Ц.Нямдорж: Шүүх дураараа авирлаж, Үндсэн хууль зөрчөөд байгаа учир Захиргааны Ерөнхий хуулийг баталсан
2019 оны 5 сарын 10

УИХ-ын ээлжит чуулганаар өчигдөр Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж баталсан.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа. 

-Захиргааны Ерөнхий хуулийг баталлаа. Ингэснээр Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хэлэлцэхгүй болж байна. Үүнд тайлбар өгөөч? 

-2005 онд Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргаад Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гээд дүгнэлт гаргачихсан. Тэр нь хүчинтэй байгаа. Энэ бол Үндсэн хуультайгаа ижил баримт бичиг. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр байсаар байтал Захиргааны шүүх хууль зөрчиж, асуудал шийдвэрлээд байсан учир УИХ энэ асуудлыг авч хэлэлцээд, УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээ гаргасан. Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэсэн томъёололтойгоор батлагдаж байгаа. Бусад маргаантай асуудал Захиргааны шүүхэд хянагддагаараа хянагдана. Үүнийг улстөржүүлж дайраад байна. Үндсэн хуулийг биелүүлэх ёстой биздээ. Шүүх дураараа авирлаж, Үндсэн хуулийг зөрчөөд байгаа явдал нь УИХ ийм шийдвэр гаргасан гэдгийг шулуухан хэлэх хэрэгтэй. Тодорхой маргааны асуудлаар Үндсэн хуулийн цэц 2005 онд бид ийм дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг биелүүлэх ёстой гэсэн бичгийг хүртэл Дээд шүүхэд явуулж байсан. Гэтэл зөрөөд л асуудлыг шийдэж байсан. Үндсэн хууль, цэцийн шийдвэр зөрчиж шийдсэн.

-Та шүүхийг хэт дураараа авирлаж байна. Монголд шүүх байхгүй гэх мэдээллийг удаа дараа өгч байна л даа? 

-Би шүүхийг шүүмжилж байгаа нь үнэн. Шүүмжлэх юмыг өөрсдөө хийж байна. Тиймээс чимээгүй өнгөрөхгүй. Шүүх хуулийн байгууллага өөрсдөө нэр төртэй байя гэвэл өөрсдөө хууль бус зүйл хийдгээ болих хэрэгтэй. Шүүхийг Ерөнхийлөгч томилдог. Миний хувьд шүүхийн дотоод асуудалд оролцох ямар ч боломжгүй. Шүүхийн нэр хүнд унахаас өөр аргагүй байдалд байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах асуудлыг би ярьж эхлээгүй бол хэн ч ярьж эхлэхгүй байсан. Энэ бол туйлын үнэн. Би шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад нь л хуулийн байгууллагынханд хэлж байсан. Наад чинь худлаа, гүтгэлэг гэж хэлсэн. Гэтэл үг хүлээж аваагүй. Би мэргэжлийн хувьд ярьсан. Шүүмжлэлээс хол байя гэвэл хуулийн зөв, шударга ажилла. Прокурорын байгууллага хяналтаа зөв тавь. Ямар ч үед хяналтаа тавьж явах ёстой.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.