Г.Эрдэнэбат: Д.Булган хэргийн яллагдагч хэвээрээ байгаа
2019 оны 4 сарын 10

 

-Та бид хоёр нэг жилийн өмнө “Цензургүй яриа”-нд оролцож байсан. Тухайн үеийн нөхцөл байдал, одоо үүсээд байгаа нөхцөл байдал хоёр огт өөр байна. Улсын нууцад хамаарахаас бусдыг нуухгүйгээр цензургүй ярьж чадна гэж итгэж болох уу?

-Нэгдүгээрт би прокурор биш болсон, иргэн Г.Эрдэнэбат. Хоёрдугаарт хуульч хүн, энэ хэрэг дээр ажиллаж байсны хувьд мэдэх зүйлээ харьцангуй цензургүйгээр ярьж чадах байх аа.

-Та прокурорын байгууллагад нийт хэдэн жил ажилласан бэ?

-Есөн жил.

-С.Зориг агсны хэрэгт хэдийнээс хяналт тавьж эхэлсэн бэ?

-2013 оны дөрөвдүгээр сараас 2016 оны есдүгээр сар хүртэл ажилласан. Тэр үед ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод ажлын хэсгийн ахлагчаас болиулсан.

-Яагаад ажлын хэсгийн ахлагчаас болиулсан юм?

-2011 онд ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг прокуророор ахлуулж ажиллаж эхэлсэн байдаг. Тухайн үед Нийслэлийн прокуророор ажиллаж байсан н.Бат-Орших ахалж байгаад 2013 оны дөрөвдүгээр сараас би ахлах болсон. Уг хэрэг гүйцэтгэгч нарын түвшинд илэрсний дараа 2016 оны наймдугаар сараас хэргийг хоёр хэсэг тусгаарласан. Гүйцэтгэгч нартай холбоотой хэрэг УДШ-ээр 2019 оны наймдугаар сард шийдэгдэж дууссаны дараа захиалагч нарыг шалгах ажлын хэсгийг прокуророор ахлуулах шаарддлагагүй юм байна гэж үзээд ажлын хэсэгт өөрчлөлт оруулсан. Нэг үгээр би энэ ажлын хэсэгтэй хамаагүй болсон.

-Гүйцэтгэгч нартай холбоотой хэргийг мөрдөн шалгаад, илрүүлээд, гурван шатны шүүхээр шийдэх хүртэл та ажлын хэсгийг ахалсан гэж ойлгож болох уу?

-Үндсэндээ тийм.

-Танай ажлын хэсэгт нийтдээ хэдэн мөрдөн байцаагч, хэдэн прокурор ажилласан бэ?

-Мөрдөн байцаагчийн хувьд тагнуулын ажлын хэсэгт гурав, цагдаагийн ажлын хэсэгт нэг хүн ажилласан. Гүйцэтгэх ажилтан хэд ажилласныг би нарийн хэлж болмооргүй байна. Дээр нь хэлэхэд яг нарийн тоог нь би мэдэх ч үгүй. Яагаад гэвэл гүйцэтгэх ажилтнууд цаашаа туслах ажилтан элсүүлээд, өөрсдийн ажиллагаандаа татаж оруулаад ажилладаг. Энэ нь тагнуул, цагдаагийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаа. Хэдийгээр ажлын хэсгийн ахлагч боловч нууц далд явагддаг гүйцэтгэх ажилд ямар хүн, хүч ашиглаж байгааг төдийлөн мэддэггүй талтай л даа.

-Прокурор тэр болгонд хяналт тавьдаггүй юм уу?

-Гүйцэтгэх ажлын тухай хуулиар прокурорын үзэх, харах хязгаар бий. Прокурор таван төрлийн зөвшөөрөл өгдөг, тухайн үеийн хуулиар. Тэр таван төрлийн зөвшөөрөлтэйгээ холбоотой асуудлыг л үздэг, хянадаг. Тэр таван төрлийн зөвшөөрөл өгсөнтэй холбоотой асуудлыг үзэхдээ ч гүйццэтгэх ажлын тухай хуулиар нууцлахыг шаардсан зүйлүүд байдаг. Эх сурвалж, ашигласан техник хэрэгсэл, түүнд оролцсон нууц ажилтнуудын тухай мэдээллийг үзэх, харах нь хязгаартай, хориотой.

