ЧУУЛГАН: Түр хороо байгуулах төслийг хэлэлцэхийг дэмжив
2019 оны 4 сарын 12

2019-04-12-Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд нарын таван гишүүний санаачилсан юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

С.Зориг агсны амь насыг 1998 онд гэрт нь хөнөөсөн. Зарим улстөрч мэдэхгүй сонсоогүй юм шиг явж байна. Ж.Наранцацралт , О.Дашбалбар, О.Энхсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга асан Ц.Дангаасүрэн агсан, цааш яривал н.Төмөр-Очир гуай яагаад алагдав. Яривал олон юм байгаа. 20, 21 дүгээр зуун Монголын эх орончдын амийг хөнөөсөн зуун байсан. Энд байгаа улстөрчид мэдэхийг хүсдэггүй. Бүх юм утга учиртай.  Гэтэл манай УИХ-ын гишүүд яагаа ч үгүй гээд яриад сууж байна. Ичих хэрэгтэй.

Хэдхэн сарын өмнө УИХ-ын гишүүд та нар дохионы хэлээр ярьдаг байсан шүү дээ.  Н.Энхбаярын нэрийг хэлж чадахгүй хамар амаа заадаг байснаа мартсан уу. Ордон дотор гишүүд дохионы хэлээр ярьдаг байсан. Энэ хэргийг шалгуулъя гэхээр ихэнх нь зугтдаг байсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:  

1998 оны аравдугаар сарын 2-нд хэрэг гардаг орой хоёр том мэргэжлийн алдаа гарсан. Хэргийн газар дээр 75 хүн ороод гарсан. Энэ нь хэрэг илрэхгүй байхад асар их нөлөөлсөн. Хойшлуулшгүй авах хатуу арга хэмжээг авч чадаагүй. Ийм хоёр ажил хийгээгүй. Энэнээс болоод замхарсан. Гуравдугаарт, шалгадаг газар нь хоёр газар байгуулагдсан. Тагнуул дээр, цагдаа дээр. Мэргэжлийн хувьд асар том алдаанууд гарсан учраас хүндэрсэн.

Өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын, Цагдаагийн нэг, нэг ажилтныг прокуроруудад шахалт үзүүлж байцааж байна.

Ж.Батзандан гишүүний хэлсэн үгэнд ортой юм бий. Энэ хэргийг илрүүлэхийн төлөө явсан хүнийг мөрддөг, мөшгөдөг юм бий.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Ц.Нямдорж сайд аа, та түр хорооны ажлын хэсэгт орох уу. Орвол ашиг сонирхол орох юм биш биз. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа нөлөөлчих вий.  Ажлын хэсэгтээ арга мэргэжлийн хувьд чиглүүлээд явчхаж болдоггүй юм уу. Түр хороо ямар үр дүнд хүрээд татан буугдах вэ. Маш олон хаалттай хэргүүд бий.  1998 оноос хойш 2015 он хүртэл маш олон хэрэг болсон. Дамирангийн Энхбатын хэрэг гээд. Энэ бүх хэргийг ил болгох боломж байна уу.

Намайг мөрдөж мөшгөдгөө хэзээнээс зогсоох вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:  

Би дэд хорооны ажлын хэсэгт орно. УИХ-ын удирдлага, намынхаа бүлэгт санал тавьж байгаад орно. 1937 оны арга хэлбэрийг таслан зогсоохын тулд чадах бүхнээ хийнэ. Хардана уу сэрдэнэ үү хамаагүй.  Айхгүй, би ажиллана. Надад бас туршлага байна. Хамт ажиллах гишүүдэд бас ажиллах бололцоо олгох үүднээс орно. Хэдэн хэрэг үүсгэсэн ч падгүй. Тэр хэрэг үүсгэхээс айхаа болиод 30 жил болсон.

Мөрдөж мөшгөсөн асуудалд тайлбар хийхэд УИХ-ын гишүүд уулзалт хийхэд согтуу хөлчүү хүмүүсээс эхлээд өөр бодолтой хүмүүс ирж маргаан гарч, зодоон нүдээн гарах гээд байдаг. Ийм юм болчих вий гэдэг үүднээс цагдаа аюулгүй байдлыг хангах зорилгоор уулзалт дээр ороод гардаг нь ажлаа л хийж яваа хэрэг.

Одоо иймэрхүү хардлага яваад байгаа бол цагдаа явуулахаа болъё. Аюулгүй байдлаа өөрсдөө хангаарай. Дараа нь аюулгүй байдал хангасангүй гээд юм ярив.

Эрдэнэт чамайг уулзалт хийхэд хоёр цагдаа ороод гарсан байна лээ. Ямар ч мөрдөж мөшгөх юм болоогүй. Жи таймын хохирогчид уулзалтад олон очсон учраас аюулгүй байдлыг нь хангах зорилгоор л очсон.

УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Л.Гансүхийн мэт хэргийг ажлын хэсэг судална гэж ойлгосон. Судлагдах байх. Судлах шаардлага байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

1998 оноос хойш 2015 он хүртэл нууц гэдэг шалтгаанаар хэрэг үүсгээд заримд нь ял өгөөд хаасан байдаг. Энэ хэргийг ил болгох боломж байна уу.

4000 хүнийг Эрдэнэтийн тагнуулын газрын дарга залилсан байхад яагаад анхаарахгүй байна вэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

Жи таймын хэрэг шалгагдаж байгаа. Жаахан хэдэн төгрөг үлдсэнийг хохирогч нарт хуваагаад өгчихөөч гэсэн хүсэлт ирсэн. Хараахан шийдвэр гараагүй байна.

Хариуцлагад татах эсэх нь прокурорын хийдэг ажил. 2017 онд баталсан Прокурорын хууль тийм болсон. Нууцын журмаар шийдвэрлэгдсэн хэргүүд тагнуулынх. Цагдаа дээр ийм хэрэг байхгүй.

УИХ-ын гишүүн Л.Болд:

21 жилийн дараа анх удаа энэ хэргийг УИХ дээр ярьж байна. Өөр тийшээ халтирмааргүй байна. О.Баасанхүү гишүүн хүн болгон руу дайраад, огт хамаагүй гүтгэлгүүдийг зориуд хийгээд байгаа шүү.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Санал хураалтад 50 гишүүн оролцсоноос 37 нь дэмжсэн юм.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.