Б.Чулуунбаатар: Энэ нийгэмд мөнгөгүй хүний эрх хязгаарлагдмал болсон
2019 оны 4 сарын 23

-Аавтай билгүүн номч зууны манлай эрдэмтэн  Б.Ринчен гуай захидлаар харилцаж байсан олон захианууд бий-

Монгол улсын шилдэг зохион бүтээгч, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт  Б.Чулуунбаатартай ярилцлаа. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд бусдын жишээгээр эгэл даруу амьдарч явна. Түүний ажил, амьдралын түүх сонин юм.

-Чулуунбаатар гуай, би хоёр жилийн өмнө таны тухай сонсож байлаа. Та эхлээд өөрийнхөө тухай товч  танилцуулна уу?

Би Баян-Өлгий аймагт төрж, өссөн. Аймгийнхаа 10-н жилийн 2-p дунд сургуульд сурч байхдаа авто сургууль1979 онд онц төгссөн. Дараа нь БХЯ-наас Монголын Ардын Армийн 58 жилийн ойн баярыг тохиолдуулан Ардын армийг сурталчлахаар ирсэн БНМАУ-ын баатар Армийн генерал Б.Доржоор ахлуулсан групп нөхөд, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн төлөөлөл оролцсон хуралд цэрэгт мордох цэрэг дайчдыг уриалж үг хэлж байлаа.Тухайн үед олон сайн багш хичээл зааж байсны нэг нь цахилгаан технологийн багш  одоогийн  УИХ ын гишүүн Б. Бадылхаан гуай байв. Би аймагтаа ажил хөдөлмөр эрхэлж, Цагдаагийн дамжааг 1982  онд онц төгсч, ажиллаж байсан. Аймгийн  Цагдаагийн хэлтэст цагдаа  шуурхай албанд жолооч, Гал унтраах албанд жолоочоор тус тус ажилласан. Тус албанд намайг ажиллаж байхад Цагдаа мөрдөн байцаах алба болон Хэрэг бүртгэх  хэлтэс зэрэг бүх албад ганцхан машинтай ажлаа явуулдаг байсан.

-Тэр үеийн цагдаагийн байгууллагын ажилтнууд одоогийн цагдаагийн ажилтнуудтай харьцуулахад ямар түвшинд ажилладаг байв?                                                                                                                                                                                  Би тэр үеэ эргээд бодоход манай цагдаагийн бүх ажилтнууд маш их ачаалалтай ажилладаг байжээ. Тухайн үед аймгийн хэмжээнд шөнийн эргүүлд ганцхан цагдаа явдаг байлаа. Тэр үед бид ганц ганцаараа шөнийн эргүүлд явж, согтуу хөлчүү, үлбүтэх хүмүүстэй учирч зохицуулах арга хэмжээнд оролцдог байсан. Цагдаагийн хэлтэст жолооч байхад аймгийн бүх сумдаар, мөн Ховд, Увс аймгийн зарим сумдаар  явж, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажилд нэг  жилд нийт 35 000 км явдаг байлаа. Мөн Зил 130 машинаар Даян Сиргалаас мод, Хотгорийн уурхайгаас нүүрс ажилчдын түлшинд тээвэрлэж байв. Одоо би гурван жилийн өмнө аймагтаа очиход Цагдаагийн байгууллага 10-аад машинтай гэж ярьсан. Тухайн үед одоогийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Иргэний бүртгэл, Замын цагдаа зэрэг бүх хүчний байгууллага нийлээд дундаа ганц суудлийн Уаз 469  машинтай байсан гэсэн үг  шүү дээ.

-Цагдаагийн байгууллагад ажиллаж байхад танд ямар бэрхшээл тохиолдож байсан бэ?

Цагдаагийн үүрэг гүйцэтгэж байхад надад бэрхшээл, хүндрэл учирч байсан ч  тангарга өргөсөн цэрэг хүний ёсоор даван туулж, ажиллаж байсан. Харанхуй шөнө ганцаараа дуудлаганд явах, эргүүл хийх , согтуу танхай хүмүүстэй харилцахад амаргүй л байдаг. Биедээ гар станц,гар буу,гав, бороохой авч явдаг байсан.Тухайн үед  согтуу хүнийг эрүүлжүүлэх, хүмүүжлийн доголдолтой хүмүүсийг засан хүмүүжүүлэхэд шилжүүлэх гэх мэт ажилд хянагчаар ч  бас ажилласан. Эрүүлжүүлэх тасагт согтуу хүн ирж, агсам тавьж, эд юмс хэмхэлж, хагалж, зодоон цохион хийгээд хэцүү байдаг байсан шүү.дээ.

