Ерөнхийлөгч Х.Баттулгын чуулганы хуралдаанд хэлсэн үгнээс…
2019 оны 7 сарын 29

 

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал болон энэ хуульд өөрийн зүгээс боловсруулсан саналаа нэмэрлэх талаар байр сууриа илэрхийлэв. Түүний хувьд өнөөдөр санаачлан боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм. Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс онцлох ишлэлүүдийг та бүхэндээ тоймлон хүргэе.

-Үндсэн хуулийн гол үзэл санаа болох – ард түмний засаглах эрх алдагдлаа, байгалийн баялгынхаа үр өгөөжийг тэгш хүртэх, зүй зохистойгоор ашиглах бодлого алдарлаа.

-УИХ, түүний гишүүдийн нэр хүнд жилээс жилд дордож парламентын засаглалд эргэлзэх хандлага ихэслээ, улс төрийн намууд ашиг сонирхлоор хэлхэлдсэн бүлэглэл болж хувирлаа.

-Засгийн газар сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй, ойр ойрхон солигддог зэргээс шалтгаалан тогтвортой хөгжлийн бодлого үгүй боллоо, шүүх эрх мэдлийн нэр хүнд шалдаа буулаа.

-Нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүнийхээ хувьд Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцсэн нэмэлт, өөрчлөлтийн санал төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьж байна.

-Манай улсын тусгаар тогтнолыг үгүйсгэх хандлага бүхий маргаан дэлхий нийтэд байхгүй. Гэвч зарим улсад өрнөсөн үйл явдал, гашуун туршлага байгаа тул Үндсэн хуульд тодорхой зохицуулалт тусгах шаардлагатай байгаа юм. Тиймээс 25.1.6-д тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглох заалт тусгалаа.

-Үндсэн хуулийн 21.4-д “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хуйвалдааныг Үндсэн хуулийн 1, 2 дахь хэсэгт халдсан гэмт хэрэг гэж үзнэ” хэмээн томъёолсон.

-Төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах болон санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах онцгой чиг үүрэг бүхий Төв банкны хараат бусаар ажиллах нөхцөл, баталгааг улам тодотгон бэхжүүлэх асуудлыг Үндсэн хуульд тусгасан.

-Үндсэн хуулийн 6.6-д “Нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, иргэн хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нйислэлийн Засаг дарга гаргана” гэсэн заалт оруулах саналтай байна.

-Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд татварын дараах ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдоно.

-Намуудын гарааг жигд, санхүүг ил тод болгох заалтууд оруулахаар санал болгож байна. Намуудын парламентад суудал авах босго нь нийт сонгогчдын таван хувь буюу 100 мянга хүний санал авсан байхаар тогтооё. Харин намыг бүртгэхдээ тавин мянга нэгээс цөөнгүй гишүүнтэй бол сонгуулийн төв байгууллага бүртгэе.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж байгаа тул үүнтэй уялдаатайгаар УИХ-ын гишүүний Ерөнхий сайдын албан тушаалаас бусад давхар ажил эрхлэх эрхийг бүрэн хязгаарлах шаардлагатай.

-1992 оны Үндсэн хуулийг батлагдах үед Монгол Улсын хүн ам 2,158,362 байсан бол 2019 онд 3,238,479 болж, 1,080,117 хүнээр өсөн нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, 1992 онд УИХ-ын нэг гишүүн 28,399 орчим хүнийг төлөөлж байсан бол 2019 онд энэ тоо 42,611 орчим болж эрс өссөн.

-Гурван сая 200 мянган хүн амтай улсын парламент 114 орчим гишүүнтэй байх боломжтойг 108 болгох санал гаргаж байна.

-Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 33 намын зүгээс хувь тэнцүүлэх эсхүл сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгайлан зааж өгөх нь зүйтэй гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа.

