Трамп Путинтэй утсаар ярьж, тусламж санал болгожээ
2019 оны 8 сарын 1
Трамп Путинтэй утсаар ярьж, тусламж санал болгожээ

Америкийн талаас санаачлан, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярьжээ. Энэ үеэр Трамп Сибирьт гарсан ойн түймрийг унтраахад туслалцаа авахыг ОХУ-д санал болгосон байна.

Өнгөрсөн Лхагва гаригт Кремлийн хэвлэлийн албанаас “Өнөөдөр орой Америкийн талаас санаачлан, Владимир Путин, Дональд Трамп нар утсаар ярилаа. АНУ-ын Ерөнхийлөгч ОХУ-д Сибирьт гарсан ойн түймрийг унтраахад туслалцаа авахыг санал болголоо” гэж мэдээлсэн байна.

Путин АНУ-ын төрийн тэргүүнд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, Оросын тал, шаардлагатай бол тусламж авах болно гэж тэмдэглэжээ. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлж буйгаар, Путин АНУ-ын хамтрагчдаа Сибирийн түймрийг унтраах хүчирхэг баг байгуулагдан ажиллаж буй талаар мэдэгдсэн байна.

ОХУ-ын Онцгой байдлын яамнаас мэдээлснээр, түймэр унтраах явцад тодорхой бэрхшээлүүд тулгарч буй бөгөөд үүнтэй зэрэгцэн онгоцны түлш цэнэглэх, нисдэг тэрэг байрлуулах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж байгаа аж.

Владимир Путин Америк хамтрагчийнхаа туслалцаа үзүүлэх саналыг өндрөөр үнэлж, “Энэ нь цаашид хоёр орны харилцааг бүрэн хэмжээгээр сэргээх боломжтойн баталгаа болж байна” гэж хэлснийг Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Хоёр улсын Ерөнхийлөгч харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Кремлийн хэвлэлийн алба “Путин, Трамп нар нүүр тулан уулзах үеэрээ яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцлоо” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS

Хариулт үлдээх

Your email address will not be published.