-Хяналт тавьж байгаа прокурортоо хүртэл үү?

-Тийм. Одоогийн хуулиар ч бас бүрэн дүүрэн мэдэх бололцоогүй.

-Тэр нууцыг хэн мэддэг юм?

-Мэргэжлийн албад нь л мэднэ шүү дээ. Энэ ажилд надаас гадна хоёр прокурор, мөрдөн байцаагч хяналт тавьж ажилласан.

-Саяхан таныг албан тушаалаас чинь чөлөөлсөн. Чөлөөлсөн явдал Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой байсан уу? Тэр бичлэг ил болсноос болж танд хариуцлага тооцож огцруулсан уу?

-Яг ямар байдлаар үнэлж дүгнэснийг би бүрэн утгаар нь мэдэхгүй. Мэдээж энэ асуудалтай холбоотой байх. Ер нь бол миний УЕП-ын орлогчоор ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусчихсан байсан. Гэтэл энэ үйл явдал их өвөрмөц байдлаар өрнөөд, түүнтэй холбоотой хариуцлагын асуудал яригдсан. Хууль зүйн хариуцлагын асуудал бол тусдаа байх.  Энэ бол гэмт хэрэг, хүний эрх, эрх чөлөөнд халдсан ноцтой үйл явдал болсон. Үүнийг хуулийн байгууллагууд шалгаж байгаа.

Ер нь бол 2018 оны арванхоёрдугаар сараас авахуулаад албан ёсоор хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хууль бусаар хүч хэрэглэн эрх чөлөөнд нь халдсан явдал байна уу? гэдгийг шалгаад явж байсан. Дараа нь энэ асуудал дуулиан болоод ҮАБЗ, УИХ-ын чуулган, сүүлдээ бүр сэтгүүлчдэд хүртэл үзүүлсэн тэр нотлох баримт илрээд, 2019 оны гуравдугаар сарын 15-нд энэ хэрэгт холбоотой хүмүүсээ бариад яллагдагчаар татсан. Шүүгчийн захирамж гараад цагдан хорьсон.

Харин үүнээс хойш тодорхой зарим улстөрч албан тушаалтан мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтыг олж авсан байдаг.

-Энэ хэргийг хаана шалгасан юм?

-АТГ-т харьяалал тогтоогоод шалгаж байсан. Нотлох баримт бол тагнуулын байгууллага дээрээс илэрсэн. Тэгээд хоёр хүнийг яллагдагчаар татсан албан ёсны шийдвэр нь 2019 оны гуравдугаар сарын 15-нд гарсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоо ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хэргийг зохион байгуулсан, удирдан зохион байгуулсан гэгдээд байгаа хүмүүс ч шалгагдах байх. Хууль зүйн хариуцлага яригдах байх. Харин зэрэгцээд улс төрийн хариуцлага ч юм уу, шүүлт ч юм уу нэг юм юм болчихлоо.

-Тэр бичлэгийг АТГ илрүүлсэн юм уу?

-АТГ-аас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад олж тогтоосон.

-2018 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Ж.Батзандан Байнгны хорооны хуралдаан дээр “Хорих байранд эрүү шүүлт явуулсан байна. Эмэгтэй хүний өрөөнд эрэгтэй хүн оруулсан байна” гэж ярьсан. Нэг жилийн өмнө бид хоёр ярилцлага хийх үед та “Содномдаржаа, Чимгээ нарын хоригдож байгаа нөхцөл байдалд байнгга хяналт тавьж байгаа. Усанд оруулж, эмчид үзүүлж байгаа” гэж ярьж байсан. Гэтэл эрүүдэн шүүсэн нь үнэн байсан. ЖБатзандангийн ярьсан үнэн байсан. Одоо та юу хэлэх вэ?

-Нөгөөхөө л хэлнэ. Нэгдүгээрт, прокурор цагдан хорих байрны нөхцөл байдлыг шалгасан. Цагдан хорих байранд гарсан нөхцөл байдлыг шийдсэн, холбогдох албан тушаалтанд нь хариуцлага тооцсон. Прокурор өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд ажилласан.

