Ц.Нямдоржийг “нам дарж” авъя!
2019 оны 5 сарын 22

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

Ц.Нямдоржийг “галзууруулах” шахсан шөнө гарчигтай нийтлэлээ бичсэнээс хойш бараг дөрвөн сар өнгөрч “галзуурч амжсан”-ыг нь өчигдөр л мэдлээ.

ХЗДХ-ийн сайдаар тав дахь удаагаа томилогдон ажиллаж буй Цэндийн Нямдорж 2019 оны тавдугаар сарын 8-ны өдөр ХЗБХ-ны хуралдаан дээр “Монголд шүүх гэж байхгүй болсон” гэж мэдэгдлээ. Чуулганы танхимд хэлээгүй учраас энэ үгэндээ хариуцлага хүлээнэ гэж найдаж байна.

Тэрбээр 16 жилийн өмнө 2003 онд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбатад “Шүүхээ татан буулга” гэж захидал бичиж байснаа бахархан ярих дуртай. Түүний бичсэн бас нэг захидлыг сануулахад 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд УДШ-ийн Ерөнхиий шүүгч Ц.Зориг, Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, Тагнуулын Ерөнхий газрын дарга С.Зориг нарт ил захидал илгээсэн байдаг. УИХ-ын гишүүн, Хуульч Цэндийн Нямдоржоос хэмээн илгээсэн энэ захидал нь Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хохироосон хэргийг 19 жил мөрдөж, нэр бүхий иргэдийг баривчилснаас хойш хоёр жил маш нууцын зэрэглэлтэйгээр мөрдөн мөшгиж эцэст нь хоёр шатны шүүх “хаалттай” хуралдаж, гурван иргэнд ялын дээдийг оноосон хуулийн шийдвэртэй холбоотой байв. Захидлын агуулга нь түүнийг хамгийн сүүлд сайдаар томилогдсоноосоо хийсэн “гол ажилтай” нь яг дүйнэ. Харин төгсгөлд нь “Бүх юм цаг хугацааны болон үнэний шалгууртай байдаг. Хариуцлага нэхэх өдөр тун удахгүй ирнэ гэдгийг битгий мартаарай. Уг нь газрын ойр, гарзын бага нь дээр гэсэн үг байдаг юм шүү” гэсэн байдаг.

Тийм ээ, цаг нь иржээ. Ц.Нямдорж тав дахь удаагаа сайд болсон. Дээр анхааруулсан хүмүүсээс хариуцлагаа нэхсэн учраас захианд дурдагдсан хүмүүсээс нэг нь ч ажилдаа үлдээгүй. “Би дээр үеийн мундаг прокуроруудтай хамт ажиллаж 10 жил хэрэг уншсан прокурор хүн. Прокурорын хоёр хуулийг санаачлан батлуулсан хүн нь мөн л би” гэж хэлдэг Ц.Нямдорж өнөөдөр салхи шиг дураараа явааг бид харж байна.

Ц.Нямдоржийн дургүй хүрсэн учраас “Монголд шүүх байхгүй” юм байна. Үүний өмнө дээр дурьдсан “галзуурах шахсан” 2019 оны нэгдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө  Ё.Баатарбилэг гишүүний асуултад хариулах үеэрээ “Энэ М.Энх-Амгалан бид хоёр ерөөсөө санал нийлдэггүй юм” гэсэн. Үүнээс хойш яг 76 хоногийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцруулах зарлиг гаргасан билээ.

Ерөнхий прокурор асан Г.Эрдэнэбат нь бүр нэг жилийн өмнө буюу 2018 оны тавдугаар сарын 9-ний өдөр буюу Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо хэдийнэ Ц.Нямдорж сайдаар дүнгээ тавиулаад, элдвээрээ хэлүүлчихсэн байв. Тэрбээр ердөө уг нэвтрүүлэг цацагдсаны маргааш нь хэвлэлд ““С.Зоригийг хөнөөсөн хэрэгт өмгөөлөгчийг үгүй болгож мэтгэлцэх зарчмыг үгүй хийж буй нь миний дургүйг хамгийн ихээр хүргэж байгаа юм”гээд хэлчихсэн байдаг юм.

Тэгэхээр Ц.Нямдоржид “үнсүүлсэн” болон “дургүйг хүргэсэн”, “санал нийлдэггүй” хүмүүст юу тохиолдов. Энэ нь Монгол Улсын хувь заяа, Монгол Төрийн нэр хүндийн хувьд Ц.Нямдорж гэдэг хүнээс айх шалтгаан мөн үү?

