С.Амарсайхан: “Тяньжин фүүдс” компанид 50 га газар олгоогүй
2019 оны 4 сарын 22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр албан ёсоор Хотын захирагчийн ажлыг хүлээж авснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэв. Мөн олон нийтийн мэдээллийн сүлжээгээр тараад буй янз бүрийн мэдээлэл, буруу ташаа ойлголтуудын талаар байр сууриа илэрхийллээ.

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы мэдээллийг тоймлон хүргэе

“Тяньжин фүүдс” компанид 50 га газар олгоогүй гэлээ

Монгол Улсын болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлцлээр хоёр улсын харилцааг өргөжүүлэх харилцан үр ашигтай хамтарч ажиллах тухай асуудлыг 2018 оны арванхоёрдугаар сард хэлэлцэж тохирсон байдаг. Түүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, судалгаа тооцоог хийх ажлын хэсгийг зохион байгуулсан. Дараа нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгалангаас миний нэр дээр Тяньжин хотын захиргаатай хүнсний ногоо тариалах, хүлэмж байгуулах асуудлыг судлах албан бичгийг гуравдугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн. Тэр өдөр нь би хоёр улсын  хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий арван бодит ажлыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох тооцоо судалгааг хийх, нийслэлийн 100 хувийн өмчит хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын нэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн. Энд олон нийтийн дунд түгээгээд байгаа шиг ямар нэгэн газар олгосон асуудал огт байхгүй. Гадаадын компанид газар олгох яриа цаашид ч байхгүй. Харин дотоодын хүнсний ногоо тариалагчдыг хэрхэн дэмжиж, монголчууд өөрсдөө хүлэмжээ байгуулж, өөрсдөө хүнсний аюулгүй байдалдаа анхаарч, жилийн дөрвөн улиралд монгол ногоогоо хэрэглэх тухай асуудал л энд яригдсан юм. Энэ ажлыг судлах зорилгоор компаниудын нэрийг хүргүүлсэн юм. Үүнийг НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун улс төрийн зорилгоор зориуд мушгин гуйвуулж, хотын захирагч шийдвэр гаргаж хятадуудад 50 га газрыг олгож байна гэх мэдээлэл түгээсэн. Тийм асуудал болоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Албан тушаалтнуудын булхай, но илрэхэд хүрэхээр зориуд элдэв гүтгэлэг тарааж байна гэв

  1. Төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн сайхан залуу амиа алдсан харамсалтай явдал боллоо. Угтаа 2016-2017 онд 8.1 тэрбум төгрөгөөр Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хийгдсэн бөгөөд саяын осол болсон хэсэгт ч засвар үйлчилгээ хийсэн байдаг. Гэтэл тэр ажил нь чанаргүй, баталгаагүй, үр дүнгүй ажил болсныг энэ удаагийн осол харууллаа. Тухайн хэсэгт хийгдсэн хаалт, боолтууд задарсны улмаас үйлдвэрлэлийн осол гарсан байж болзошгүй гэдгийг мэргэжлийнхэн хэлж байгаа.  Энэ асуудлыг нуун дарагдуулж ямар нэгэн байдлаар ил гаргахгүйн тулд зарим хүмүүс ихээхэн эмээж, асар их анхаарал хандуулж байгаагийн илрэл нь хотын захирагчийг элдвээр гүтгэн харлуулах ажил гэж харахад хүрлээ.
  2. Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв гэж бий. Саяхан 1000 ам метр байрыг 4 тэрбум 800 сая төгрөгөөр худалдаж авч өгсөн. Энэхүү худалдан авах ажиллагааны асуудлыг би НИТХ-ын дарга байхдаа 3 удаа буцаасан. 1000 ам метр газрыг ийм үнийн дүнгээр авснаас 3000 ам метр талбай бүхий байр авсан нь дээр гэж буцааж байсан ч худалдан авсан. Нээлттэй сонгон шалгаруулалт гэсэн нэрээр ганц компани оруулсан. Одоо төлбөрийн 70 хувийг нь өгсөн, 30 хувь буюу 1.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй явж байгаа тул үүнийгээ нэхэмжилсээр байгаа. Эмнэлгийн зориулалтаар ашиглах байрны шаардлага хангахгүй байгаа тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэдгээ би хотын дарга болсноосоо хойш олон удаа хэлж буцаасан. Энэхүү худалдан ажиллагааг зохион байгуулсан бүлэг хүмүүсийн ард олон хууль зөрчсөн үйлдэл бий. Үүнийг хуулийн дагуу шалгаж байна.
  3. Нийслэлийн худалдан авах ажиллагааг илүү тод нээлттэй болгож байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэний танхимд ААН-ийн оролцоотой, иргэний хяналттай, хэвлэл мэдээллийн байгууллагын нээлттэй хяналтан доор цахим хэлбэрээр үйл явцыг нь шууд дамжуулна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа бүх тендер, худалдан авалтыг шилэн болгож, ил тод явуулья гэсэн шийдвэр гаргасан. Тодруулбал, тендерийн “цавчааг” цэгцэлнэ гэсэн үг. Туслахууд нь хүртэл “цавчаа” хийдэг, хувь авдаг арга барилаар явж ирсэн байна. Мөн сургууль, цэцэрлэгийн тендерт туслахууд нь дарга нарынхаа дундуур орж аж ахуйн нэгжүүдийг дуудаж дарамталдаг байсан тохиолдлууд ч гарсан. Ийм байдлаас одоо салах цаг болсон гэдгийг албан ёсоор хэлье.
  4. Баянзүрх дүүрэгт үүссэн асуудлыг та бүхэн мэдэж байгаа. Тус дүүргийн удирдлага эрхээ хэрэгжүүлж чадахаа больсон. Тэд бүхэл бүтэн 360 гаруй мянган иргэдийн ажил амьдралаар сүүлийн гурван сар тоглолоо. Тэр хүмүүс өөрсдийн булхайг нуухын тулд зохион байгуулалттай суулт, жагсаал цуглааныг олон хоног хийж байна. 3.8 тэрбум төгрөгөөр газар чөлөөлөх нэрээр газар худалдаж авсан. Тэр газрыг нь очоод үзэхээр үерийн далан дээр ямар ч шаардлага хангахгүй газар байдаг. 200 сая төгрөгийн үнэтэй газрыг 500 саяар авсан байх жишээтэй. Энэ асуудлыг нь одоо шалгаж байна. Энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүдийг нь илрүүлж, цааш нь шалгах гэхээр асуудлыг ил гаргахгүйн тулд хотын захирагч руу чиглэсэн бүх төрлийн арга хэмжээг авч байна. Аалзны тор шиг 20 жил хотыг хэрсэн сүлжээ задрах гээд байгаа учраас над руу янз бүрийн дайралт хийж байгаа.

Хотын захирагчийг тойрсон энэ мэт гүтгэлгийн шинжтэй элдэв мэдээлэлд иргэд, олон нийт маань автахгүй, аливаа асуудалд ул суурьтай хандаж, улстөржих бус, нийслэлийнхээ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд санаачлагатай оролцон, асуудал бэрхшээл ярихийн оронд ажил ярьдаг байцгаая гэдгийг онцоллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хариулт үлдээх

Your email address will not be published.