Оюутолгойгоос Монголын олж байгаа олз гарз хоёрын аль нь их вэ, ЭДИЙН ЗАСАГЧДАА
2019 оны 5 сарын 13

Өмнөх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн Оюутолгойд хийсэн УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын тайлан  хойшилж,  Эдийн засгийн байнгын хороо энэ долоо хоногт авч үзэхээр болсон. Учир нь шалгалтын тайланг Байнгын хорооны гишүүдэд ганцхан өдрийн өмнө хүргэсэн учраас уншиж танилцаж, бүрэн мэдээлэл авах цаг хугацаа бага байсан. Энэ учир шалтгааны улмаас гишүүд түр хойшлуулах хүсэлт гаргасныг ёсоор болгосон билээ.

2018 оны хаврын чуулган завсарлахаас өмнө байгуулагдсан дээрх ажлын хэсгийн дүгнэлт ийнхүү удтал дуншсаны дараа арайхийж парламентын босгыг давж байгаа нь энэ билээ. Гэвч бас л тодорхойгүй байдал үүсч энэ долоо хоногт хэлэлцэх эсэх нь бүрхэг байна. Дэлхийн хамгийн том алт зэсийн уурхай Оюутолгойн  эх орон Монголд  хууль тогтоогчид асуудалд нэг тиймэрхүү өнгө төрхөөр хандаж байна.

Харин энэ зуур хууль тогтоогчдын гарт очиж амжаагүй байсан шалгалтын тайлан Оюутолгойн хөрөнгө оруулагчдын гарт хэдийнэ очиж, Монголын парламентыг хэлэлцэхээс өрсөж байр сууриа хатуугаас хатуу илэрхийлчихэээд байна.

Хөрөнгө оруулагчид Оюутолгойн гэрээний ямар нэг заалтыг өөрчлөх асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй, хэрэв үүнийг нь үл хүлээн зөвшөөрөх аваас далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсооно гэсэн тулган шаардалтыг зөөлөн аргаар илэрхийлээд байгаа нь энэ.

Оюутолгой бол хамтарсан хөрөнгө оруулалттай компани. Энд Монголын 34 хувь байгаа гэдэг боловч нэр төдий. Эндээс ногдол ашиг хүртэхэд өнөөгийн залуу үеийнхний нас ч хүрэх эсэхийг хэлэхэд бэрх. Анх 2019 оноос эхлэн 34 хувьд ногдох ашгаа хүртэнэ гэж байсан бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайд дуудаж гарын үсэг зуруулснаар тэр хугацаа 2034 он болж хойшилсон. Одоо Тавантолгойн цахилгаан станц баригдвал энэ хугацаа дахин хойшилохоор байгаа юм.

Монголын тал нэгэнт 34 хувьдаа ногдох бүтээн байгуулалтынхаа хөрөнгийг гаргаж чадахгүй учраас ийнхүү хөрөнгө оруулагч талаас зээлсэн, түүнийгээ төлж барагдуултал хувь хишиг хүртэх эрхгүй болчихоод байгаа нь энэ.  Ямаан дээр тэмээний гарз гэгчээр бид тэр  зээл хувьдаа өндөр хүү төлж  давхар гарлага гаргаж байгаа.

Нөгөө талаас хөрөнгө оруулалтын хэмжээ анх ярьж хэлж байснаасаа хавьгүй өссөн, энэ өсөлт хэр бодитой вэ гэдгийг нь Монголын тал тогтоож чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.  Энэ бол хөрөнгө оруулалтаар далдалсан  ов заль байхыг үгүйсгэхгүй.

Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 4 тэрбум 425 сая доллар гэж байсан. Гэтэл 2012 оны гүйцэтгэлээр 6 тэрбум 467 сая доллар болж, 47 хувиар өссөн байдаг. Ингэж зардал гэнэт 2.04 тэрбум ам.доллараар яагаад өсөв гэдэг нь монголчуудын хувьд тайлж чадаагүй оньсоготой адил. Мэдээж, хөрөнгө оруулагчид олон тайлбар шалтгаан хэлдэг байх, харин тэр бүхэн бодитой эсэх нь асуудал.  Үүнээс гадна 34 хувийн  хөрөнгө оруулалтын зээлдээ өнөөдөр монголчууд өндөр хувьтай зээл төлж, хэдэн жилийн өмнө АН-ыг эрх барьж байх үед хүүний хэмжээ 705 сая ам доллар болсон гэх мэдээлэл байсан. Одоо хэд болж өссөнийг хэлж мэдэхгүй. Оюутолгойгоос Монголын олж байгаа олз гарлага хоёрын зөрүү хэд байдгийг эдийн засагчид тооцож иргэддээ мэдээлэх нь зөв байх.

Рио Тинто компанийн зэс, очир эрдэнэсийн группийн гүйцэтгэх захирал  Арнауд Суарат нэгэнт байгуулсан гэрээг өөрчлөх асуудлаар хэлэлцээр хийхгүй, харин Монголын талын хүртэх орлогыг нэмэгдүүлэх арга замын нэг нь зээлийн хүүг бууруулах явдал байж болох юм гэсэн санааг илэрхийлсэн нь ийм учиртай.

Гэхдээ хөрөнгө оруулалтын 34 хувьд хүү төлөх нь буруу зүйл гэсэн хандлагыг олон хүн илэрхийлэх юм билээ.

Монголын хууль тогтоох байгууллага Оуютолгойд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх байтугай  гишүүддээ тарааж өгч амжаагүй байхад хөрөнгө оруулагчид энэхүү тайланг хэдийнэ гартаа оруулчихсан, Монголын төрийг тулган шаардаж, хамтын ажиллагааныхаа хил дээсэнд улаан шугам тавьж хамтрагчдаа хүндэтгэлгүй хандаж байгаа нь  таатай санагдахгүй байгаа юм.

Манайхан ч гэж манайхан. Хэлэлцэж эхлээгүй байгаа нууцын зэрэглэлтэй тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга нь хөрөнгө оруулагч руу барьж гүйсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл тэдэнд тал засч, төрийн хүний ноён нуруу “хотолзсон” энэ үйлдэл хууль зүйн талаасаа зөв эсэхийг тодотгож тогтоох байх.  Эх орны эрх ашиг, тусгаар улсын төрийн эрхэмсэг байдал гэж байх л учиртай даа, Д.Дамба-Очир гишүүн ээ.

Хөрөнгө оруулагчид хамтрагчиддаа тулган шаардалт хийж, бүрэн эрхт тусгаар улсын төрийн бодлого, иргэдийнх нь хүсэл санаачлагад хүндэтгэлгүй хандаж байгаагаа илэрхийллээ. Монголын талаас гэрээг цуцлахгүй гэдгээ өндөр түвшинд илэрхийлж байхад гар бариад бугуй барина гэгчээр гэрээний аливаа заалтад өөрчлөлт оруулах хэлцэл хийхгүй гэж гэдийж байна.  Энэ бол тэртэй тэргүй эмзэг хэврэг байгаа хамтын ажиллагаандаа зөвхөн ганц талын давамгайллыг бий болгож, бусдын баялаг дээр дураараа дургих эрх дархаа хамгаалах гэсэн хандлага л гэж харагдаж байна. Харж л байгаарай, хөрөнгө оруулагчдын энэ мэдэгдэл, хандлагад Монголын улс төрчид амандаа алгадуулаад л хоцрох  вий.

Тэдний энэ хандлагыг дэмжиж, өөгшүүлж байдаг Монголын  гал халуун “эх орончид” ч бас байдаг юм байна.

Г.Хантулга

Хариулт үлдээх

Your email address will not be published.