ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын хүн ам нь хөгжиж боловсроогүй, улс төрөөр оролддог хэдхэн хүнийг нь худалдаж авахад амархан
2019 оны 8 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлал өндөрлөөд хэдхэн хоногийн дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Монгол Улсад айлчилсан. Тус айлчлал дэлхийн томоохон улс гүрнүүдийн анхаарлыг татаад байгаа юм. Тодруулбал, түүний энэхүү айлчлалыг АНУ-ын бага болон дунд тусгалтай пуужингуудыг Азид байрлуулахаар төлөвлөж байгаатай холбон тайлбарлах оросын эх сурвалжуудын мэдээлэл гараад буй.

Наймдугаар сарын хоёрны өдөр АНУ  Дунд болон бага тусгалт пуужин устгах гэрээнээс гарсан бөгөөд ийнхүү гарсан нь Орос гэрээг зөрчсөнтэй холбоотой гэж мэдэгдэж байлаа. Энэхүү гэрээ нь хэлэлцээрийн хүрээнд талууд 500 километрээс 5,5 мянган километр хүртэлх тусгалтай баллистик болон далавчит пуужин зэвсэглэлдээ байлгахыг хориглодог байсан юм. Харин ийнхүү гэрээнээс гарсны дараа АНУ бага болон дунд тусгалтай пуужингуудыг Азид байрлуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхлэсэн.

Пуужин устгах гэрээнээс албан ёсоор гарснаас ердөө нэг өдрийн дараа буюу наймдугаар сарын гуравны өдөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер аль болох ойрын хугацаанд Азид газар суурьтай дунд тусгалтай пуужин байрлуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Одоогоор АНУ чухам хаана пуужин байршуулах талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа ч шинжээчид төрөл бүрийн таамаглал дэвшүүлж байгаа юм. Тэр дундаа, Оросын “Комсомольская правда” агентлагийн цэргийн тоймч Виктор Баранец АНУ пуужингуудаа байршуулж болох газруудын талаар тоймлон таамаглал дэвшүүлсний дотор, Монголд байршуулж болзошгүй гэж үзсэн байна.

Оросын “Комсомольская правда” агентлагийн цэргийн тоймч Виктор Баранецийн нийтлэлд, “Монголын газар нутаг том, хүн ам нь бага. Хүн ам нь нэг их хөгжөөгүй, сэтгэлгээний хувьд дундад зууны үеийн нүүдэлчид шиг. Тэгэхээр энэ улсад олныг хамарсан эсэргүүцэл гарна гэх айдас байхгүй, харин цөөн тооны элиттэй учраа ололцчихож болно” хэмээн өгүүлжээ.

Түүний бичсэнийг дэлгэрүүлэн хүргэвэл, “Энэ бүх нөхцөлд харахад байж боломгүй мэт санагдах нэг хувилбар АНУ-ын хувьд хамгийн ашигтай болж таарч байгаа юм. Тэр нь Монгол. Ер нь хэний хувьд боломжтой вэ. АНУ-ын хувьд бол харин ч дээд зэргийн боломжтой. Энд байршуулсан дундын зайн тусгалтай пуужингууд Хятад, Орос гэсэн АНУ-ын хоёр дайсны газар нутгийг гайхамшигтай сайхнаар бүчин авна. Мурманск, Анадиырь ч хүрнэ. Энэ улсын газар орны байдал нь дундын зайн тусгалтай пуужингийн ганц хоёр харвах төхөөрөмжийг яагаад олохооргүй сайхан нуух боломжийг олгох болно.