Ц.Нямдорж сайд нэг бус удаа 2015 оны тавдугаар сард Т.Чимгээгийн хашаанд, шөнө дөлөөр нас барсан хүний цогцос хаяж айлгасан тухай ярилаа. Аймаар байсан. Энэ аймшгийн үйлдлийг хийсэн хүн хариуцлага хүлээгээгүй. Энэ үйлдлийг хийлгэсэн байж болзошгүй хүнээр ТЕГ-ын тэргүүн дэд дарга асан С.Эрдэнийг хамгийн түрүүнд шалгах болов уу гэтэл тэгсэнгүй. Харин ч тэгэхээс тэгэх гэж Б.Хурцын оронд БНСУ-д суух Элчин сайдын суудлаар “шагнах” тухай дуулдах боллоо. Арай үгүй байх. Хэрэг уншихгүйгээр дүгнэх чадвартайгаа эрдэж ярьсан эрхэм сайдын эр зоригт найдаж байна. Хүү нь өөрийн сайндаа Элчин сайдаар томилогдож байгаа гэж итгэхийг хүсч байна. Харин хүний цогцсоор сэжигтнийг айлгасан хэрэгт холбогдох хэнбугай ч Монголыг төлөөлж Элчингээр томилогдох ёсгүй.

Улсын Дээд шүүх 2014 оны дөрөвдүгээр сарын 25-нд Ц.Нямдорж сайдыг тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Баттулгаас уучлал гуйх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр хоёр жилийн дараа хамгийн эцсийн шийдвэрт хүрсэн нь энэ боловч одоог хүртэл биелүүлээгүй, Энэ тухайгаа 2013 оны зургадугаар сарын 6-нд “news.mn” сайтад“Чингэлтэй дүүргийн шүүх, хотын шүүх ямар шийдвэр гаргах вэ гэдгийг би мэдэж байсан. Би энэ үйлдлээрээ Монголын шүүх хэн болсныг ард түмэнд ойлгуулах гэж шүүхээр жаахан тоглож байгаа юм” гэж хариулснаар нийтлэгдсэн байдаг. Маш ноцтой хариулт биш гэж үү. Тэгсэн хэрнээ Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонсоод байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын нэг бүлээс уучлал гуйв. Тэрбээр “Би энэ хоёр хүний ар гэрийнхнээс Монгол Улсын ХЗДХ-ийн сайдын хувьд уучлал гуйж байна. Би амьдралдаа уучлал гуйж үзээгүй хүн. Одоо бол уучлал гуйж байна” гэсэн юм. Ц.Нямдорж шүүх байгууллагаар “тоглож” дуусаагүй бололтой. Харин 2019 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонсоод байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсний дараа хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ нууцын зэрэглэлтэй зүйлийг ярьсан гэх үндэслэлээр ТЕГ-т шалгагдаж байгаа тухай хэвлэлүүд бичиж эхэлсэн. Хэрэв тийм бол түүнд ч гэсэн хариуцлага хүлээх өдөр ирэх учиртай. Дахин хэлэхэд өөрийнх нь хэлдгээр “газрын ойр, гарзын бага дээр” Ц.Нямдоржоос салбал дээргүй юу?!

Б.Хурц Ц.Нямдоржийг, эсвэл Ц.Нямдорж Б.Хурцыг яах бол?

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид цагдан хориод 15 хонож байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргажээ. Хэдийгээрхорих үндэслэлийг “С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид гэгдэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудалд буруутгаж байгаа” гэж мэдээлж байгаа ч цаанаа ямар ч шалтгаантай байж болно. Ц.Нямдорж сайдын хувьд “Хариуцлага нэхэх өдөр тун удахгүй ирнэ гэдгийг битгий мартаарай” гэснээ хэрэгжүүлж буй бололтой. Ямар ч байсан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний хуралдааны дараа мэдээлэл хийх үеэрээ “Тагнуулын хоёр ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэх, тагнуулаас аваачиж тавигдаад энэ бүх ажиллагааг гардан зохион байгуулсан бас нэг хүн хоригдсон. Би сайдын ажлаа буцааж авангуут нэг хүн хассан байх аа. Тагнуулын хүн яахаараа шийдвэр гүйцэтгэхэд ахлах дэслэгч  цолтой байжийж хурандаа авчихсан хийж удирддаг юм бэ гээд явуулсан. Энэ чинь бүгд учиртай. Одоо энэ хүн шалгагдаж байгаа. Цаашдаа ч шалгагдана”…”Би хоригдож байгаа хоёр ялтантай уулзаж байсан. Хийгээгүй хэрэгт гэм зэмгүй хүн хилсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж хоригдож байгааг нүдээрээ үзэх гэж би тэр хоёр ялтантай очиж уулзсан” гэж хэлсэн. Тэрбээр одоо өөрийнхөө өсийг тайлж Б.Хурц “хэр дулаан” камерт хоригдож байгааг нүдээрээ очиж үзэх биз.

