Ц.Нямдорж: Чиний тодрох гэсэн өвчин аминд чинь ч хүрч мэднэ шүү, Х.Нямбаатар аа
2019 оны 5 сарын 24
Ц.Нямдорж: Чиний тодрох гэсэн өвчин аминд чинь ч хүрч мэднэ шүү, Х.Нямбаатар аа

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийллээ.

Х.Нямбаатар: -Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт сүүлийн үед олны анхаарлын төвд байна. Бүлгийн даргын мэдээллээр бол УИХ-ын Тамгын газраас ажлын хэсэг гараад тухайн зүйл заалтад хэн өөрчлөлт оруулсныг тодруулахаар ажиллаж байгаа гэж ойлгосон. Ажлын хэсэг нь удахгүй дүнгээ мэдээлэх байх. Хууль хэрэгжиж эхлээд зургаан сар болоогүй байхад 450 гаруй хууль хоёр өдөр хуралдаад Хууль зүй, дотоод хэргийн сайдад хөөн хэлэлцэх зохицуулалтаа өөрчлөөч гэсэн зөвлөмжийг хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл Засгийн газраас төсөл орж ирэхгүй байна. Олон хүн ял завшиж байгаа тухай мэдээлэл маш тодорхой болчихоод байхад яагаад оуулж ирэхгүй байгаа юм бэ. Хоёрдугаарт, Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бэлэн болж тавигдаад жил болж байна. Энэ төслийг яагаад Засгийн газраас оруулж ирэхгүй байгаа юм бэ. Албан тушаал, авлигатай холбоотой цагаан захтнуудыг хэрэг гэгддэг улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргүүд хэрэгсэхгүй болох гээд хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээгээд байж байна. Ар араасаа цувран хэрэгсэхгүй болох эхлэл нь тавигдлаа.

Ц.Нямдорж: -Манай яаманд бэлэн болсон төслийг Засгийн газар УИХ-д оруулах гэхээр цогц байдал алдагдах гээд байгаа юм. Энэ бол зөвхөн Эрүүгийн хуулийн асуудал биш. Шүүхийг самарч хаясныг яах юм, Эрүүгийн хуулиа яах юм, процессын хуулиудыг яах юм гээд асуудал их бий. Тиймээс цогцоор нь оруулж ирээд хэлэлцүүлье гэсэн бодолтой байгаа. Шүүх нэг хуультай байсныг дөрвөн хуультай болгоод хаячихсан. Сая томилогдсон Ерөнхий шүүгчид “Энэ хуулиудынхаа тухай байр сууриа гаргаж өг. Ингэхгүй бол цаашаа явахгүй нь” гэж хэлсэн. “Тэгье” гэж хэлээд явсан. Хөөх хэлэлцэх хугацаатай холбоотой санал Ерөнхийлөгчөөс ирсэн. Үүнтэй холбоотойгоор яамдаас саналыг нь авах гэж байгаа. Эрүүгийн хуулийг үндсээр нь оролдохгүй бол болохгүй байна. Эрүүгийн хуулийн нэг “утас” хөврөхөд л бусад нь дагаад хөвөрчихдөг юм. Болохгүй гэж хэлсээр байтал зүтгэсээр байгаад энэ хуулийг баталсан. Зөрчлийн хуулийг 2017 онд яг ингэж баталсан. Энэ зах замбараагүй асуудлуудыг та нар л хийсэн шүү дээ, Х.Нямбаатар аа. Одоо болохоор надаас юм шаардаад байх юм. Өөрсдөө галзуу хүн шиг юм хийчихээд хариуцлагыг нь тэр галзуу хүмүүсээсээ бус надаас асуудгаа болиорой, та нар. Б.Пүрэвдорж, Х.Нямбаатар. Би та нарын нэрийг дурдаад хэлж байна шүү. Эрүүгийн хуулийн шинэчлэлийг сайн хийсэн гээд яриад байсан биз дээ. хаана байна тэр чинь. 400 гаруй хуульч хуралдаад Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэлэлцсэн гэдэг чинь худлаа. Х.Нямбаатар надаас гуйж байж Зөрчлийн хуулиар их сургууль дээр зөвлөгөөн хийсэн юм. Тэр зөвлөгөөний санал надад ирсэн. Түүнд хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Буруу зүйл хийчихээд буруутан хайж давхидгаа боль, Х.Нямбаатар аа. Чиний энэ тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү. Одоо боль.

Хариулт үлдээх

Your email address will not be published.