-Б.Содномдаржааг 17 удаа эмчид үзүүлсэн. Т.Чимгээг мөн тооны удаа эмчид үзүүлсэн гэж хэлсэн тар хэлж байсан шүү дээ?

-Үнэн шүү дээ. Тэр тоо ерөөсөө өөрчлөгдөхгүй. Одоо яриад байгаа хавирга хугарсан гэдэг чинь тухайн үед хавирга хугараагүй байна аа л гэж гарсан. Прокурор өөрт байгаа эрх хэмжээний хүрээнд, өөртөө байдаг арга хэрэгслээр л хяналтаа тавина. Түрүүн хэлсэнчлэн цагдан хорих байранд явуулсан зарим арга хэмжээ гүйцэтгэх ажлын арга хэмжээ байсан. Гүйцтгэх ажлын нууц эх сурвалжийг нууцлах шаардлагын үүднээс зарим зүйлийг танилцуулах боломжгүй гэсэн. Прокурорын эрх хэмжээ хязгаарлагдсан тийм л үйл явдал болсон. Нарийн яривал өнөөдөр ч гэсэн зарим зүйлийг шалгаж эцэслээгүй байгаа шүү дээ. Бичлэгийг шалгаж, хэн юу зохион байгуулсан, хэдийгээс ямар хугацаанд энэ үйл явдал болсон бэ? гэдгийг хуулийн дагуу шалгаад хууль зүйн дүгнэлт гарах ёстой. Энэ нь уг нь дуусаагүй байгаа. Ийм баримт олдлоо, үүнийг шалгая. Жинхэнэ бичлэг мөн үү, хэзээ болсон үйл явдал вэ, үүний ард хэн байсан, яагаад тухайн үед прокурорын мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын бусад хяналтаар илрээгүй вэ? гэдгийг шалгаж тогтоох ёстой. Цагдан хорих байрны нөхцөл, дэглэм бол ШШГБ-ын хариуцдаг ажил л даа. Яагаад өнөөдөр ийм маргаантай нөхцөл байдал үүсэв, тухайн үед цагдан хорих байранд хичнээн хүн байсан гэх мэтчилэн бүгдийг шалгана.

-Энэ ерөөсөө цагдан хорих байрны ахуй нөхцөл, дэглэмтэй холбоогүй асуудал. Тэр эрүүдэн шүүсэн бичлэгийг би үзсэн. Та бас үзсэн байх, тийм үү?

-Сүүлд үзсэн.

-Бичлэгт тэр хүмүүсийг үнэхээр байж боломгүйгээр дарамталж, доромжилж байна лээ. Үүнд л хяналт тавих гэж та прокурор хийж байгаа биз дээ?

-Үүнтэй холбоотой миний хүлээсэн үүрэг хариуцлага юу байсан бэ, үүнийгээ хангалттай хийж чадсан уу, үгүй гэдэг дээр би хууль зүйн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна.

-Хангалттай ажлаа хийгээгүй байна шүү дээ. Та эрүүдэн шүүснийг мэдээгүй байна шүү дээ?

-Өнөөдөр тэгж дүгнэж облно. Гэхдээ үүний цаана ямар асуудал байна вэ гэдгийг би хэлсэн. Миний хардаг, хянадаг юмны хэмжээ хязгаар гэж бий. Тэр хэмжээ хязгаарынхаа дотор үзээд илрүүлж болох байсан байна уу? гэдгийг шүүхийн дүгнэлт шийднэ. Түүнд нь хууль зүйн хариуцлага тооцно гэвэл асуудал алга.

-Энэ эрүүдэн шүүсэн асуудлыг мэдээгүй өнгөрсний төлөө танд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэвэл та хүлээх үү?