Түүний эрдэж бярдаж хориулсан тагнуулын ажилтнууд нь өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд Б.Хурцын хамт хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байсан Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа О.Бархасбадь бөгөөд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ажилтан байснаа Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар очиход энгэртээ Сүхбаатарын одон, мөрөндөө хурандаа цолтойгоор Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар очсон. Ц.Нямдорж сайд “Ц.Элбэгдоржийн шүүх”-ийг муулахдаа Сүхбаатарын одон, хурандаа цол яриад байдаг нь үүнтэй холбоотой.

Дараагийнх нь Үржнээгийн Отгонбаяр. Харин Б.Хурцын хадам дүү гэдэг нь оргүй худал. Хоригдож буй Ү.Отгонбаярын аав Үржинээ ШШГЕГ-ын дарга Б.Билэгттэй дотны нөхөд учраас энэ салбарт албан тушаалд ахиж дэвших замыг засдаг гэж салбарынхан нь ярьдаг нь ортой байж мэдэх юм. Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байгаад ШШГЕГ-т Гүйцэтгэх ажиллагааны хэлтсийн даргаар томилогдож ирсэн тэрбээр мөн л С.Зоригийн амь нас хохирсон хэрэг дээр ажиллаж байсан, нэг жилийн дотор ахлах дэслэгчээс дэд хурандаа, улмаар хурандаа цолонд хүрсэн байдаг. Эдгээр залуусыг хэдийгээр албан үүргээ биелүүлсэн ч Б.Хурцыг дагасандаа, түүнтэй хамт хэлмэгдэх вий гэж санаа зовинох хүн ч олон.

Үнэн хэрэгтээ Б.Хурц хүний нутгийн шоронд хоригдож байхдаа Монголын ард түмнээр өрөвдүүлж чадсан ч тухайн хэрэг зөв, буруу алин болохыг тогтоогдоогүй байхад АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын даргаар огцом дэвшихдээ ямар шалгуураар гэдэг нь ил тод бус байсан. Мөн олон нийтийн өмнө хамгийн сонирхолтой сэдвүүдийг дэлгэсэн ч ярианы өнгө аяс нь УИХ-ын чуулганы танхимд төдийлөн зохимжтой бус байсан нь түүнд итгэх итгэлийг багасгасан байж мэднэ. Ямар цаг үед хэвлэлийн бага хурал зарлаж юу ярих вэ, “Цензургүй яриа” нэвтрүүлгээр юуг дэлгэж ямар эмоциор ярих вэ, улстөрчид хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хэрхэн ямар холбоосоор харилцах вэ гэдгээс нь тагнуулч гэхээсээ мэдрэмжтэй “пиарч”-ийн дүр төрх цухалздаг. Энэ нь магадгүй харилцааны урлагийг эзэмшсэн байдал, дипломатч, бизнесмэн зэрэг эрхэлж явсан ажлуудтай нь холбоотой биз ээ. Гэвч олон нийтэд түүнийг дэмждэг жинтэй хэсэг бий. Түүнийг маш сайн тагнуулч гэж итгэсэн нь ч бий. “Зандалчин” гэж үзэн ядах хэсэг ч бий болсон байхыг үгүйсгэхгүй. Хэн байснаа хэн болоод гарч ирэхийг нь шүүхийн шийдвэр харуулах учиртай. Гэтэл Ц.Нямдорж сайд “Шүүх байхгүй” гэчихлээ. Одоо Ц.Нямдорж сайд, эсвэл ҮАБЗ шийдэх юм болов уу. Гэсэн ч тэрбээр “Улсын нууцад хамаарах асуудал хөндөгдөх учраас Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөх боломжгүй” гэж мэдэгдсэн нь цаанаа учиртай. Магадгүй “хуулийн өмнө пээдийх” биш, улс төрийн зорилготой хэрэг холбогдсон бол улстөрчдөөс бус тагнуулын байгууллагаа хамгаалалт болгох нь зүйтэй гэж үзсэнийх биз ээ. Үнэхээр ч Монголын улс төрд Б.Хурц гэдэг улстөрч байхгүй. Харин Б.Хурц хамгийн хонзонч улстөрчийн аманд очлоо. Гэвч хожмын өдөр цагаадаж ч мэдэх эргэлзээтэй хэрэг. Учир нь тэр С.Зоригийг хөнөөсөн хэргийг зөв шийдсэндээ дэндүү итгэлтэй байгаа нь харагддаг. Тиймээс “Б.Хурц Ц.Нямдоржийг, эсвэл Ц.Нямдорж Б.Хурцыг яах бол” гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ.

У.Оргилмаа. 2019.05.09

Хариулт үлдээх

Your email address will not be published.