У.Хүрэлсүх: Монголын төр мөнгөний өмнө бөхийх ёсгүй
2019 оны 8 сарын 14

 

Өмнөговь аймгийн иргэд, ТББ-ууд, сэтгүүлчид Гурвантэс сумын нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан “Сауд гоби коэл транс” компанийг эсэргүүцэн сүүлийн хэдэн жил тэмцэж байгаа билээ. Өнгөрөгч долоодугаар сарын 29-нд Даланзадгадад, энэ сарын есний өдөр Төрийн ордонд Тост, Тосон бумба үндэсний хэлэлцүүлэг хийсэн билээ. Түүнээс хойш гурав хоногийн дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн болон бусад төрийн байгууллагын удирдлагуудыг дуудан Тост, Тосон бумбын асуудлаар чиглэл өгсөн. Энэ үеэр түүний хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэе.

1. Уул уурхайн салбарт ажиллаж буй зарим нэг хүн, зарим нэг олигархиуд монгол төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна. Уул усыг хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна.

2.Анхнаасаа хууль зөрчиж олгосон зөвшөөрөл гэж би ойлгож байгаа. Ерөнхий сайд энэ асуудлаар та нарт 2-3 удаа даалгавар өгсөн.

3.Энэ уурхайтай холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй би хэд хэдэн удаа уулзаж, анхааруулж хэлсэн. Яасан цадаж ханадаггүй шунал вэ.

4.Эх орны газрыг сэндийчээд, ард иргэдийг бухимдуулаад хувьдаа ашиг хонжоо олохын төлөө УИХ-ын гишүүнээр сонгогддоггүй гэж би бодож байна.

5.Албан тушаалтнуудыг авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэдэг болж. Тагнуулын даргаа, цагдаагийн даргаа яагаад шалгахгүй байгаа юм бэ.

6.Байгаль орчин, аялал жуулчлалын сайд одоо Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж Тост, Тосон бумбад ашигт малтмал олборлож буй газрын лицензийг цуцал, үүрэг өглөө шүү.

7.Машин техникийг нь журамла, цагдаагийн дарга газар дээр нь очиж ажилла.

8.Ард түмэнд хээл хахууль өгөх гээд байгаа асуудлаар Тагнуулын ерөнхий газрын дарга хэрэг үүсгэж шалга.

9.Хууль бусаар олборлолт хийсэн “Сауд гоби коэл транс” компаниар нөхөн сэргээлт хийлгэ. Хэрэв энэ ажлыг хийж чадахгүй бол сайд нар, албан тушаалтнууд ажлаа өг.

10.Өвлийн тэсгим 30-40 градусын хүйтэнд 30 мянган хүн Сүхбаатарын талбайд жагссаныг битгий мартаарай. Энэ хүмүүс Монгол Улсад шударга ёс тогтоож өгөхийг хүсэж жагссан.

11.Хууль зөрчин үйл ажиллагаа явуулсан “Сауд гоби коэл транс” компанийн үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоо.

12.Өнөө маргаашгүй газар ухахаар бэлдэж байгаа 2-3 компанийн лицензийг цуцал.

13.Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад ав.

14.Одоо ашиглаж байгаа уул уурхайгаа л ашигла. Илүү газар уул уурхайн ажил явуулж байгааг таслан зогсоо.

15.Монголын төр мөнгөний өмнө бөхийх ёсгүй шүү гэдгийг хатуу хэлье.

16.Газар нутгийн бүрэн бүтэн байдал, экосистемийг ямар ч хүн хөндөж болохгүй, ямар ч хууль үүний өмнө бөхийх ёстой.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.