-Хүлээнэ шүү дээ. Би хүлээхгүй гэсэн ч хүлээлгэчихнэ. Хэрвээ миний гэм буруу тогтоогдвол би мянга түмэн удаа өөрийгөө зөвтгөж яриад нэмэргүй. Харин наана нь ямар асуудал болоод байна вэ гэхээр Гүйцэтгэх ажлын тухай хууль гэж юу байна, тухайн үеийн ЭБШХ болон ЭХХШТХ (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай) ямар байсан, тэр хуулиар прокурорт ямар эрх хэмжээ байсан, юуг олж үзэж чадах, юуг үзэж чадахгүй байсан гэдгийг ярихаасаа илүү нэг улстөрч албан тушаалтан улс төрийн яллагчийн үүрэг гүйцэтгээд, хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүх хурал болгож хувиргаад, олон нийтээс “эрүүдэн шүүгч”, “хэрэг зохиогч” гэсэн нэр ч юм уу, ял ч юм уу өгсөн ийм л үйл явдал болоод байна.

Би түрүүнээс хойш хэлж байна. Энэ бол хууль зүйн асуудал, эрүүгийн хэрэг юм аа. Эрүүгийн хэргийг Монгол Улсад ямар байдлаар шалгаж шийдвэрлэдэг вэ, түүгээрээ л шалгаад шийдвэрлэчих. Эрүүгийн хэргээ үүсгэ, яллагдагчаар хүмүүсээ тат. Хэн нь ямар хэмжээний үүрэг хуулиар хүлээсэн, түүнийгээ биелүүлсэн үү, үгүй юу? Ингэж яваад цаашаа хуулийн хариуцлагад хүрэх ёстой. Өөр ямар ч асуудал байхгүй.

-Таны шалгаж байсан хэрэг дээр чинь хүн эрүүдэн шүүлгээд, түүнээсээ болоод онц хүнд хүн амины хэрэг хүлээгээд явж байна шүү дээ. Тэр бол байж болохгүй асуудал. Та энэ хэргтээ хариуцлага хүлээгээд ял авлаа гэхэд аль хэр ял авах вэ? Эрүүгийн хуулиар авах уу, эсвэл сахилгын шийтгэл ногдуулах уу?

-Би өөрөө өөртөө хууль зүйн дүгнэлт өгмөөргүй байна. Эрүүгийн хариуцлага бол эрүүгийн хариуцлага л биз. Би харин нэг зүйл дээр эсрэг зогсоно. Эрүүдэн шүүгээд энэ хүмүүст хэрэг хүлээлгээд, хилсээд хүн шийтгэчихсэн гэж яриад байгаа. Эрүү шүүлттэй холбоотой асуудал бол буруу байна. Үүнийг шалгана. Хэн буруутайг тогтоогоод хариуцлага хүлээлгэх бол ерөөсөө асуудал биш.

-Эрүүдэн шүүсэн дээр таны ажлы алдаа гарсан уу?

-Өөртөө байгаа хууль зүйн бүх хэрэгслээр шалгаж, шийдвэрлэж байсан учраас би яг жилийн өмнө “прокурор ажлаа хийсэн” гэж ярьж байсан. Одоо ч үүнийгээ л ярина. Гэхдээ хэрвээ шалгадаг байгууллага нь шалгаад “ийм зүйл дээр буруутай байна аа” гээд тогтоовол тэр л биз дээ. Тэр бол бултаж бусгаад, олон нийтийн өмнө өөрийгөө өмгөөлснөөр шийдэгдэх асуудал биш.

Харин энэ ярианд дунд, энэ хэргийн дүйвээнээр энэ хүмүүсийн гэм бурууг нотолсон бусад нотлох баримтууд үгүйсгэхдэхгүй шүү. Энэ хүмүүсийг эрүүдэн шүүгээд хэрэг хүлээлгэчихсэн гэдэг яриа бол хэргийн хүрээнээс хальсан хийсвэр дүгнэлт.

-Яагаад?

-Энэ хүмүүсийг үйлдэл, хэргийг маш олон өөр баримтаар тогтоосон, нотолсон. Хавтаст хэрэгт авагдсан тэр баримтууд шүүхэд очиж үнэлэгдээд шүүхийн шийдвэр гарсан. Яг нарийн яривал хоёр ч удаагийн төрийн шийдвэрээр энэ хэрэг ил болсон. 2017 оны гуравдугаар сарын 10-нд тухайн үеийн Ерөнхийлөгч С.Зориг агсны хэргийг материалыг ил болгох хэрэгтэй гэдэг үүргийг тухайн үеийн хуулийн дагуу ТЕГ-т өгөөд, ТЕГ-ын дарга бүрэлдэхүүн тогтоож шинжээч гаргаад энэ хэргийг нууцаас гаргасан. Одоо хэн хүссэн нь очоод хэргийн материалтай танилцаж болно.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлигаар энэ хэрэг нууцаас гарсан. Прокурор н.Сандагдорж гарч ирээд МҮОНТВ-ээр мэдэгдэл хийгээд зарим бичлэгийг үзүүлсэн. Прокурорт хэн ийм үүрэг өгөх вэ?