-Тэр үед таныг танхай согтуу хүмүүс заналхийж, дайрдаг байсан уу?

Ийм халдлагад өртөж байсан. Би зарим үед танхай согтуу хүмүүсийг гавлах, номхотгох цамц өмсгөх, хүйтэн усаар шүршэж сэрээх зэрэг ажлуудыг хийж ажилладаг байсан. Зарим хүмүүс энгэр захаас зууралдаад салахгүй зовлонтой л байсан даа. Зарим тохиолдолд тэвчээд өнгөрөөдөг байсан шүү. Тэр үед ажил байдлын тэмдэглэл бичиж, даргадаа танилцуулж  үүрэг заавар авч, эх орон, ард иргэдийн амар тайван байлгах манаанд цаг наргүй зүтгэж хүний амь насыг аварч байлаа. Үүний зэрэгцээ иргэний болон эрүүгийн гэмт хэргүүдийг илрүүлж холбогдох албан тушаалтанд танилцуулан, зохих арга хэмжээг нь авахуулж, ажиллаж  явлаа.

-Ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа цагдаа, онцгой байдлын ажилтны ар талын гэр бүлийн амьдрал ямар байдаг юм бол?

Унтах нойроо хасаад, үр хүүхэд, эхнэр, ар гэрээ мартаад ажилладаг байсан. Гэтэл манай эхнэр  “Чи 365 хоногийн 60 хоногт нь гэртээ хонохгүй, ар гэрээ хайхрахгүй байна” гэж гомдоллодог  байв. Жишээ нь, аймгийнхаа сумдаар олон мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нарыг ээлжлэн авч  явдаг, гэртээ дөнгөж ороод, амарч эхэлж байтал дахиад  хаалга цохиод тэр суманд аваар  осол болчихлоо,  хүний амь эрсдлээ гээд дуудлага ирэхээр дахиад буцаад л явдаг. Ингэж би хоёр жил гаруй их ачааалалтай ажиллаж явсан. Дарга нар маань чи аргагүй их ачаалалтай ажиллалаа. Чи ажлаа  хөнгөлж,  Гал унтраах албанд  жолоочоор ажиллах уу гэж хэлсэн. Ингээд би Цагдаагийн байгууллагын дэргэдэх Гал унтраах албаны жолооч болж билээ.

Гал унтраах албанд ажилж байхдаа тус аймгийн инженерийн план зургийг хуулбарлан баяжуулж,  дээр нь газраар ирж байгаа гүний даралтын усны магистрал шугамын зураг тодруулж  зурсан. Үүн дээр нь ус авах цоонгууд хаана байдгийг тодорхой үзүүлж тэмдэглэлээ хийж дугаарласан. Мөн ус дамжуулах төхөөрөмж хийсэн  гэх мэт олон зүйлүүдийг санаачлан хийж,  аймгийн телевизийн нэвтрүүлэгт орж, бусдын талархал хүлээж байсан юм.

-Ингэхэд та Баян-Өлгий аймгаас хотод хэзээ шилжиж ирсэн юм бэ?

2005 онд хотод шилжиж ирсэн. Дээрээс татаас, дэмжлэг байхгүй болохоор хувийн хэвшлийн байгууллагуудад  цахилгаанчин,  харуул, жижүүр хийж, эхнэр маань худалдагч хийж, хамтдаа амьдралаа төвхнүүлж  явна.

-Социалзмын үеийн хүмүүсийн амьдрал, одоогийн зах зээлийн нийгмийн хүмүүсийн амьдрал хоёрын ялгааг хэрхэн дүгнэж цэгнэж байна вэ. Таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

Хотод амьдарч эхлээд одоог хүртэл амьдралын түвшин хэвээрээ л байна. Одоо үеийн амьдралд давуу талууд бий. Гэхдээ социалзмын үед бие биенээ таних хүмүүс уулзаж, тааралдахдаа “тэр миний нэг оны цэрэг “ ч гэх юмуу эсвэл хамт ажиллаж байсан хүмүүсээ хаана, амьдарч байгаа  бол гэх зэргээр эргэн  дурсан, үгүйлж ярьдаг байсан. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн зарчим, үзлээр ханддаг байлаа. Гэтэл зах зээлийн нийгэмд шилжснээр энэ үзэл, зарчим байхгүй болж, өөрөө л болж амьдарч байвал болоо, бусад хүмүүсийн төлөө санаа тавьдаг хүн байхгүй  болжээ.  Одоо хүмүүс зөвхөн мөнгөтэй байвал болно, мөнгө байхгүй бол хэрэггүй гэсэн нэг хачин хандлагатай болсонд харамсдаг.

