“Аравт” морин цэргийн уралдаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тэргүүллээ
2019 оны 8 сарын 9

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өчигдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг хааж үг хэллээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг Олон улсын цэргийн наадам энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 38 төрлөөр наймдугаар сарын 3-10-ны өдрүүдэд болж байгаа юм.

Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” тэмцээнд оролцож байсан бол энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгууллаа.

Уралдаанд оролцогчоор Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Хятад Улс, Бүгд Найрамдах Зимбабве Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс ажиглагчаар оролцсон юм.

Тэмцээн хоёр өдөр, нэг шөнийн турш үргэлжилж эхний өдөр 130 км-т морь бугуйлдан түүнийгээ уналгад бэлтгэх, мориор усан болон бусад саадыг туулах, молцог элсэнд хоноглож сум, галт хэрэгслээ мориор зөөвөрлөх зэрэг даалгавар гүйцэтгэсэн юм.

Харин тэмцээний хоёр дахь өдөр 7.2 км-ийн богино зайд явганаар гараанаас гарч гранат шидэх, саад туулж буудлага хийх, мориноос гранат шидэх зэрэг даалгаврыг гүйцэтгэлээ.

Хоёр гарааны нэгдсэн дүнгээр тэмцээнийг ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 120, 232, 256, 330 дугаар ангийн шилдэг офицер, ахлагчдаас бүрдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тэргүүллээ. Хоёрдугаар байранд, Бүгд Найрамдах Казакстан, гуравдугаар байранд Бүгд Найрамдах Киргиз, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн орж, тэмцээнээ өндөрлүүлэв.

 

 

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.