Найрамдал зуслангийн газрын эзэн тодорчээ
2019 оны 6 сарын 15

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал дээр “Найрамдал зуслангийн хэдэн газрыг нөгөө хулгайч нар хулгайлж авсан . Эргүүлж олж авсан уу. Сэтгэлгүй хулгайч нар энэ төрд байгаад байсан байна лээ. Хүүхдийнхээ зуслангийн газруудыг хувааж аваад дээр нь байшин бариад хувьдаа авчихсан. Хүнд бас нэг сэтгэл гэж нэг юм байна аа. Тэрийг нь зогсоогоорой мэдэв үү. Барьсан байшинг нь буулгаж болно. Нэг удаа буулга л даа, та нар. Ард түмэн хараг. Дахиад хүүхдийн зуслангийн байшин, спортын талбай дээрэмдвэл төр төмөр нударгаа үзүүлдэг юм байна гэдгийг харуулчих хэрэгтэй юм байгаа юм шүү дээ” гэсэн битүү үг шидэж орхив.

Үндэсний аудитын газрын 2016 онд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт хийсэн аудитын дүгнэлтийг бид сөхөж үзлээ.

ОУХНЦ нь 2008 он хүртэл СХД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Баянголын хөндийн байгалийн цогцолборт газарт 5300 га газар эзэмшиж байсан байна. Нийслэлийн Засаг даргын 2008 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар захирамжаар эзэмшил газар 1225 га болгон өөрчлөгдөж хүүхдийн зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр болсон. Гэвч удалгүй Нийслэлийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 527 дугаар захирамжаар газрын зориулалтыг хүүхдийн зуслан, орон сууц, зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэр гарч гэрчилгээ олгогдсон байна. Хотын даргаар 2007-2008 онд Т.Билэгт, 2008-2012 онд Г.Мөнхбаяр ажилласан.

Ингээд ҮАГ-ын дүгнэлтэд газар, барилгатай холбоотой ямар дүгнэлтүүд байгааг сөхье.

Найрамдал цогцолбор нь ХАХНХЯ-ны харьяа УТҮГ, тус яамны эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд ОУХНЦ-ын эзэмшлийн нутаг дэвсгэрт 143 айлын орон сууц барьсан “Молор констракшн” ХХК-ийг анх тухайн үед тус яамны Сайд үүсгэн байгуулсан, одоогийн эзэмшигч нь түүний ээж, гүйцэтгэх захирал нь хүүхэд нь гэх мэдээлэл байна. Иймээс хүүхдийн зуслангийн эзэмшил нутаг дэвсгэрт тухайн барилгыг бариулахад “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.315, 12 дугаар зүйлийн 12.116 дэх заалт зөрчигдөж, ашиг сонирхлын зөрчил үүссэн байх магадлалтай гэж үзэж байна

Тус компанийг үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн ээж юм

2014 онд ОУХНТ-ийн ерөнхий захирал нь байгууллагын эзэмшил газарт, автограш барихаар төлөвлөгдсөн газрын зориулалтыг өөрчлөх, бусадтай орон сууц бариулах, баригдсан барилгаас зарим орон сууцыг Найрамдал цогцолборын ажилчдад олгуулах гэрээ хийх шийдвэр гаргасан нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. 2014 онд ОУХНТ-ийн ерөнхий захирал автограш барихаар төлөвлөгдсөн тус төвийн эзэмшлийн
талбайд 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Молор трейд” ХХК-тай 150 айлын орон сууц бариулах,15 айлын орон сууцыг Найрамдал цогцолборын ажилчдад авах, хуучин зам талбай ногоон байгууламжийг засварлуулах гэрээ байгуулсан байна.

 

Молор трэйд компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал нь С.Эрдэнэ гишүүний ээж болох нь
Хуулийн этгээдийн бүртгэлийн сангийн мэдээлэлд байна

Одоогийн байдлаар “Молор трейд” ХХК нь 143 айлын 2 блок орон сууцны барилга барьж, 9 айлын орон сууцыг ОУХНЦ-ын ажилчдад банкны зээлээр худалдан борлуулсан, эдгээр айлуудаас 6 айл нь урьдчилгаа төлбөрөө төлж чадахгүй байрандаа ороогүй, 150 хүүхдийн цэцэрлэг баригдаагүй байна. “Молор трейд” ХХК нь орон сууц ашиглалтад орох үед 1 м2 талбайг 2.5 сая төгрөгөөр үнэлж, ОУХНЦын ажилчдад 1.5 сая төгрөгөөр тооцож худалдсан бөгөөд одоо энэ байрыг 1 м2-ыг 1.3 сая төгрөгөөр бусад иргэдэд худалдан борлуулж байгаа талаар тус төвийн ажилтнууд мэдээлэл ирүүлсэн. Байгуулсан гэрээнд зааснаар захиалагч /ОУХНЦ/ нь инженерийн шугам сүлжээний хүчин чадлын тооцоо хийж, захирамж зөвшөөрөл болон дулаан, усан хангамжийн техникийн нөхцөлүүд холбогдох бичиг баримтыг бүрдүүлж гүйцэтгэгчийн барилга угсралтын ажил гүйцэтгэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр үүрэг хүлээж, “Молор трейд” ХХК нь 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг өөрийн хөрөнгөөр барихаар тус тус тохиролцжээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хүү Ганболор Молор трэйд болон Молор констракшн компанид ажиллаж байж.Тэрээр ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч.

  • ОУХНЦ нь Нийслэлийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дулаан үйлдвэрлэх 12/2015, дулаан түгээх 13/2015, дулаанаар зохицуулалттай хангах 14/2015 тоот тусгай зөвшөөрлийн дагуу өөрийн уурын зуухнаас үйлдвэрлэж буй халуун ус, дулаанаар өөрсдийн байрнуудаас гадна ажилчдын 18 айлын 3 орон сууц, 25 айлын 1 орон сууц, хувьчлагдсан 18 айлын 1 орон сууц, хувийн 20, 24 айлын 2 орон сууц, 6 иргэний амины орон сууц, 4 ААН-ийн ажлын байр, “Молор констракшн” ХХК-ний барьсан 143 айлын 2 блок орон сууцыг ханган ажиллаж байгаа нь дулааны цехийн нийт дулаанаар хангаж буй талбайн 46 орчим хувийг эзэлж байна.
  • ОУХНЦ-ын ерөнхий захирал нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ХАХНХЯ, ХТҮГ болон харилцагч байгууллагуудад Найрамдал зусланд амрах эрхийн бичгийг үнэ төлбөргүй олгох, хөнгөлөлт үзүүлэх, үйлчилгээний төлбөрөөс чөлөөлөх зэргээр үндсэн үйл ажиллагааны орлогыг бууруулж ТБОНӨТХ-ийн 30 дугаар зүйлийн 30.321 дахь заалтыг зөрчсөн байна.

PS: Энэхүү баримтыг хэн нэгнийг буруутгахыг зорьж нийтлэсэнгүй. Үндэсний аудитын газрын дүгнэлтийг эх сурвалж болгов. Найрамдал зуслангийн газрыг хулгайлсан, хууль бусаар эзэмшсэний аль нь болохыг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоох тул одоогоор УИХ-ын гишүүн С.Эрдэнэ рүү дайрах хэрэггүй юм.

Эх сурвалж: Newspress

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.