50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина
2019 оны 7 сарын 21
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулга болон Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн байршил, зураг төсөл, төсвийн тухай танилцуулгыг хэлэлцжээ.
Олон улсын жишигт нийцсэн 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрын байршлын талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц танилцууллаа. Зөвлөлийн гишүүд тодорхой дөрвөн газрын байршилд санал хэлж,  үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрыг дахин судалж танилцуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга  А.Энхманлайд үүрэг болголоо.
Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг төр хувийн хэвшлийн оролцоотой, байнгын ажиллагаатай байх зарчим дээр үндэслэж хийх ёстой. Зах зээлийн хэрэгцээг хангасан жилийн дөрвөн улиралд хэвийн үйл ажиллагаа явуулж байдаг цогцолбор болох Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг байгуулахад хувийн хэвшлийнхний саналыг тусгах хэрэгтэй” хэмээлээ.
Уг асуудалтай холбогдуулан Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй санал солилцож танилцуулахыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Отгонбаярт даалгав.

Хариулт үлдээх

Your email address will not be published.