-Улсын ерөнхий прокурор л өгсөн байх даа, хуулиар аа.

-Ерөнхийлөгч яагаад ийм зарлиг гаргасан юм бэ?

-Миний санаж байгаагаар энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдлсэний дараа нийгэмд “Яагаад ийм нууц далд хэргийг шийдчихэв. Шүүх хурал яагаад хаалттай болов” гэсэн хардлага, шүүмжлэл байсан. Тийм учраас энэ зарлигийг гаргасан байх. Үүгээр 74 хуудас матераил нууц хэвээр үлдэж, 14926 хуудас материал ил болсон. Үүнээс яг нэг жилийн дараа буюу 2018 оны гуравдугаар сарын 27-нд хуульд өөрчлөлт орсон шалтгаанаар Засгийн газар тогтоол гаргаж дахиад энэ хэргийг нууцаас гаргасан. Хоёр ч удаа нууцаас гаргачихсан энэ хэргийн материалтай хэн дуртай нь танилцаж болно. Тэгээд Б.Содномдаржаа хэрэг хүлээсэн байна уу, эсвэл өөр баримтаар хэрэг нь нотлогдож уу? Т.Чимгээ хэрэг хүлээж үү, өөр зүйлээр нотлогдож уу? гэдэг тодорхой харагдана.

-Монгол Улсын Ерөнхийлөгч дуртай цагдаа зарлиг гаргаад, прокурорт үүрэг өгөөд хэргийн материалыг төрийн нууцаас гаргах эрхтэй юу?

-Яг энэ зарлиг дээр нь бичээтэй байна. Төрийн нууцын тухай хуулийн 4.2-т заасны дагуу Ерөнхийлөгч зөвшөөрөл өгч, Ерөнхийлөгчийн зөвшөөрлийн дагуу мэргэжлийн байгууллагууд нь ил гаргаж болох материалаа ил гаргадаг хуультай байсан.

-Миний санаж байгаагаар зарлиг гаргаж, хэргийг төрийн нууцаас гаргаад н.Сандагсүрэн прокурор мэдээлэл хийх үед хэрэг шүүхээр хянагдаж дуусаагүй байсан. Дээд шүүхэд даваад явж байсан. Гэтэл дээд шүүхийн хуралдаан болоохоос өмнө прокурор гарч ирж ярилцлага өгсөн. Энэ яриа шүүхэд нөлөөлж болох уу?

-Тухайн үед мөрдөгдөж байсан ЭБШХ-иар хэрэг маргааныг шийдвэрлэхэд давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна гэсэн зохицуулалттай байсан. Нийслэлийн шүүх хэргийг давж заалдах шатны шугамаар хэлэлцээд дуусчихсан байсан. Тухайн үед прокурорын байгууллага “энэ хэрэгт хэн ямар гэм буруутай вэ” гэдэг дээр шүүх асуудлыг эцэслээд шийдчихсэн учраас хэргийн тухай мэдээлэх нь зүйтэй юмаа гэдэг ийм л дүгнэлтэд хүрсэн.

Харин хяналтын шатны шүүхээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үү, зүйлчлэл нь зөв үү? ЭБШХ-ийг ноцтой зөрчсөн гэж үзэх арав гаруй тохиолдол байдаг, тэр тохиолдол нь гарч уу, үгүй юу гэдгийг л хянадаг хурал юм л даа. Хэрэг зөв үү, буруу юу гэдгийг тэнд ярихгүй учраас хэрэг шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөхгүй гэж үзээд мэдэгдэл хийсэн.

Хариулт үлдээх

Your email address will not be published.