-Шударга, хүнлэг бус нийгэмд амьдарч байна гэж үзэж байна уу?

Ер нь мөнгийг тахин шүтэж ажиллаж, амьдарч байгаа нь шударга бус гэж би боддог оо. Дээр үед дээд баян эрдэм ухаан, дунд баян үр хүүхэд, адгийн баян эд хөрөнгө гэж хэлж сургадаг байсан. Гэтэл одоо эсэргээрээ  адгийн баян эд хөрөнгө нь дээд баян болоод, дээд баян эрдэм ухаан нь бараг хэрэггүй зүйл болсон мэт харагдах болжээ.

-Чулуунбаатар гуай, ингэхэд таны аав, ээж  ямар удам угсаатай хүмүүс вэ?

Аав минь олон зуун жил монгол төрийн төлөө зүтгэсэн урианхай түмний хаадын ургийн олон үеэрээ эрдэм номтой явж ирсэн хүн байсан юм. Аав маань хаадын гаралтай. Энэхүү гарал нь биедээ тээж ирсэн түүхийн дурсгал болох  судар ном,  ёс заншил, бичгийн  Хас  тамаг, мөн адуу малдаа дардаг гулзтай нуман тамаг зэрэг энэ бүх түүхийн ул мөр нь баталдаг. Харин ээж минь бага боловсролтой малчин гаралтай хүн байсан.  Ээж маань урианхай гаралтай  эгэл жирийн эмэгтэй. Бага сургууль төгссөн, боловсрол, мэргэжилгүй, мал аж ахуйг эрхэлдэг малчин хүн байсан. Төдийгүй  долоон хүүхэд төрүүлж өсгөсөн буяантай ээж байсан юм. Миний бага нас хөдөө нутаг малчны хотонд өнгөрсөн.

Аав минь дээд үеийн сэхээтэн. Тангад, хуучин  бичиг, түвд бичгийг мэддэг зурхайч лам хүн байсан юм. Гэхдээ аав маань хоёр ахтайгаа  хэлмэгдэж, эсэргүү гэгдэн шоронд хоригдон,  хоёр жил гаруй шоронд хэвтэж байгаад гарсан гэдэг. Харамсалтай нь, аавын хоёр ах нь цаазлуулсан. Ийм айхтар гашуун, хэзээ ч марташгүй түүх манай удмын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн.

Иргэдтэйгээ уулзаж, аж амьдралынх нь талаар  ярих дургүй дарга нар яахаараа ажиллаад байдгийг ойлгохгүй л байна

-Яасан харамсалтай юм бэ. Хоёр ах нь тэр үед юу эрхэлж байсан бол.  Ер нь ямар хэргээр шийтгэгдэх нь тэр вээ?

Аав минь  надад нэг их нарийн зүйл ярьж байгаагүй. Нэг ах нь Улсын бага хурлын гишүүн. Улсын  Анхдугаар Их хурлийн төлөөлөгч Ё. Чойвол занги гэдэг нутаг хошуундаа нэртэй хүн байсан тухай  ном зохиолд бичигдсэн байдаг. Нөгөө ах Ё. Чүлтэм гэдэг лам хүн байж байгаад эсэргүү гээд буудуулсан гэдэг. Гэвч дараа нь цагаатгасан. Мөн аавыг минь мөн цагаатгасан юм.

1990 онд БНМАУ ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 119  дугаар зарлиг гаргасан. Тэр зарлигт хэлмэгдэж хохирсон  хүмүүсийн одоо амьд байгаа  гэр бүл, эхнэр, нөхөрт нэг өрөө байр буюу түүнтэй тэнцэхүйц хэмжээний хөрөнгийг орон нутгийн улсын төсвөөс нэг удаа  олгосугай гэж бичсэн байдаг. Энэ зарлиг өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Ээж маань 1994 онд  амьд байхдаа “Энэ зарлигт зааснаар аавын чинь нэр дээр  нэг өрөө байр олгогдох ёстой юм байна. Чи хөөцөлдөж аваарай. Ээжид нь хууль сайн мэддэг хүн хэлсэн” гэж надад захиж хэлсэн.

-Тэр байраа авсан уу?

