АРХАНГАЙ: Суварга хайрхан уулыг тахина
2019 оны 4 сарын 9

Архангай аймгийн ИТХ-ын шийдвэрээр Төрийн тахилгатай, Суварга хайрхан уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолыг 2019 оны 6 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулах тов гарчээ. Тус хайрханыг 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат уул болгож байв. Төрийн тусгай хамгаалалтад авч, тогтооосон цаг хугацаанд төр, түмнээрээ тахиж шүтэн дээдэлдэг уулыг төрийн тахилгат уул гэдэг байна.

Суварга хайрханы тахилгын ёслолыг 2009, 2014 онуудад хийж байв. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Суварга хайрхан уул нь далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн. Хангайн уулархаг мужид багтах уул юм. Тус хайрхан нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм. Нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулыг эртнээс тахин шүтэж, эр хүн жил бүр ууланд гарч хийморио сэргээдэг уламжлалтай ажээ.

Манай улсад “Суварга хайрхан”, “Алтай таван богд”, “Алтан хөхий хайрхан”, “Алтан овоо”, “Богд Хан-уул”, “Бурхан Халдун”, “Говь гурван сайхан”, “Хан хөхий хайрхан”, “Богд Очирваань Отгонтэнгэр”, “Сутай хайрхан” гэсэн төрийн тахилгат арван уулс байдаг байна.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.