Долоо хоногийн онцлох үйл явдлууд
2019 оны 5 сарын 20
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 15 дугаар сургууль дээр 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан тухай түгшүүрт мэдээ олон нийтэд хүрлээ. Мөн нийслэлийн 79 дүгээр сургуульд ч сүрьеэгийн халдварын тохиолдлууд илэрлээ.
Түүнчлэн улстөрийн амьдралд сонин содон үйл явдлууд өрнөсөн долоо хоног байлаа. Ерөнхийлөгч Татварын багц хуульд хориг тавьж, Ерөнхий сайд Говь-Алтай аймгуудад ажиллав. Мөн эрх баригч хүчнийхэн “Итгэлийн зээл” нэртэй хуулийн төсөл санаачилж  байгаагаа мэдэгдсэн бол долоо хоногийн төгсгөлд МАН-ын хяналтын зөвлөл хоёр гишүүндээ таван жилийн хугацаанд улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ мэт долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
“Итгэлийн зээл” олгох хуулийг төсөл санаачилж, МАН-ын бүлэг дэмжив
Өрхийн орлогыг нэмэгдүүлэх жижиг бизнес эрхлэх санхүүжилтийг бий болгох шаардлага байна гэж үзээд МАН-ын 27 гишүүн “Итгэлийн зээл”-ийн тухай хуулийн төслийг санаачилсан тухайгаа даваа гарагт мэдэгдэв.  “Итгэлийн зээл”-ийн дээд хэмжээ нь 20 сая төгрөг байна гэж үзсэн байна. Зээл авах шаардлагын хувьд хугацаа хэтэрсэн зээлгүй, эсвэл өрхийн гишүүн өөр хүнд зээлийн батлан даалт гаргасан бол зээл авах боломжгүй байх юм. Мөн зээл хүсэгчид сүүлийн нэг жил өрхийн бичил бизнес эрхэлж байх шаардлагатай. Мөн орлогын тогтвортой эх үүсвэртэй гурав дахь этгээд зээл хүсч байгаа иргэнд батлан даалт гаргаж өгнө. Зээлийн мэдээллийн санд хянагдаад явах учраас иргэд хугацаандаа зээлээ төлөөд явна гэсэн судалгааг хийсэн талаар МАН-ын бүлгээс мэдэгдлээ.
Итгэлийн зээлийг олгосноор Макро тэнцвэрийг бататгасан, тогтвортой эдийн засгийг бий болгоно гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, үндэсний нийт орлогыг нэмэгдүүлж, дунджаас дээгүүр орлоготой орнуудын эгнээнд оруулахын тулд иргэдэд итгэлийн зээл олгож бүтээгдэхүүн гаргах үүднээс хуулийн төслийг боловсруулсан аж.  Уг зээлийг Төрийн банкаар дамжуулж, гурван хувийн хүүтэй олгоно гэж үзэж байгаа аж.
 Ерөнхийлөгч алдаатай хориг тавьлаа

Өнгөрсөн ээлжит бус чуулганаар батлагдаж, өнгөрсөн долоо хоногт ёсчлон батлагдсан Татварын багц хуулийг УИХ-аас Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байсан. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн мягмар гарагт Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байгаагаа мэдэгдэж албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм.Гэтэл энэ албан бичиг буюу Ерөнхийлөгчийн тавьсан хориг алдаатай байгааг Сангийн сайд мэдэгдлээ. Иймээс Ерөнхийлөгч хоригтой дахин залруулга хийв. Уг залруулгад ” Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Хуульд хориг тавих тухай” Е/27 дугаар албан бичигт Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэрийг 2 удаа Хүн амын орлогын албан татварын тухай хууль гэж андуурч бичсэн техникийн алдаа гарсан байх тул хоригийн төгсгөл хэсэгт байгаа “Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн” гэснийг “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн” гэж, “Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна” гэснийг “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна” гэжээ.