Би  хөөцөлдөөд одоог хүртэл авч чадаагүй явна.

Та зарлигийн дагуу нэг өрөө байр олж авахын тулд яаж хөөцөлдөв. Хэн гэдэг ерөнхий сайд, ерөнхийлөгчид хандсан бэ?

Би аймгийн засаг захиргаанаас эхлээд хөөцөлдөөд албан бичгээ бариад ЦагаатгалынУлсын комисстой уулзаж, танилцуулсан. УИХ-д ч хандаж байсан. Ингээд Цагаатгалын улсын комиссоос бичиг баримт цуглуулж, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга  Ц.Батбаярт бичиг баримтууд хүргүүлэгдсэн юм. Дараа нь таны хүсэлтийг байр олгох дугаарт орууллаа гэж  мэдэгдсэн. Ингээд орон сууц хариуцсан ажилтан н.Уянга гэх нэртэй эмэгтэй “Та байр авах оочерт орсон шүү” гэж хэлсэн. Би байраа авах гээд байн байн очдог байсан. Тухайн үед маш их очертэй байсан л даа. Нөгөө хүмүүс байраа авч дуусч, миний нэр урагшилсаар байраа авах оочер хүрэх агшинд нэр маань алга болж, дарга нар нь солигдоод, шинээр томилогдсон хүмүүс нь өөр зүйл ярьж эхэлсэн. Жишээ нь, та ганц бие байх хэрэгтэй. Мөн 60 нас хүрсэн байх гэх мэт хачин болзол гаргасан байдаг юм байна лээ. Би дарга нартай өөрийн биеэр уулзах гэхээр албан ажлаар яваа хүнийг оруулна гээд одоо ч намайг уулзуулахгүй,  оруулахгүй, жирийн ажилтан, ажилчин хүнд тэр хаалга нээлттэй биш байгаа юм.  Ийм байдал манай улсад хир удаан үргэлжлэхийг мэдэхгүй, иргэддээсээ  юугаа ч нуудаг юм, иргэдтэйгээ уулзаж, аж амьдралынх нь талаар  ярих дургүй дарга нар яахаараа ажиллаад байдгийг ойлгохгүй л байна.

-Байр олгох оочерт орсон гэж хэлсэн юм бол яагаад өдийг хүртэл байраа өгөхгүй байгаа юм бол. Та Нийслэлийн Засаг даргын Захирагчийн ажлын албанаас нэхэж тодруулсан уу?

Би Засаг даргын Захирагчийн албанд очих бүртээ энэ тухайгаа ярьж, бичиг баримт, хүсэлтээ хэлэхээр хариу өгдөггүй. Засаг дарга, Хотын захирагч, хурлын дарга нь хүлээж авдаггүй. Хувь хүн хүлээж авахгүй, ямар нэгэн байгууллага, компанийн гэрээ хийх хүсэлтийг хүлээж авна гэсэн хариу өгдөг.  Ер нь Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл даргын үед иргэн хүнийг хүлээж авч уулзах цагын хуваарь байдаггүй, эсвэл гадаад явсан гэж хариу өгдөг  байсан.  2006 онд зарлигийн дагуу миний өрөгдөл Нийслэлийн Засаг даргад уламжлагдан очсон юм. Одоо 10-аад жил боллоо. Мөн өнгөрсөн жил намайг Хөдөлмөрийн баатар цолд тодорхойлсон. Гэтэл Засаг даргын Тамгын газрын Захирагчийн ажлын албанд очоод, тэр чигтээ “гацаж” хэвтсэн.

-Монголчууд маань ард иргэдийнхээ өргөдөл, хүсэлтийг шийдэж чадахгүй, хүнийг өнгө үзэмжээр харж, ханддаг дарга нарыг “тэр даргуудын суудалд” суулгаад яах юм бэ. Тэдний шударга бус булхай муухайг айхгүй, ил тод хэлж, холдуулах цаг болсон биш үү?

Таны хэлж байгаа үнэн шүү. Бид хамтдаа л илрүүлэх ёстой.

-Тэр үед ямар байгууллагаас таныг “Хөдөлмөрийн баатар” болгох гавъяа цолд тодорхойлсон юм бэ?

