Х.Баттулга ба Хятад & Женко ба хужаа
2019 оны 4 сарын 27

Х.Баттулгыг хэн нэгэн “Женко” байх үеийн сонгуулийн шоуг ойлгох цаг ингэж ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийж буй төрийн айлчлал өнөөдөр өндөрлөнө.

Энэ нь Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших хоёр жилийн хугацаанд анх удаа гадаадын улс оронд хийж буй төрийн дээд хэмжээний айлчлал гэдгээрээ онцгой үйл явдал боллоо. Түүнчлэн үндэсний үзлийг түгээн дэлгэрүүлэгчийнх нь хувьд Х.Баттулгын өмнөд их хөршид хийсэн айлчлал өнөө цагийн Монгол Улс,

БНХАУ-ын харилцааг бодитоор харах, тэд бидний хувьд хэн бэ гэдгийг дахин олж үзэх шинэ цонхыг нээв. Эх оронч үзэл санаа гэж чухам юу вэ гэдгийг тогтож бодох, гүн бат ойлгоход ч дөхөмтэй үйл явдал болж байна. Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд түүний ухуулга сурталчилгааны кампанит ажлын амин сүнс нь эх оронч үзэл, амжилт авчирсан уриа нь “Монгол ялна” байсан билээ. Харин далд байдлаар Хятадыг жигшин зэвүүцэх, хятад хүнийг муу муухайгаар харуулахад чиглэсэн мэдээллүүдийг зориудаар бэлтгэн нийгмийн сүлжээнд нэвтрүүлж, хүмүүсийн оюун санаанд “Монгол ялна” агуулгыг дам наан таниулснаас Х.Баттулга Хятадын эсрэг үзэлтэн болох нь сонгуулийн өмнөх өдрүүдэд ойлгомжтой болж байв. Үүгээрээ өмнө нь зүгээр л бизнесмэн-улстөрч “Женко” хэмээн алдаршсан Х.Баттулга “муусайн хужаанууд” хэмээн дургүйцэгч хэт үндсэрхэг хэсэгт ихэд таалагдсан. Таалсан олон, таалагдсан нэгний хооронд итгэлцлийн ямар том хэмжүүр бий болсныг Х.Баттулга Монголын Төрийн тэргүүний хувьд БНХАУ-д айлчлалаар одсоноос бид одоо харж байна.

Монголчууд газар нутгийн төлөө, үндэстнээрээ уусан устахгүйн төлөө, тусгаар тогтнолынхоо төлөө урд хөршөөс болгоомжлох, өмнө талд тэд байдгийг өглөө бүр санаж сэрэх сэтгэлзүй энгийн ард түмний тархинд зан чанар болтлоо уламжлагдаж, Монголын үе үеийн төр Хятад улстай хил залгаагийн хувьд ч, аюун болгоомжлох хувьд ч, сөрөн тэмцэхдээ ч, харилцан ашиг хайхдаа ч гадаад бодлогодоо аль болох зохирон зохицох тусгай бодлого тээж ирснийг түүхэнд өгүүлдэг билээ. Дэлхий дээрх үндэстнүүдийн улс төрийн бодлогууд эдийн засгийн баримжаатайгаар бие биетэйгээ харилцаж буй өнөө цагт газар доорх ашигт малтмалын төлөөнөө БНХАУ-тай нягт хамтрахыг, тэдний зах зээлд гарахын төлөө уралдах болсон. Харин хаяа дэрлэсэн бидний хувьд БНХАУ түшиж хамтрах найз нөхөр гэхээсээ долоон тэрбум хүнтэй аварга том тэр “ходоод”-ноос түгших хандлага олон нийтийн дунд түгээмэл хэвээр. Монгол Улс дэлхийн улс орнуудтай хэрхэн харилцах, ямар бодлого барихыг заасан үндэсний дипломат бодлогын “Үндсэн хууль” бидэнд бий. Улс төрийн сонгуулиар иргэд аль намд, хэн гэдэг улстөрчид итгэснээс үл хамааран Монгол Улсын Төрийн тэргүүн Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын 14.1.-т “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах…” гэж заасныг ягштал мөрдөх ёстой. Х.Баттулга ч мөн адил.

Х.Баттулга одоо хэн нэг улстөрч биш, парламентын засаглалтай Монгол Улсын Ерөнхийлөгч юм. Тэр улсаа гадаадад төлөөлөх үүрэгтэй. Монголчуудын далд ухамсар дахь сэрлээс Хятадаас болгоомжлох, хятадуудыг жигшин зэвүүцэх сэдлийг гогдон сэдрээх замаар улс төрийн өрсөлдөгчөө болзошгүй гарлаар нь гутаах, сонгогчдыг түүний эсрэг турхирах аргыг “Женко”-гийн багийн нөхөд ашигласан нь Х.Баттулгыг хэн нэгэн “Женко” байх үеийн сонгуулийн шоу байсныг ойлгох цаг ингэж ирэв. Хэрэв Х.Баттулга Ерөнхийлөгчийнхөө хувьд илтэд Хятадыг эсэргүүцсээр ирсэн бол ямар ч уран нүүдэл ашиглалаа гээд, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой давхардан тохиолдлоо ч гэсэн энэ айлчлалыг зохион байгуулах нөхцөл бүрдэхгүй, хоёр талд гацах бүрэн боломжтой.

Аливаа улсын төрийн гадаад бодлого, тэр дундаа Монгол Улсын дипломат бодлого үүгээрээ гайхамшигтай. Цөс ихтэй нь цөсөөрөө, тамир ихтэй нь тамираараа хандаж болдоггүй гэдгийг энэ бодлогод дөхөх бүртээ ойлгож, нэвтрэх  тусмаа бишрэн сөгддөг. Монголчуудын олон зуун дамжсан түүх, орчин үеийн хэрэгцээ шаардлага, ирээдүйн эрх ашиг, ашиг сонирхлоор болд мэт хатааж, торго мэт уярааж бодсон алсын хараа юм. Үүнийг л эх оронч үзэл гэдэг. Өөр ямар ч популизм ердөө л шүлс.

Б.Энхцэцэг 

Эх сурвалж: http://www.ub.life

Хариулт үлдээх

Your email address will not be published.