Улсын цол авсан 2 бөхөөс ДОПИНГ илэрчээ
2019 оны 8 сарын 9

Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний их баяр наадмаар бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу гарсан хэмээн мэдэгдлээ. Улмаар бөхчүүдээс авсан шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг шинжилгээгээр хоёр бөхөөс допинг илэрсэн хэмээн мэдээлж байна. Гэвч одоогоор тэдний нэрийг ихэд нууцалж, зарлахгүй байгаа гэнэ.

Хуулийн дагуу шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо зарлах ёстой байдаг аж. Харин өнөөдрийг хүртэл ийнхүү нууцалж байгаа нь анхаарал татаж байна.

Бид энэ асуудлаар Баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны дарга, хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүнээс утсаар тодрууллаа.

-Баяр наадмын дараа авсан допингийн шинжилгээний хариу гарсан гэж Допингийн эсрэг үндэсний төвөөс зарлалаа. Харин хариуг нь Баяр наадам зохион байгуулах хороо зарлах ёстой гэж байна. Хэзээ зарлах вэ?

-Би амралттай байгаа учраас мэдэхгүй байна. Доингийн эсрэг үндэсний төвөөс шинжилгээний хариугаа Баяр наадмын зохион байгуулах хороонд хэзээ хүргүүлснийг мэдэхгүй байна. Энэ асуудлыг Баяр наадам зохион байгуулах хорооны гишүүд ярилцаж байж зарлах байх.  Өнгөрсөн жилийн наадмаар ямар журмаар шийдвэрлэсэн бэ тэр журмаараа шийдвэрлэх байх гэлээ.

ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ

МҮБХ-ны тэргүүлэгчид 2018 оны есдүгээр сарын 25-нд хуралдсан ээлжит хурлаараа допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд хариуцлага тооцох, допингоос сэргийлэх, допингтой холбоотой бусад зөрчлүүдийг хэрхэн арилгах талаар дахин хэлэлцэж “Монгол үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бус үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн баталлаа. Нэмэлт өөрчлөлтөөр:

1.Допинг хэрэглэсэн нь тогтоогдоод шийтгэл оноосон байхад барилдсан тохиолдолд уг бөхийн шийтгэлийг хугацааг хамгийн сүүлд барилдсан хугацаанаас эхлэн дахин тооцно.

2.Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийг барилдуулсан аймаг, сумын наадмыг хүчингүйд тооцож, тухайн наадамд цол авсан бөхчүүдийг эрэмбэнд оруулахгүй.

3.Шинжилгээ өгөхөөс татгалзсан тохиолдолд Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу допинг хэрэглэсэнд тооцож, улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг мөн 2 жилээр хасна.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.