“Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтын бүх процесс нээлттэй явагдаж байна”
2019 оны 8 сарын 9

“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд явуулсан. Улмаар түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 35058 иргэн цахимаар бүртгүүлээд байгаа юм. Тодруулбал, “Залуу гэр бүл” ангилалд 4443, “Төрийн албан хаагч” ангилалд 6542, “Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч” ангилалд 9549, “18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл” ангилалд 960, “Өрх толгойлсон эцэг, эх” ангилалд 3148, “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан” ангилалд 7166, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл” ангилалд 3134, “Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн” ангилалд 116 иргэн бүртгүүлжээ.

Сонгон шалгаруулах комисс хуралдаж, эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийг нээлттэйгээр хэлэлцэж, сонгон шалгаруулалтыг хийж байна. Сонгон шалгаруулалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож байгаа юм.

Энэ талаар НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатараас тодруулахад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, өрхийн ам бүлийн тоо гэх мэтээр эрэмбэлээд явж байна. Сонгон шалгаруулалтын явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн таван төрлийн холбоодын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагынхан оролцож байна.

Сонгон шалгаруулалт хэвлэлийнхэнд ч нээлттэй байгаа. Танил тал, авилга авах зэрэг хэн нэгэн давуу эрхтэйгээр орон сууцанд орох ямар ч боломж байхгүй. Бүх процесс нээлттэй явагдаж байгаа. Шалгаруулалтад тэнцээд сонгогдож байгаа иргэд материал бүрдүүлж өгөх ёстой. Бүрдүүлсэн материал нь шаардлага хангахгүй байна гэж үзвэл шууд дараагийн иргэнийг оруулах зохион байгуулалттай явж байгаа. Сонгон шалгаруулалт өнөө маргаашдаа дуусна. Ирэх долоо хоногт материал бүрдүүлэх ажилдаа орно. Сонгон шалгаруулах комисс есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэв.

Э.ЭНЭРЭЛ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.