Д.Трампын хүүд бэлэглэсэн морийг Ялалт хэмээн нэрлэжээ
2019 оны 8 сарын 1

Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын АНУ дахь анхны айлчлал өчигдөр /2019.07.31/ эхэлсэн. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар өдрийн 14.00 цагийн орчимд Цагаан ордонд хүлээн авч уулзлаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп манай улсын Ерѳнхийлѳгчийг угтаж авах үеэрээ сэтгүүлчийн “Та бэлгэнд авсан мориндоо нэр ѳгсѳн үү” гэсэн асуултад “Ялалт” гэсэн нэр ѳгсѳн гэж хариулжээ.

Улс орны төр засгийн тэргүүнүүд айлчилж буй улсдаа ямар нэгэн бэлэгтэй очих, бэлэг солилцох нь түгээмэл байдаг. Монголчуудын хувьд морийг маш их хүндэтгэн дээдэлдэг бөгөөд хамгийн хүндтэй гэсэн хүндээ морь бэлэглэдэг заншилтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгчийн бага хүү 13 настай Баррон Трампад морь бэлэглэхийг хүссэн тухай дэлхийн томоохон хэвлэлүүд онцлон мэдээлсэн билээ.

Монгол Улсын хувьд морь бэлэглэх нь тогтсон уламжлал юм. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Дональд Рамсфелд, Чак Хейгел нар болон тус улсын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден өмнө нь Монголоос морь бэлгэнд авч байжээ.

М.ХҮСЛЭН

Хариулт үлдээх

Your email address will not be published.