Д.Алтан-Очир: Хэрэглэгчид өөрсдөө бензиний үнийг бодитоор хянах боломжтой
2019 оны 4 сарын 6

Монголын бизнесийн акулуудын нэг, газрын тосны бүтээгдэхүүний салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлж, байр сууриа эзэлсэн компаниудын нэг бол Магнай Трейд групп билээ. Энэ жил 25 жилийн ойгоо угтаж буй энэхүү том айлын нэгэн удирдагч, Тэргүүн дэд захирал Д.Алтан-Очиртой компанийнх нь үүх түүх, одоогийн болон цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй ажлууд, хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа ямар бэлэг барихаар бэлдэж буй зэрэг сонирхолтой яриа өрнүүлснийг та бүхэнд хүргэж байна.


– Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө Монголын ТОП компаниудын нэг  Магнай Трейд-ийн түүх хэзээнээс бичигдэж эхлэв гэдгээр яриагаа эхлэе?

– Тэртээ 1994 онд Магнай Трейд Групп маань байгуулагдаж, эдүгээ 25 жилийн нүүр үзжээ. Энэ 25 жилийн хугацаанд газрын тосны салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж, бусад салбаруудад мөн бизнесээ тэлэн, эдүгээ нийт 1700 ажилтан албан хаагчийг нэгтгэсэн том групп болжээ. Улаанбаатар хот болон орон нутагт нийт 166 ШТС-тэй, үүний 67% нь орон нутгийн хэрэглэгчиддээ үйлчилж байна. Монгол улсын газрын тосны салбартаа 2 дахь том дэд бүтэц бүхий компани болсон байна.

– 25 жилийн ойгоо хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэхээр бэлдэж байна вэ?

– Шат дараатай ажлууд хийхээр төлөвлөөд байна. Групп дотроо ажилтнуудын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээс гадна нийгэмд чиглэсэн ажлууд, 25 жил бидэнтэй хамт байсан хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өчигдөр л гэхэд нийт ажилтнууд маань “Цусаа хандивлах аян” өрнүүллээ. Хамгийн сүүлд “Шатахуун дататай боллоо” сугалаат худалдаа явуулсан. Энэ урамшууллын онцлог нь хэрэглэгч бүртээ шатахуунаа авахаас гадна гар утасныхаа интернет хэрэглээг давхар хангах боломжийг олгосон. Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар буюу 3 сарын 8-нд супер азтанг шалгаруулж, Супер шагнал 2 өрөө байрны түлхүүрийг гардуулж өглөө. Мөн хэрэглэгчээ урамшуулах лояалти хөтөлбөртэй болохоор ажиллаж байна. Энэ мэтчилэн цаашид ажлууд үргэлжилнэ ээ.

– Танай салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

– Зарим хүмүүс шатахууны компаниуд овойж оцойтол их ашиг олоод байна гэж харддаг байх. Гэтэл бодит байдал дээр тийм байдаггүй. Шатахуун нь өнөөдөр суурь хэрэглээ болсон учраас шатахууны үнэ өсөх нь зөвхөн автомашинтай иргэдээс гадна бусад салбар, бараа үйлчилгээний үнэд нөлөөлөх замаар ард иргэдийн нуруун дээр ачаа болдог. Авсан үнээсээ бага үнээр зарна гэдэг компаниуддаа эргээд халтай нь ойлгомжтой. Салбарын хувьд 2017 оны сүүлээс 2018 оныг дуустал хүндхэн үе байлаа. Үнэндээ энэ салбарт ажиллаж буй компаниудын хувьд ашиг гэхээсээ илүү ард түмнийхээ ачааг хамт үүрэлцэх байдлаар л хүндхэн үеийг давлаа.

– Нефтийн салбарт байгууллагын нэр хүндийг унагах гэсэн явууллагууд янз бүрээр явагддаг. Шатахууны компаниуд үнээ тохиролцож нэмдэг, өөр бусад бодис хольдог гэх мэт батлагдаагүй хэрнээ үнэн юм шиг яриа ард иргэдийн дунд яваад байдаг?

– Тэгэхээр энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд бараг бүгд нэг нийлүүлэгчээс буюу ОХУ-ын Роснефть компаниас, яг ижил үнээр авдаг. Олон улсын суурь үнэ буюу Сингапурын биржийн үнэ барьж явдаг юм. Ханшийн мэдээлэл нь нээлттэй байдаг учраас хэрэглэгч өөрөө үнэ ханшийн мэдээллийг хянаад, бензиний үнэ ойрын ирээдүйд өсөх үү, буурах уу гэдгийг шууд мэдэх боломжтой. Худалдан авч байгаа үнэ, дээр нь хил, гаалийн татвар гэх мэтийг тооцвол, аль компани хэдэн хувийн ашиг нэмж байгааг ч мэдэх боломжтой.

Миний хувьд РБК главное гээд аппликэйшнээр дэлхийн үнийн мэдээлэл аваад явдаг.

Хэрэглэгчид өөрсдөө бензиний үнийг бодитоор хянах боломжтой.

– Бензиний чанарын талаар болоод дүүргэлт, шахалтын талаар бас нэлээд яригддаг?

– Манай компанийн баримталдаг тэргүүн зарчим бол “Чанар”. Энэ нь бидний үнэт зүйл юм. Хэрэглэгчиддээ чанартай шатахуун хүргэхийг л ганц зорилгоо болгож ажилладаг. Өөрийн гэсэн “Чанар хяналтын лаборатори”-той, байнга бүтээгдэхүүний дээжээс шинжилгээ авч, хянаж ажилладаг. Иргэдийн дунд шатахуунтай хольдог гэж хардах шалтгаан болдог орлох бүтээгдэхүүнүүдийг монголд оруулж ирж, шатахуун үйлдвэрлэдэг компаниуд бий. Гэхдээ энэ бол хориотой ч зүйл биш, бас мэдээлэл нь нээлттэй ил тод байдаг. Гаалийн мэдээнээс ямар компани хэрхэн оруулж ирж байгааг харж болно. Магнай Трейд компанийн хувьд тэдгээр орлох бүтээгдэхүүнүүдээс оруулж байсан нэг ч түүх байхгүй.