Хашаа, хайс буулгах шинэчилсэн журам хэрэгжиж эхэллээ
Хашаа хайс барих ашиглах буулгах журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Их тойруу доторхи II, V, VIII, IX блок буюу Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, Баянзүрх дүүргийн 1, 3, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай 319 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын  хашаа, хайс, хаалт,  түр хашааны судалгааг гарган боловсруулалт хийж байна.
Мөн Улаанбаатар хотын Бага тойрууд байрлах Сүхбаатар дүүргийн 6, 8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай 43 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хашаа, хайс, хаалт,  түр хашааны судалгааг гаргажээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт дээрх журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хашаа, хайс барих хүсэлтийн маягт, хашаа, хайсны даалгавар, Хашаа, хайс, түр хашаа, амьд хайсны тохижилтын загвар зургийг боловсруулж батлуулах ажил хийж байгаа аж. Уг ажлын хүрээнд нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан иргэн, хуулийн этгээдийн хашаа, хайс барих  хүсэлтийг хүлээн авч  шийдвэрлэх юм.
МАН Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй

 

МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо  пүрэв гарагт хуралдлаа. Хуралдаанаар МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөх болон таван жилийн хугацаатайгаар МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзах, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт таван жилийн хугацаатайгаар МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхээс тус тус татгалзаж ажиллахыг намын дүрмийн дагуу МАН-ын удирдлагуудад чиглэл болголоо.Түүнчлэн МАН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдож төрийн мэдээлэлд ойр байдлаа далимдуулан ЖДҮ-ийг Дэмжих сангаас зээл авч ашигласан гэх УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдийн үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх асуудлыг түргэтгэж, тэдний сахилга, ёс зүйн тодорхойлолтыг Хяналтын Ерөнхий Хороонд ирэх  сарын 15-ны дотор ирүүлэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн даргад үүрэг болгов.

Х.Баттулга, Ч.Ганбат нарын төмөр замын авлигын хэрэг АНУ-д сөхөгджээ

Төмөр замын авлигын хэрэгт татагдсан гурван хүний нэг Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор хэрэг нь дарагдаж эхэлсэн…

АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй, “ПроПаблика” хараат бус сэтгүүлзүйн агентлагаас Америкийн Маккензи зөвлөх фирм болон Монголын төмөр замын төсөлтэй холбоотой авлигын хэргийн талаар томоохон нийтлэл гаргажээ. Хэргийг эрэн сурвалжилсан сэтгүүлч Иан Макдугалл 2010 оноос хойш 10 орчим жилийн турш олон зуун материал, тэр дундаа төмөр замын хэргээр Интерполоор эрэн сурвалжлагдсан, тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбатын мэдүүлгүүдийг ашигласнаа дурдсан байна. Тус нийтлэл 2019 оны 5-р сарын 14-ний өдөр нийтлэгджээ.

ЗАСГИЙН ГАЗАР ДАРААХ ДОЛООН ДИПЛОМАТЧИЙГ ЭЛЧИН САЙДАД ДЭМЖЛЭЭ-

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар:

Монгол Улсаас:

•Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж,

•Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав,

•Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг,

•Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр,

•Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар,

•Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд,

•Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг тус тус томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Элчин сайд, Байнгын төлөөлөгчөөр томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй албан хаагчид нь дипломат болон төрийн албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагчид болно.

2018 оны Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгж /ААН/-ийг танилцууллаа

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2018 оны Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгж /ААН/-ийг танилцууллаа.

Шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан, албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг билээ.

Монгол Улсын 2018 оны ТОП 100 ААН-ийн эхний аравт “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Оюу толгой” ХХК, “Хаан банк”, “Энержи ресурс” ХХК, “Монголын алт” ХХК, “НИК” ХХК, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт банк” болон “УБТЗ” ХНН багтжээ. Өнөөдөр /2019.05.17/ Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд топ 100 аж ахуйн нэгжид шагнал гардууллаа.

Сүүлийн таван жилд ТОП 100 ААН-ийн жагсаалтад давхардаагүй тоогоор 185 ААН бичигдсэнээс Төрийн өмчит (100% төрийн, тодорхой хувь нь төрийн) 25 ААН байна.

2018 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ТОП 100 ААН ТОДОРЛОО

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.