” үйлдвэр ХХК-г Төрийн өмчит үйлчилгээний газар болговол ТУЗ-гүй болж, Ерөнхий захирал нэг, орлогч захирал дөрөв, газар нэг, хэлтэс 16, цех 32 болгон өөрчлөх юм байна. “Эрдэнэт” үйлдвэрийг Төрийн өмчит үйлчилгээний газар болгох гэж буй талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ ТӨҮГ БОЛГОХ АСУУДЛЫГ ИРЭХ 7 ХОНОГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭНЭ

– “Эрдэнэт” үйлдвэрийг Төрийн өмчит үйлчилгээний газар болгох шийдвэрийг гаргаж байгаа гэх мэдээлэл байна. Үүнд ямар тайлбар хийх вэ?

– УИХын 23 дугаар тогтоолд “Эрдэнэт” үйлдвэрийг Төрийн өмчит үйлчилгээний газар болгохоор заасан байгаа. Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үйлдвэрийн бүтцийг өөрчилснөөр ТУЗ-гүй болно. Уг асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэх болов уу.

– “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

– Одоогоор албан ёсны мэдээлэлгүй байна. Тэр хүн ажлаа хийж байна. Ажлаа богино хугацаанд цэгцлэхийг шаардаж байгаа. 119 сая долларын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээг хийсэн ч одоог хүртэл нийлүүлээгүй нь тогтоогдсон. Тэгсэн мөртлөө төлбөрийнхөө 50 хувийг урьдчилж авсан байсан. Энэ бол гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудал учраас шалгаж байна. Зах, замбараагаа алдсан асуудлын нэг жишээ нь энэ юм. Тэндхийн цэгцтэй болгоныг одоо цэгцгүй болгож буй мэтээр зохион байгуулалттай мэдээлэл цацаж байна. Бүтцийн өөрчлөлт хийсэн. Гэхдээ нэг ч хүнийг нэмж томилоогүй байна. Үйлдвэрийн удирдлагын бүтэц нь жижгэрсэн.

– “Эрдэнэт” үйлдвэрийг ТӨҮГ болгосноор бүтэц нь яг яаж өөрчлөгдөх юм. Таван орлогч нь дөөв болох эсвэл цехүүдийн тоог багасгах мэт тодорхой өөрчлөлтийг хийх үү?

– Үйлдвэрийн удирдлага болон Төрийн өмчийн хороо хамгийн үр ашигтай байж болох түр бүтцийг Засгийн газарт оруулж ирэх ёстой. Үүний дараа бүх зүйл тодорхой болно.

– Шинэ бүтцийг бий болгосны дараа төр өөрийн хүнээ албан тушаалд томилох нь гэх хардлага байна?

– Стратегийн ордууд цэгцлэгдэх ёстой гэх байр, суурьтай байж ирсэн. Цэгцлэхээр ажиллахад “Коммунизм байгууллаа. Уул, уурхайн компанитай хүмүүс улс төрд зүтгэхэд хүндрэлтэй боллоо” хэмээн шүүмжилж байна. “Эрдэнэс Монгол” гэх компани стратегийн 400 гаруй ордын хоёрыг л мэддэг. Маш их баялагтай ч менежмент нь буруу явсны гол алдаа нь энэ юм. Ордуудыг нэгтгэж баялагийн санг бий болгох ёстой. “Эрдэнэс Монгол”д баялагаа нэгтгэх ёстой. Үүний дараа олон улсын зах, зээлээс хөрөнгө босгоно. “Эрдэнэт” үйлдвэрт ч мөн ийм болох ёстой. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар стратегийн ордуудтай холбоотой мэдээллийг нээлттэй сонсоно. Үүний дараа “Баялагийн сан” –ийн талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгнө. Ирээдүйн өв сангийн тухай хууль болон бусад хуулиудыг нэгтгээд Баялагийн сангийн нэгдсэн хуулийг Засгийн газраас өргөн барина.

– “Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банкинд төлөх зээлийг хүүг Засгийн газраас төлөөд явж байгаа гэх мэдээлэл бий. Энэ хэр бодитой вэ?

– Хариуцлагагүй үйлдлээс болж “Стандарт” банктай холбоотой асуудал үүссэн. Энэ асуудал ноцтой хэлбэр рүү гээ явж байна. 49 хувийг худалдан авахад оролцсон зарим этгээдүүдэд энэ төлбөр өндөр байх нь сонирхолтой байгаа. Үүнийг яаралтай шийдэхээс өөр аргагүй. Шадар сайдаар ахлуулсан ажлыг хэсэг ажиллаж байна. Удахгүй ажлын хэсгийн шалгалтын хариуг олон нийтэд танилцуулах байх.

– Цагаан суваргын ордыг төр өөртөө авах тухай мэдээлэл байна. Энэ үнэн үү?

– Хууль зөрчөөд өгсөн үү гэдгийг тогтооно. Төр хайгуул хийсэн стратегийн орд бол хамгийн багадаа 34 хувийг эзэмших ёстой. Гэтэл төр 0 хувь ч эзэмшдэггүй. Хуулийн дагуу бол асуудалгүй юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.