Ер нь тэгээд газар нутаг нь том, хүн ам цөөтэй. Хүн ам нь хөгжиж, боловсорч гавиагүй, сэтгэлгээгээрээ дундад зууны нүүдэлчид. Ний нуугүй хэлэхэд феодализмаас социализм руу хий хийсэн үсрэлт бүтээгүй. Ингэж бодвол нэг том зарчмын давуу тал гараад ирж байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр олон нийтийн ил тод эсэргүүцлээс эмээх хэрэггүй. Цөөн тооны элитүүдтэй тун ч өгөөжтэй хамтран ажиллах боломжтой. АНУ-д ийм зүйл хүрэх хангалттай их мөнгө бий. Тэгээд ч Монголын элитүүд 1991 оноос хойш илэрхий барууны талыг баримталсан байр суурийг тууштай мөрдөж байгаа. Тэр бүү хэл Монголын хувьд гарцаагүй байх ёстой гэж санагддаг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэхээс олон жилийн турш зайлсхийж байгаа.

Яах вэ, Хятадаас бараг бүх талаар хамааралтай байж болно. Гэвч, нөгөө талаас хоёр улсын хооронд газар нутгийн эрт дээр үеэс улбаатай зөрчилдөөн бий. Оростой найрамдалтай харилцаатай дурсамж яах вэ? Больж үз. Түүнийг чинь Чингис хааны тахин шүтэх үзэл сайхан баллаж байгаа. Тэр бүх үгүй болгосон.

Залуу үеийн монголчуудын дунд “Оросын эзэлсэн газар нутгийн тухай яриа дэмий нэг гарч ирээгүй байх. Улс төрийн суртал ухуулгаар Украйны орос хүн амыг арав хорьхон жилийн дотор Оросыг үзэн ядагч, тархиа угаалгасан масс болгон хувиргаж чадсан бол улс төрийн хэнээтэй хэдхэн мянган монголчуулыг сэнхрүүлэх бол алга эргүүлэхийн зуур.

Иймд ойрын хэдэн жил Монгол дахь үзэл суртал ба улс төрийн шилжилт хөдөлгөөний талаар анхааралтай ажиглах нь зүйтэй. Юумыг яаж мэдэх вэ…

Эцэст нь хэлэхэд долдугаар сарын сүүлээр Вашингтоноос тун ч гайхалтай мэдээ дуулдсан шүү дээ. Тэр нь Ерөнхийлөгч Трамп монголын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээ хийж гэнэ. Цагаан ордноос ирж байгаа мэдээнээс үзвэл хэлэлцээний гол сэдэв нь “Трампын захиргааны төлөөлөгчид Монголд гадаад худалдаагаа төрөлжүүлэхэд нь туслах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна”.

Ямар гайхалтай буянтай үйлс вэ! Дэлхийн хоёр дахь том эдийн засаг Албани эсвэл Буркина-Фасогийн түвшний ДНБ-тэй, дэлхийд доогуурт ордог эдийн засагтай орны гадаад худалдааг төрөлжүүлэх сонирхлыг өөрөөр тайлбарлах аргагүй.

Монголын Ерөнхийлөгч Трампын хүү Бэрронд морь бэлэглэснээр Трамп талархлаа ийн илэрхийлсэн байх боломжгүй. Үүний тайлбар нь “Трамп болон Баттулга нар түүнчлэн аюулгүй байдал болон батлан хамгаалахын асуудлаар хэлэлцлээ” гэсэн өгүүлбэрт л оршиж байгаа юм. Газарзүйн байрлалаараа онцлог Монгол улс АНУ-гүйгээр яахан батлан хамгаалахаа цогцлоох билээ! Мөн дээрээс нь Трампын Үндэсний аюулгүй байдлыөвлөх Жон Болтон саяхан Улаанбаатарт очсон. Тэр ч энх тайванд дуртай гэдгээрээ алдартай хүн дээ” хэмээсэн байна.

Тэгвэл энэ талаар Монголоос АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудаснаа “АНУ Монголд пуужингуудаа байршуулахаар бэлтгэж байгаа юу?” мэдээний хариуд “Ийм илт худал юм бичиж хэрэггүй шүү дээ. Манай нутагт гадаадын цэрэг байршуулах хуулиар хориотой” хэмээн дээрх мэдээллийг бүрэн үгүйсгэж жиргэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: tsargrad.tv

Хариулт үлдээх

Your email address will not be published.