Шагнал урамшуулалд тодорхойлох тухай хууль байдаг. Тэр хуулийн дагуу тэтгэврийн насны ахмадуудийг оршин суугаа хороо дүүргээр дамжин тодорхойлдог. Тэр шугмаар  миний оршин суугаа Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хорооны Засаг дарга, Иргэдийн хурлаар хэлэлцээд, дэмжигдсэн. Дараа нь СХД-ын ИТХ- ийн тогтоол гарч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргэгдсэн юм билээ.  Хүний амь нас, эд хөрөнгийг аврах үйлст үнэмлэхүй гавъяа байгуулсан гэж намайг өндрөөр үнэлж, монгол хүнээрээ бахархаж, энэ  шийдвэрээ гаргасан бизээ. Намайг дэмжин зөвлөж, тусалж явдаг олон түмэндээ талархаж явдаг шүү.

Усыг соруулахгүйгээр шууд урсгалаар авах гаргалгааг гаргаж, шууд дамжуулах төхөөрөмж хийсэн юм

– Уучлаарай, Улс орны хөгжил, ард иргэдийн тайван, аюулгүй байдлын төлөө яг ямар үнэмлэхүй гавъяа байгуулсан юм бэ. “Үнэмлэхүй гавъяа байгуулсан” гэдгээ тодруулж тайлбарлаж болох уу?

Үнэмлэхүй гавъяа гэдэгт жишээ нь, Монгол улсын тамирчид иргэд дэлхийн олимпод амжилттай оролцоод, алт авахыг Монгол улсад үнэмлэхүй гавъяаг байгуулсан гэж үнэлээд Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин гэсэн хоёр цолыг нэгэн зэрэг төрөөс шагнадаг. Нэг ёсондоо рекорд тогтоосон гэж үздэг. Гэтэл Оюуны өмчийн газрын дээд шагнал болох Монгол улсын шилдэг зохион бүтээгч цол тэмдэгийг Монголд төдийгүй дэлхийд өмнө нь хаана ч хийгдэж  байгаагүй бүтээлд өгдөг. Тэгээд ч оюуны  бүтээлийн талаар Үндсэн хуульд үндэсний баялаг мөн гэж тодорхойлсон байдаг шүү дээ.Тиймээс  миний бүтээлийг чансаа өндөр бүтээл болсон гэж өндөр түвшинд ойлгож,  үнэлээд олгох ёстой гэсэн утга агуулгатай олон түмэн нэрийг минь дэвшүүлсэн юм.

Тайлбарлаж хэлбэл,  дүрэлзэн асаж буй улаан гал дунд хүн үхэх, түлэгдэх, эд хөрөнгө шатах нь гамшиг юм. Зарим хүмүүс надад чиний хийсэн бүтээл чинь  мөнгөөр тооцож, хүний тоогоор хэлбэл, тэрбум тэрбум доллар, мянга, мянган хүний амь насыг аврах бүтээл болчоод байхад яагаад Хөдөлмөрийн баатар цол өгч болохгүй гэж хошигнож  хэлдэг.  Миний хийсэн бүтээл манай улсад төдийгүй олон улсад аюулгүй байдлаас аврах гаргалгаа болгон ашиглагдаж байгаа нь үнэн. Дүрэлзэн асаж буй улаан галын дундаас хүний амь нас,эд хөрөнгө аврахаар зүтгэж яваад алтан амиа алдсан Онцгой Байдлын олон арван аврагч дайчид байдаг шүү дээ.

-Мянга мянган хүний амь насыг аварсан ямар төхөөрөмж та зохион бүтээснээ сонирхуулаач?

Гал унтраах машиныг усны машин дагаж  явдаг. Ус дууслаа, усны тэргэнээс соруулж  хугацаа алддаг байсныг  зогсоож, усыг соруулахгүйгээр шууд урсгалаар авах гаргалгааг гаргаж шууд дамжуулах төхөөрөмж хийсэн юм.  Галын аюул хүмүүсийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байдаг. Эсгий гэр 5 минут, байшин 10 минут гэсэн хугацаа байдаг. Энэ төхөөрөмж  ямар давуу талтай вэ гэвэл нэгд, цаг хугацаа хожино,  хоёрт, хөдөлгөөнт болон том үйлдвэртэч юмуу нефть баазуудад суурин хэлбэрээр ашиглаж болдог. Гал унтраах албыг усгүйгээр төсөөлөхийн араггүй.

-Энэ оюуны бүтээлээ хэзээ, хаана бүтээсэн юм бэ?

