С.Эрдэнэ: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл өргөн барьсан
2019 оны 7 сарын 22

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын даргад УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан байна.

С.Эрдэнэ “Дэгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа. Иргэдийн зүгээс УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагыг сайжруулах ёстой гэсэн санал их ирүүлсэн. Энэ асуудлаар 2018 оны хавраас эхлээд судалгаа хийж ажилласан. Маш олон орны туршлагыг ч судаллаа. Энэ бүгдийн үндсэн дээр УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдог байх хуулийн төсөл өргөн барилаа.

Ингэхдээ тухайн гишүүний тойргийн иргэдийн гуравны 1-ээс доошгүй нь эгүүлэн татах санал гаргасан тохиолдолд тухайн гишүүнийг эгүүлэн татдаг байх хуулийн төслийг санаачилсан. Энэ бол гишүүдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлнэ. Өргөсөн тангарагтаа үнэнч байж ажиллаж чадахгүй, хариуцлага алддаг гишүүддээ хариуцлага тооцдог байх ёстой. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцээд явахыг УИХ-ын даргаас хүсч байна” гэв.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Гишүүд өөрсдийгөө эгүүлэн татах хуулийн төслийг батлах болов уу? 

-Энэ хууль ил тод нээлттэй хэлэлцүүлэгт орно гэж бодож байгаа. Өргөсөн тангарагтаа үнэнч байж ажлаа мэддэг гишүүдэд энэ хуулийн төсөл бол асуудал биш. Тэгэхээр санал хураалтаар харагдана л даа. Хэн өөртөө итгэлтэй, хэн иргэдийнхээ өмнө өгсөн тангарагтаа үнэнч байгаа нь харагдана. Харин өөртөө итгэлгүй, ямар нэгэн байдлаар ёсзүйн асуудалтай гишүүд дэмжихгүй байх магадлалтай. Энэ хуулийн төсөл хэлэлцэгдэх үеэр хэн нь хэн бэ гэдгийг харах боломжтой.

-Ээлжит бус чуулганы дараалал гарчихсан. Тэгэхээр намрын чуулганаар хэлэлцэх үү? 

-Ээлжит бус чуулганы дараалалд ороогүй. Гэхдээ энэ хуулийг өргөн барилаа. Энэ хуулийг өнгөрсөн оны хавраас эхэлж санаачлаад өнгөрсөн намар МУ-ын Засгийн газарт өгсөн. Даанч Засгийн газар энэ асуудалд их хойрго хандсан. Зургаан сар гаруйгийн дараа татгалзсан хариу өгсөн. Тиймээс УИХ-д өргөн барьж байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.