Яруу найрагч Г.Даваасүрэнгийн “Төмсний цэцгэн хээ” номын нээлт энэ сарын 23-нд болно
2019 оны 5 сарын 22

Багануур дүүргийн зохиолчдын нэгдлийн тэргүүн, МУСТА, МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч Гомбосүрэнгийн Даваасүрэнгийн “Төмсний цэцгэн хээ” нэртэй тууж, өгүүллэгийн түүвэр ном уншигчдын тархинд “уусахад” бэлэн болжээ.

Номын нээлт нөгөөдөр буюу энэ пүрэв гарагт “Интер ном”-ын их дэлгүүрт болно.

Тэрбээр уг номондоо хоёр тууж, 20 гаруй өгүүллэг багтаажээ. Түүний уран бүтээл их утга зохиолын наадамд айраг хүртэж байсныг тодруулбал “Шувуун саарал” наадмаас хоёр удаа гуравдугаар байр, “Утгын чимэг” наадмаас гурван удаа шагналт байр, “Алтан өд” наадмын жүжиг, кино зохиолын төрөлд “Сүүлчийн хөхөөн дуу” кино зохиолоороо тэргүүн байр хүртэж байв.

1990 оноос хойш утга зохиолтой нэр холбогдсоноос хойш тууж өгүүллэгийн гурав, яруу найраг, сэтгүүл зүйн төрлийн 10 дахь номоо хэвлүүлээд байна.

Түүнчлэн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Батбаярын дуулсан “Туулай шарга”, С.Жавхлангийн “Сүүлчийн хөхөөн дуу” киноны дуу “Ээж минь”, М.Бямбажавын “Бурхан Халдун уул”, дуучин С.Нэргүйгийн “Жамъян баатрын халтар”, Ц.Бизьяагийн “Жигүүр саарал” гэх мэт 30 гаруй дууны шүлэг бичсэн аж.

Уран бүтээлийнхээ зэрэгцээ орон нутгаасаа төрөн гарч буй яруу найрагчдыг дэмжих, урам хүртээх зорилгоор их зохиолч Д.Нацагдоржийн 90 насны ойноос эхэлж, жил бүрийн арваннэгдүгээр сарын 17-нд “Миний нутаг” яруу найргийн наадмыг Багануур дүүрэгт улсын хэмжээнд зохион байгуулсаар байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.