Тухайн үед гал унтраах чиглэлээр дээд, дунд сургууль төгссөн хүмүүс гадаад, дотоод руу явж туршлагатай танилцсан юм. Хаана ч очсон нөгөө машин нь усны тэрэгнээсээ соруулдаг технологиор л ажиллаж байсан. Харин тухайн үеийн Гал унтраах албаны дарга Ерлан ингэж соруулахгүйгээр усны тэрэгнээсээ шууд дамжуулж усаа авах боломж байна уу. Ингэж хийх хүн байна уу гэж асууж байсан. Ингээд “би хийе” гэдгээ хэлтэл “Чи энэ их ажлыг хийж чадвал чиний хөшөөг алтаар босгоно шүү” гэж хошигнон надад хэлж байсан юм. Би маш их судалгаа хийж байж, хоёр жилийн дараа зохион бүтээж, Гал унтраах албанд өгсөн. Тухайн үед зах зээлд шилжиж, манай зарим иргэд Казахстан улс руу очиж, дээрээ суудлаа олохгүй, дороо хөлөө олохгүй цаг үе байлаа. Удалгүй би цомхтголд орж, ажлаасаа халагдсан.Ингээд нөгөөх гавъяа шагналгүй хоцорсон.

-Ямар байгууллагаас яагаад халагдсан юм бэ?

Гал унтраах албанаас халагдсан.

Одоо тэр тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлж байгаа юу?

Манай улс төдийгүй олон улсад  ашиглагдаж  байна. Энэ талаар ахмад үеийн мэрэгжлийн унтраах албаны хүмүүс сайн мэддэг.  Галынхан гал унтрааж чадахгүй  байна, галын 24 нь гахай хувцасны гол хоолны савнууд  гээд  шоглуулж явсан ч удаатай. Хүмүүс дүрэлзэн асаж буй улаан гал дунд гэр орон, эд хөрөнгө, гэр бүл, ар  амьдрал нь байгаа болохоор  соруулах үйл ажиллагаа явуулж байх үеэр дургүйцэж “хурдлаач ээ” гэж  орилж чаралж, хэл амаар дээрэлхэн, мод чулуу шидэх зэрэг байдлаар бидэнд ханддаг асуудал зөндөө гардаг. Ийм хандлага, халдлагийг эргэцүүлж бодоход нэг талаар тэднийг буруутгах аргагүй билээ. Тиймээс б энэ төхөөрөмжөө хийснээс хойш хэл ам таталхан багасаж, гайгүй болсон гэж мэргэжил нэгт хүмүүс ярьдаг.

-Та түрүүн аавынхаа эрдэмт оюун билгийг дурдсан. Тэр оюун билиг, сэтгэн зохион бүтээх чадвар танд өвлөгдсөн биш үү?

Би нэлээд ном судалж, уншдаг.

-Ер нь ажиллаж байсан хугацаандаа ямар гавъяа шагнал хүртэж байв?

Би Цагдаагийн хэлтэст ажиллаж байхдаа жил бүр зохион явагддаг яам, газар, хэлтсийн шалгалтанд онцсайн дүн үзүүлж  байсан. Мөн 2010 онд Баян-Өлгий аймгийн түүх Нэвтэрхий толь бичиг номонд би судалсан материалуудаасаа оруулж тусалсан явдлыг номны редакцийн зүгээс үнэлж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн доктор Т.Султан Баян-Өлгий нэвтэрхий толь бичиг номоор шагнан урамшуулсан.

2012 онд Монголын үндэсний телевизийн Агшин нэвтрүүлэгт оролцож үзэгчийн шагнал Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолкоос авч байлаа.

2013 онд Барилгын цахилгаан угсралтын Лхатоном компанид ажиллаж байхдаа тус компани Улаанбаатар хотын Шилдэг компаниар шалгарч, даргынхаа хамт тус компани шагнал “Цом”-ийг гардан авсан.

2013 онд  Оюуны өмчийн газрын 2205 тоот Ус дамжуулах төхөөрөмжийг санаачилсан патент авсан. 2016 онд Монгол Улсын Шилдэг зохион бүтээгч цол тэмдгээр шагнуулав. 2017 онд МУ-ын Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одон гэх мэт шагналуудыг тус тус хүртсэн.

-Нөгөө “Хөдөлмөрийн баатар” цолоо аваагүй байгаа хэрэг үү?

Манай улсад Хөдөлмөрийн баатрууд олон байдаг. Тэдний нэгэн адил улс эх орондоо шудрагаар зүтгэж ажиллаж, хөдөлмөрлөснийг, мөн оюуны бүтээлийн минь үнэмлэхүй гавъяаг үнэлж  Хөдөлмөрийн баатарын цол тэмдэгээр төрөөс шагнаж урамшуулна гэдэгт итгэж явдаг.

