Шинэ цэнгэлдэх барихаас өөр сонголт үлдсэнгүй
2019 оны 7 сарын 19
Шинэ цэнгэлдэх барихаас өөр сонголт үлдсэнгүй
Жил жилийн улсын баярын наадмын нээлтийг үзэх гэсэн хүсэлтэй хүмүүс тасалбарын эрэлд гардаг. Хонон өнжин дугаарласан ч баяр наадмаа үзэж чадахгүйд хүрдэг тохиолдлууд бий. Үгүй бол шагчдаас өндөр үнээр тасалбар хуралдах авах сонголт хийхээс аргагүйд хүрнэ.  Нэг үгээр хүссэн хүн бүр наадмын нээлтээ төв цэнгэлдэхэд үзэх боломжгүй. Энэ байдал жилийн жилд л дуулиан дэгдээдэг.  Иймээс яаралтай багтаамжтай сайтай шинэ цэнгэлдэх хүрээлэн барих шаардлага тулгарч байгаа юм.

Төв цэнгэлдэхийг өнгөрсөн зууны 50-иад оны сүүлээр БНХАУ-ын тусламжтайгаар барьж байгуулсан байдаг. Харин Цэнгэлдэхийн төв асрыг 1971 онд Монголын тал гүйцээж барьсан гэх түүх бий. 20 мянган хүний багтаамжтай. Сая гаруй хүн амтай их хотынхны хувьд энэ тоо хэтэрхий чамлалттай. Мөн дээрээс нь жил жилийн наадмаар олон мянган жуулчид манай улсад хүрэлцэн ирж, монгол наадмыг үздэг. Гэвч тэд ч мөн наадмын нээлтийг үзэх боломж хомс. Билет хүрэлцэхгүй. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн. Жуулчдыг тоог нэмэх тухай ам хуурайгүй ярих хирнээ тэдэнд Монгол наадмынхаа нээлтийг ч үзүүлж чадахгүй байгаад дүгнэлт хийх цаг болсон.

Уг нь С.Батболд даргын үед Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун өмнөд бүсэд хотын шинэ төвийг байгуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотод 35,000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолборын концепц шалгаруулах уралдаан зарлаж байв. Жил гаруй хугацааны өмнө яригдсан асуудал л даа. Гэвч энэ ажил тэгсхийгээд намжсан. С.Батболд дарга ч ажлаа хүлээлгэж өгөөд алга болсон.

Харин Үндэсний их баяр наадмын өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах асуудлыг хэлэлцэв.

Ингэхдээ ирэх жилийн төсөвт шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн төсвийг суулгахаар тогтож, ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсэг эхний ээлжид тохиромжтой байршлаа сонгож, газрын асуудлаа шийдвэрлээд ТЭЗҮ гаргах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх юм. Тэгэхээр ирэх оноос шинэ цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулах ажил эхлэх нь. Угаас хотын төвд хөл гишгэх зайгүй барилга, орон сууцаар хүрээлэгдсэн Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэхээр ирсэн иргэдэд машины зогсоол олддоггүй, бие засах газрын хүртээмж муу гээд асуудал их. Иймээс шинэ цэнгэлдэх хүрээлэн барихаас өөр сонголт үлдсэнгүй.

Хариулт үлдээх

Your email address will not be published.