МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтөд ард нийтийн санал асуулгыг авна
2019 оны 6 сарын 10

2019-06-10-Улс төр

МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар мэдээлэл хийв.

“Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын 64 гишүүн өргөн барьсан. Энэ төслийг энэ долоо хоногийн төгсгөлөөс эхлээд чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа. Бүлгийн хурлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 100 хувь дэмжсэн. Ард түмнээсээ санал асуулга асуух ёстой гэсэн дээр санал нэгдсэн. Ард түмний санал асуулга гэхээр бараг арван сар хүртэл энэ хуулийн төслийг хэлэлцээд явах байх.

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг хэлэлцсэн.

Захиргааны хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан. Үүнтэй холбогдуулан энэ хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл бэлдэх ёстой. Тиймээс Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгууллаа” гэв.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Хаврын чуулган хугацаандаа завсарлаж чадах уу. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр амжихгүй дүр зураг харагдаад байна? 

-Хаврын чуулган Үндсэн хуулийн асуудал хэлэлцэнэ. Хуулийн хугацаатай. Гэхдээ хаврын чуулганд үндсэндээ багтахгүй. Тиймээс энэ долоо хоногийн сүүлээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхлээд тэгээд хаврын чуулганаа хаагаад чуулганыг ээлжит бусаар зарлаад ахиад хэлэлцэх нөхцөл байдал үүсч байгаа. Ард түмнээр хэлэлцүүлэхгүй, УИХ шийдлээ гэхэд л долдугаар сарын 25 хүрнэ. Ард түмний санал асуулгыг явуулахаар аравдугаар сар гарч байгаа. Гэхдээ бүлэг дээр ард нийтийн санал асуулгыг авах шаардлагатай гэж үзэж байгаа.

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэр зэрэг хангалттай байна гэж үзэж байгаа вэ?

-Засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжилтийг нэлээд нарийвчилж авч үзэж байгаа. Засгийн газар бол өөрөө 50.4 хувийн биелэлттэй байна гэж дүгнэсэн. Анх Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр ирэхдээ 68 хувийн биелэлттэй гэж байсан юм билээ. Гэхдээ ТЭЗҮ нь хийгдсэн төслүүдийг нь ажил хийсэнд тооцохгүй байгаа. Жинхэнэ бодитоор ажил нь эхэлсэн, тухайлбал, газар шорооны ажлаа эхлүүлсэн бол тухайн ажлыг нь үнэлж дүгнэж байгаа. Хууль батална зорилтоо хэрэгжүүлж баталсан ч хэрэгжих хугацаа нь болоогүй байгаа бол бас ажил хийсэнд тооцохгүй байгаа. Ингээд үзэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 50.4 хувьтай гарч байгаа юм.

 

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.