-Таныг ойлголоо. Харин аавыг тань эрдэмтэн Б.Ринчен гуай хүндэтгээд захидал бичсэн тухай сонсож байсан. Энэ талаар сонирхуулж ярина уу?

Миний аав шашны зүтгэлтэн, ном судар сайн мэддэг хүн байсан. Аавд минь зууны манлай эрдэмтэн Б.Ринчен гуай захидал бичихдээ өвгөн ахын амар амгаланг асуун мэндчилж байна хэмээн бичдэг байв. Аавд олон ном судар байсны хамгийн том нь зузаанаараа 20 см, урт өргөн нь 40=30-ийн харьцаатай байдаг байсан. Одоо тийм том номыг би хараагүй.

Аав маань Сагсайн хүрээнд унзад цолтой лам байсан юм билээ

-Таны аав ямар хийдэд лам байсан юм бэ?

Манай нутагт Сагсайн хүрээ гэж байсан. Аав маань Сагсайн хүрээнд унзад цолтой лам байсан юм билээ.  Бидэнд өөрийнхөө талаар болон хоёр ахыгаа цаазлуулсан тухайгаа ерөөсөө дурсч яриагүй.

-Б.Ринчен гуай таны аавд бичсэн захидалдаа юуг онцолж бичиж байв. Тэр захианууд танд байгаа юу?

Тухайн үед аавд минь хандаж байсан хоёр хүн байдаг. Аавтай билгүүн номч зууны манлай эрдэмтэн  Б.Ринчен гуай захидлаар харилцаж байсан олон захианууд бий. Билгүүн номч Б.Ринчен гуай “танай аав одоогийнхоор Европын их, дээд сургуулийн эрдэмтэн багшийн хэмжээний хүн. Түвд хэл, зохиол судалсан эрдэм номтой, буурьтай хүн байлаа. Танай аавын чинь  олон зуун жил номтой явж ирсний ач бий. Аавынхаа нэрийг дуурсгах эрдэмтэн номтой хүн танай удмаас гарах нь гарцаагүй” гэсэн утгатай захиа бичиж байжээ. Мөн Гандантэгчилэн хийдийн хамба лам н.Гомбожав аавд захиа бичиж байсан. Аав маань нийслэлд хүрэлцэн ирж, Б.Ринчен гуайтай уулзаж байсан юм билээ. Манай аавын талынх удам угсаагаараа ном судар цуглуулж, үзэж хардаг хүмүүс байжээ гэж би боддог.

-Их сонирхолтой түүхэн удамтай юм байна. Аавынхаа талын өвөг дээдсийг судалсан уу?

….Нарийн сайн судлаагүй. Аав энэ талаар нарийн хэлээгүй.

-Ингэхэд та эцэг, эхээсээ хэдүүлээ вэ?

Долуулаа. Би айлын бага нь юм. Манай ах, эгч нарын хүүхдүүд улс орныхоо өнцөг булан бүрт ажил хөдөлмөр эрхэлж байгаа.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

– Би гурван хүүхэдтэй.

-Ингэхэд эгэл хүн танд Монголын төр, нийгэм таалагддаг уу?

Зах зээлийн нийгэмд төр, хувийн хэвшлийн байгууллагуудад би ажиллаж үзлээ. Сайн ч, муу ч тал байна. Засч залруулж ажиллавал  болохгүй зүйл байхгүй гэж боддог. Харин миний ганц сэтгэл эмзэглэж явдаг зүйл бол манай улсад ядуурал их газар авч байна. Төрийн засгийн хүрээнд маш их хэмжээний мөнгө байгаа нь ойлгомжтой байна. Гэтэл доод талын амьдрал боломж тааруу хүмүүсийг ажил төрөл хийлгэж, амьдрал нь хүрэлцэхгүй хүмүүсийг дэмжиж туславал  Монгол улс хөгжлийн зам руу орох боломж харагдаж байна.  Нэгд, ядуу хүмүүс болон ажилгүй, боломжгүй хүмүүсийг ажлын байр, орон байраар хангах юм бол аажимдаа амьдрал нь дээшилнэ шүү дээ. Хоёрт, зарим хүмүүс ажил хийж, зүтгээд байгаа хэдий ч олсон цалин хөлс нь амьдралд нь гүйцэд хүрэлцэхгүй цалингаас цалингийн хооронд ажиллаж амьдарч байна. Ийм амьдрал их байгаа. Зоримог өөрчлөлт хийгээч гэж хүсч байна даа.

