Капитал банк дампуурч, Ардчилсан нам бүлэггүй болсноо зарласан долоо хоног
2019 оны 4 сарын 14
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн гол үйл явдалуудаас онцолвол, Капитал банк дампуурав. Ардын багш нар алдаа оноогоо ярилцаж чууллаа, АН бүлэггүй болсноо албан ёсоор зарлав. Түрээсийн орон сууцын журмыг Засгийн газраас батлав гэх мэт олон үйл явдал өрнөв. Ингээд онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Капитал банк дампуурав
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн Капитал банк үүд хаалгаа барилаа. Цагаан сарын өмнөөс тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгө өгөх үйл ажиллагаагаа Улаанбаатар банк, Төрийн банк руу шилжүүлсэн байдаг. Мөн зарим салбаруудаа татан буулгасан юм. Монгол банкны Ерөнхийлөгчийн шийдвэрээр Капитал банкийг татан буулгав.Kапитал банкны үйл ажиллагаа 2015 он буюу дөрвөн жилийн өмнөөс доголдож эхэлсэн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын яриа баталсан. Мөн Олон улсын валютын сангаас Капитал банкийг дампуурах эрсдэлтэй гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн өрийн дарамт Засгийн газарт өрийн дарамт үүсч байна. Тэтгэврийн даатгал гэхэд олон талын төлөөлөлтэй байдаг. Энэ хүрээнд 104 тэрбум төгрөг байршиж байсан.

Эрүүл мэндийн даатгалаас 134.9 тэрбум. Нийлүүлэхээр 240 гаруй тэрбум нь даатгалын мөнгө болж байгаа юм. Үндсэндээ 2007 оноос бага хэмжээтэй байршиж байгаад 2013, 2014 онд 100, 100 тэрбумаар нэмэгдээд энэ хэмжээнд очсон. 2016 оны наймдугаар сараас мөнгө нэмж байршуулаагүй. Гурав дахь нь Хөгжлийн банкны 52 тэрбум. Дөрөв дэх нь 47 тэрбум буюу ЖДҮ-гийн мөнгө байршиж байжээ.  Дээр нь Анагаах, Боловсролын их сургуулийн зургаан тэрбум төгрөг байршиж байсан.

Түрээсийн орон сууцын журмыг баталлаа
Засгийн газрын өнгарсан лхагва гарагийн хуралдаанаар Түрээсийн орон сууцыг түрээслэгчдэд өмчлүүлэх журмыг баталсан билээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Иргэдийн хүсэлтийн дагуу түрээслээд орон сууц ашиглаж байгаа иргэд тухайн түрээслэгч байгууллагадаа хүсэлт гаргаснаар өмчилж авч болно. Үүний тулд тухайн байрны төлбөрийн 30 хувийг төлж, улмаар ипотекийн зээлд хамрагдах замаар өмчилж болно.Мөн төлбөрийн чадвартай бол тав хүртэлх жилийн хугацаанд сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлж түрээсийн орон сууцны худалдан авч болно. Журам өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ. Гэхдээ түрээсийн орон сууцны сангаас түрээсээр ашиглаж байгаа орон сууцнууд уг журамд харагдана” гэв.

АН бүлэггүй болсноо зарлав
УИХ дахь АН-ын бүлэг Мягмар гарагт хуралдаж УИХ-д бүлэггүй болсноо зарлалаа. Хуралдааны дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болж албан ёсоор бүлэг тарснаа пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргад мэдэгдэнэ.Гэхдээ бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдагаараа явуулна. Зөвлөлийн хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдэж байна” гэсэн юм.Бүлэггүй болсноо УИХ-ын даргад мэдэгдэхийн зэрэгцээ зөвлөл байгуулах талаар долоон гишүүний гарын үсэг бүхий албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлнэ гэв. Зөвлөлийн даргаар Д.Эрдэнэбатыг улираан томилжээ.

Ардын багш нар алдаа оноогоо дэнслэв
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын багш нарын VII их хурал хоёр өдөр Төрийн ордонд боллоо. Хурлаар Хууль эрх зүйн шинэчлэл, Сургалтын бодлого, Багшийн хөгжил, ёс зүй, Багшийн үнэлэмж гэсэн асуудлаар 47 мянга гаруй багшийг төлөөлж 800 багш чуулсан байна.Энэ удаагийн их хурлаар 2005 оноос 11 жилийн тогтолцоонд, 2008 оноос 12 жилийн тогтолцоонд шилжсэн ерөнхий боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн ололт, амжилт, сургамжийг нэгтгэн дүгнэх, Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлийн хэрэгжилт, багшийн өмнө тулгамдаж асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцжээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихад Монгол цэргүүдийг дайчилна
Лхагва гарагт Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан төмөр замын талаар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийлээ.Тэрбээр “Өнөөдрийн гарсан Засгийн газрын тогтоолоор Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 414.6 километр төмөр замыг Монгол Улс өөрийн дотоодын бололцоог ашиглан барих боллоо. Энэ жил Эрдэнэс Таван толгойн цэвэр ашиг 807 тэрбум төгрөг болсон ба үүний 750 тэрбум төгрөгийг Монголын төмөр замын бондыг худалдаж авах зарчмаар дотоодын бүтээн байгуулалт болгохыг батлаад байна.

Ингэснээр дотоодын бүтээн байгуулалт болох юм. Бонд гаргагч нь Монголын Төмөр зам, бонд худалдаж авч буй байгууллага нь Эрдэнэс Таван толгой харин гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч нь Монгол Улсын зэвсэгт хүчний жанжин штаб юм. Өөрөөр хэлбэл бид цэргийнхээ хүч, бололцоогоор бүтээн байгуулалтыг босгох юм.

Үүнд 1,800 цэргийн албан хаагч оролцох ба санхүүгийн асуудал шийдэгдсэн тохиолдолд тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ” гэв.

Засгийн газраас бүх хүүхдийн шүдийг үнэгүй эмчилнэ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Засгийн газраас 2018 оны наймдугаар сард баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан өнгөрсөн лхагва гарагт мэдээлэл хийлээ.

Хүүхдийн шүдний асуудалд хамтран ажиллах эмнэлгүүдийг шалгаруулж дууссан талаар уламжлав. Энэ тухай тэрбээр “Манай улсын нийт хүүхдүүдийн 84-96 хувь шүдний цооролтой байна гэх судалгаа гарсан.Энэ асуудлыг хайхралгүй орхивол бүтэн нэг үе шүдний асуудалтай үлдэх байсан учраас хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Шүд бол гадна талаасаа гоо зүй, дотор талаасаа олон өвчлөлийн эхлэл болдог.Тиймээс хөтөлбөр онц чухал үүрэгтэй. Бид 2-12 насны хүүхдүүдээ эмчлэхээс гадна амны хөндийн эрүүл ахуйн талаар дадал хэвшлийг бий болгохыг зорьж байна.

Хөтөлбөрт нийт 50 тэрбум төгрөг зарцуулахаас 2019 онд 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Эхний ээлжинд 2-6 нас хүртэлх хүүхдүүдийн шүдийг үзлэг оношлогоо эмчилгээнд хамруулж эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулна” гэлээ.

Авто худалдааны төвүүдийг нүүлгэж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд Авто худалдааны нэгдсэн төвийг байгуулж, автомашины худалдаа эрхлэгчдийг хотоос гаргаж буй. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас энэ ажлыг эрчимжүүлж эхэллээ. Хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлж байна.Тухайлбал, ХУД-ийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно байрлах “Сүлд” авто худалдааны төв болон Нарны зам дагуух авто худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлээд байна. Зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжлэн хийгдэнэ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.