-Дэлхийн улс орнуудаас Япон, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Солонгос улс, Шинэ Зеланд, Унгар, Словени, Польш, Румын, Литва, Франц зэрэг улс холимог тогтолцоог ашиглан парламентын сонгуулиа явуулдаг.

-НҮБ болон түүний гишүүн орнууд тогтвортой хөгжлийн бодлогоо 5, 10, 15 жилээр дунд, урт хугацаанд нь төлөвлөдөг болсон. Тодруулбал дэлхийн 187 улсын парламентаас 95 улсын парламент 5 жилийн хугацаагаар бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.

-УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Эдийн засгийн уналт, бууралтын мөчлөг таван жилийн давтамжтай явагддаг.

-Үндсэн хуульд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан институцийн эрх зүйн үндсийг тогтоох, Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааных нь чанарыг сайжруулах, шаардлага бодитоор тулгарч байна.

-Засгийн газар нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн бодлого гэсэн хоёр баримт бичгийг үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөртөө тулгуур зарчим болгож, заавал тусгах заалт орууллаа.

-Төрийн нарийн бичгийн даргын томилгоо болон төрийн жинхэнэ албан хаагчийн шатлан дэвших нөхцөл, баталгаа, эрхийг Үндсэн хуульд тусган хамгаалах шаардлага байна.

-Шүүхийн сахилгын хороо байгуулах санал гаргаж байна. Сахилгын хороо бол Шүүхийн ерөнхиий зөвлөлд одоо байгаа Мэргэшлийн хороо, Ёс зүйн хороо гэмэн бүтцийг нэгтгэсэн, бие даасан бүтэц бөгөөд үндсэн үүрэг нь сахилга алдсан шүүгчдэд итгэл үзүүлэх эсэх асуудал байх болно.

-2014-2018 онд давхардсан тоогоор нийт 1706 шүүгчид холбогдох 1135 гомдол хүлээн авч шалгаснаас 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд сахилгын хэрэг үүсгэн шалгаж, нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч түүний 80 орчим хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болжээ. Энэ хугацаанд 1135 гомдлоор ердөө 14 шүүгч л шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээсэн байна.

-Өнөөгийн нөхцөл байдал, Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, дэд бүтцийн тулгамдсан байдлыг оновчтой шийдвэрлэх үүднээс нийслэл нь дүүрэгт бус хотуудад хуваагдахаар тусгах нь оновчтой гэж үзсэн.

-Үндсэн хуулийн 57.3-д “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг тооцож гаргасан Засгийн газрын саналыг харгалзан УИХ шийдвэрлэнэ” гэсэн заалтыг оруулж байна.

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй уялдуулан Улс төрийн намуудын хуулийг шинэчлэх ёстой. Үүгээр одоо байгаа бүх намуудыг татан буулгах замаар улс төрийн бодлогын өрсөлдөөнд жигд, тэгш гарааг бий болгоё.

-Намуудын бүртгэлийг Дээд шүүх биш Сонгуулийн Ерөнхий хороо хариуцаж, гишүүнчлэлийн бодит байдал, давхцал зэргийг тодорхойлдог байх нь зүйтэй юм.

-Улс төрийн намууд өмчлөлгүй, үл хөдлөх хөрөнгөгүй. Гишүүдийн тоо болон сонгуулиар авсан дэмжлэгтэйгээ уялдсан талбай бүхий оффисын байраар Засгийн газар хангадаг журамтай болгоё. Дэлхий дээрх ардчилсан тогтолцоотой улсуудаас  энэ тал дээр суралцаж болно.

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг баталгаажуулсан Сонгуулийн шинэ хуулийг батлах ёстой.

-Та бүхэн сүүлийн арван жилийн туршид яригдаж, хэлэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах сонгогчдын даалгаврыг биелүүлж чадваас түүхэн үүрэг хариуцлагаа биелүүлсэн гэж үзээд УИХ-ыг тарааж, дараагийн сонгуулийг даруй зарлах шаардлагатай боллоо.

-Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.