Манай компанийн баримталдаг тэргүүн зарчим бол “Чанар”

Шахалтын тухайд, бид олон улсад ашиглагддаг стандарт шаардлагыг бүрэн хангасан Швед түгээгүүрийг ашигладаг. Мөн түгээгүүрийн хэвийн ажиллагаа, шахалтыг хянаж шалгах ажлыг Монгол улсын хэмжээнд хийдэг мэргэжлийн байгууллагуудаас жил бүр тогтмол шалгалт хийдэг. Үүнээс гадна манай инженер техникийн ажилтнууд тогтмол үзлэг хийж ажилладаг. Мөн 24 цагийн турш Дуудлагын төвөөр хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн авч, газар дээр нь шийдээд явдаг. Бидний баримталдаг гол зарчим өмнө хэлсэнчлэн “Чанар”, хэрэглэгчид ч үүнийг мэддэг учраас бид нүүр бардам байдаг.

– Магнай Трейд компанийн сүүлийн үед хийж буй шинэ ажлууд болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаасаа хуваалцаач.

– Бид 25 жилийн ойн хүрээндээ нэн тэргүүнд “Хэрэглэгчийг халамжлах бодлого”-оо хөгжүүлж сайжруулахаар ажиллаж байна. Энэ хүрээндээ бид дэлхийн жишиг лояалти хөтөлбөрийг Монголд анхлан нэвтрүүлж буй U-Point хөтөлбөртэй албан ёсоор хамтран ажиллахаар болсон. Хэрэглэгчид литр тутмаас оноо цуглуулдаг болох, цуглуулсан оноогоо эргээд шатахуун авахдаа 50% хүртэл хөнгөлж авдаг байх, олон байгууллагад зарцуулах боломжтой болно. Дараагийн зүйл нь бид өмнөх жилүүдээс туршиж эхэлсэн “Өөртөө үйлчлэх ШТС” төслөө илүү өргөжүүлэхээр судалж байна. Одоогоор нэг ШТС дээр энэ систем хэрэгжээд эхэлсэн. Ерөнхийдөө 2019 оны уриа маань “дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ, лояалти хөтөлбөрөөр хэрэглэгчиддээ “чанар”-ыг түгээх” гэж ойлгож болно.

Монголын анхны нэгдсэн лояалти U-Point хөтөлбөртэй албан ёсоор хамтран ажиллахаар болсон.

– Та бүхэн яагаад U-Point хөтөлбөрт нэгдэх болсон бэ?

– Манай салбарын хувьд бүтээгдэхүүн болон үнийн ялгарал байхгүй учраас үнэнч хэрэглэгчээ нэмэх, тогтоон барих нь зах зээлд амжилттай ажиллах суурь хүчин болдог. Түгээлтийн сүлжээгээ өргөтгөх, брэндийн бодлого зөв байх, маркетинг, урамшууллын бодлого гээд олон зүйл үүнд нөлөөтэй. Бид өөрсдөө лояалти систем хөгжүүлэх үү, гадны програм худалдаж авах уу гэх мэтээр нэлээд судалсан юм. Үүн дотроос шигшээд U-Point-ыг сонгосон. Ер нь Монголын зах зээлд салбар, салбартаа томоохонд тооцогддог компаниуд нэгдээд хэрэглэгчиддээ бодит урамшууллыг олгох гэж байгаа энэ шинэ төсөл таалагдсан. Монголын групп компаниуд тус тусдаа өөрийн гэсэн лояалти хөтөлбөрүүдийг хийж байгаа жишиг одоо их бий. Эдгээр нь амжилттай, амжилтгүй олон янзын үр дүнтэй байгаа боловч тэр болгоны ард их хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацаа, хүн хүч зарцуулж байгаа. Олон улсын жишгээ харвал энэ зардлын давхардлыг арилгаж, хэрэглэгчийн олон хөнгөлөлтийн картыг нэгтгэх хувилбарыг дэмжиж байгаа.

– U-Point хөтөлбөрт нэгдсэн нь хэрэглэгчдэд ямар боломж олгох вэ?

– Хэрэглэгч талаасаа харвал хүнс, үүрэн холбоо, сүлжээ дэлгүүр зэрэг өргөн хэрэглээний барааны хөнгөлөлт дээр өдөр тутмын хэрэглээ болсон шатахууны хөнгөлөлт нэмэгдвэл илүү тааламжтай болно гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл Магнай трейдээс шатахуунаа худалдан аваад U-Point оноотой болж, тэр оноогоороо буцаад манайхаас шатахуун авч болохоос гадна, хөтөлбөрт нэгдсэн бүх байгууллагуудаас худалдан авалт хийж болох юм. Энэ нь манай компанид, манай хэрэглэгчидэд илүү таатай нөхцөл, давуу тал, боломжуудыг бий болгоно гэж итгэж байна.

Магнай Трейд ХХК-ийн урамшуулалт хөтөлбөрүүдийн талаар:

https://www.facebook.com/magnaitrade/ хуудсаар аваарай.

Дуудлагын төв: 78001010

U-Point хөтөлбөртэй нэгдэхийг хүсвэл: https://www.facebook.com/upoint.mongolia/ пэйж хуудас болон Хэрэглэгчийн үйлчилгээний 77774422 утсаар холбогдоорой.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.