“Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жил 51 их, дээд сургуулийн 1000 оюутан хамрагдаж байна
2019 оны 8 сарын 12

Оюутан, залуучуудыг эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бэлтгэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, ахмад үеийн дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, шаардлагатай үед дайчилгааны бэлтгэл нөөцийг бэлдэх зорилго бүхий оюутан цэргийн сургалтад энэ жил 51 их, дээд сургуулийн 1000 оюутан хамрагдаж байна. Тэдний 300 нь Ховд, Зүүнбаян, Эрдэнэт, Өвөрхангай дахь орон нутгийн ангиудад суралцаж байгаа бол 700 нь Улаанбаатарт хичээллэж байна.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдснаар багаар ажиллах чадвартай, тэсвэр хатуужилтай болж, ёс суртахууны хувьд төлөвшиж, үг сонсож сурдаг гэж тус хөтөлбөрийн зохицуулагч, хурандаа Г.Мягмаржав ярьж байна.

Оюутан цэрэгт хамрагдсан оюутнуудыг цэргийн алба хааснаар тооцохын зэрэгцээ цэргийн 11 бага мэргэжлийг эзэмшүүлдэг байна.  2014 онд эхэлсэн тус сургалтад зургаан жилийн хугацаанд 5500 гаруй оюутан хамрагдаж, эх орныхоо өмнө эр цэргийн тангараг өргөжээ. Энэ жил тус хөтөлбөрт 7000 гаруй оюутан бүртгүүлснээс энэхүү 1000 оюутныг шалгаруулан авчээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.