Оюуны бүтээлийн хувь хишиг юу ч авдаггүй, хууль дүрмээр бол зохих хувь хишиг олгох ёстой гэдэг

-Одоо таны тэтгэврийн мөнгө амьдралд хүрэлцэхгүй байгаа биз дээ?

-Тэтгэвэрт гарсан ч бага тэтгэвэр авдаг. Оюуны бүтээлийн хувь хишиг юу ч авдаггүй, хууль дүрмээр бол зохих хувь хишиг олгох ёстой гэдэг.  Хэн нэгэн  энд боломжийн цалинтай ажил байна гэж дуудвал би ажиллахад бэлэн байгаа.

-Та оюуны бүтээлийнхээ хувь хишгээ хөөцөлдөөд авах эрхтэй шүү дээ?

Ер нь танай гэр бүлийн амьдрал ямаршуу байна вэ. Энэ хүнд нийгэмд цөхөрч, ядарч байна уу?

Үнэнийг хэлэхэд, энэ нийгэмд би арай гэж амьдарч байна. Надаас боловсрол, чадамж муутай хүмүүс энэ нийгэмд бараг амьдарч чадахгүй,  нэлээд хатуудах байх гэж хэлье. Энэ нийгэмд мөнгөгүй хүний эрх хязгаарлагдмал болсон.

-Монгол орныхоо ирээдүйг хэр төсөөлж байна даа?

Одоо хүмүүс ой санамжаа сэргээж, улс эх орноо хөгжүүлэхээр хамтран зүтгэвэл ирээдүй гэрэлтэй, гэгээтэйгээр цэцэглэнэ хөгжинө гэж боддог. Хамгийн гол нь нэгд, хүн ая тухтай, тайван амьдрах нөхцөл бүрдээгүй бол нэг булан тойроод нэгнийхээ юмыг хулгайлах маягтай амьдрал үргэлжилнэ шүү дээ. Монгол улсыг хөгжүүлэх талаар олон арга бий гэж би бодож явдаг.

-Ямар арга вэ?

Монгол орны газар нутгийн  доор, дээр асар их байгалийн баялаг байна.Түүнчлэн таван хошуу малаас гарах арьс шир, ноос ноолуур, мах гээд маш олон төрлийн ашиг шим  баялаг бий шүү дээ. Энэ баялагт хүмүүсийн оюуны  баялаг боловсролын хөрөнгө оруултыг нэмээд, асар их мөнгө хөрөнгө босгож, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх боломж байна.

– Монголчууд маань байгалийн баялгаа хамаагүй ухаж, хэрэглэж болохгүй гэж шүүмжлэн яриад байгаа шүү дээ?

Байгалийн баялгаа хамаагүй ухаж болохгүй гэдэгт санал нэг байдаг юм. Гэхдээ хамгийн гол нь байгалийн баялгаа зөв, үр ашигтай ашиглах хэрэгтэй. Өрх айл бүртээ байгалийн баялгаа зориулах ёстой. Өрх айлуудын амьдралын асуудлыг дээшлүүлэх нь туйлын чухал юм. Монгол улсдаа насаараа хөдөлмөрлөсөн хэн ч байсан баялгаа хүртэж чаддаг байх хэрэгтэй. Насаараа ажиллаад өв хөрөнгө гэж юу ч үгүй хүмүүс их бий. Надад “насаараа шударгаар зүтгээд, улс эх орондоо үнэтэй гавъяаг байгуулаад ч эх орон чинь чамд юу өгсөн бэ. Одоог хүртэл гэр хорооллын  амьдралаар зүдэрч амьдарч байгаа биз дээ” гэж хэлэх хүмүүс олон таардаг. Миний дүгнэж байгаагаар  Монголын нийгмийг өөрчлөхөд хэцүү зүйл байхгүй. Хамгийн чухал нь байгалийн баялагаа зөв, шударгаар  ашиглах зохион байгуулалттай бодлого хэрэгтэй. Тэгж байж айл өрөх, улс орон хөгжинө.

-Илэн далангүй ярилцсан танд их баярлалаа. Монголын төр, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлээсэй гэж таны хүссэн сайхан амьдрал биелээсэй гэж хүсэн ерөөе.

-За, их баярлалаа. Ажил, амьдралд тань амжилт хүсье.

Ярилцсан сэтгүүлч Б.БАЯРМАА

Хариулт үлдээх

Your email address will not be published.