Амьдралын 12 хууль
2019 оны 8 сарын 19


Карма буюу үйлийн үр хэмээх ойлголтын талаар буддын шашинд дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.
Гэвч энэ нь шашны ойлголт гэхээсээ хүний амьдрал, хувь заяа, үр дагаврыг хамгийн энгийнээр тайлбарласан ойлголт юм.

1. Үндсэн хууль: Юу тарина, түүнийг л хураана гэх үзэл бол Кармагийн үндсэн ойлголт юм. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн сайн, муу бодол болон үйлдэл нь эцсийн дүндээ ямар нэг тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг мартаж болохгүй. Хэрэв та амьдралдаа амар амгалан, хайр, нийцэл зохицлыг хүсэж байгаа бол яг тийм үйлдлийг хий, бод.
2. Бүтээхүйн хууль: Хар аяндаа буй болдог зүйл гэж нэгээхэн ч үгүй. Хэрэв мөрөөдлийн амьдралаа цогцлоохыг хүсэж байгаа бол өөрөө гол тоглогч нь байж, хувь нэмрээ оруулах ёстой. Зүгээр л аз тохиохыг хүлээгээд сууж болохгүй.Ийм үлгэр байдгийг санаж байгаа биз дээ.
Нэг гуйлгачин өдөр бүр бурхны хөшөөний өмнө суугаад:
– Бурхан минь, намайг сугалаанд хожуулж өгөөч, гуйя, гуйя… гээд л залбирдаг байжээ. Нэг сар, хоёр сар… нэг жил…
Тэгсэн нэг өдөр нөгөө хөшөө тэсэлгүй дуугарч байна гэнэ
– Гуйя хүү минь, гуйж байна, эхлээд сугалаагаа авчих л даа
3. Даруу төлвийн хууль: Өөрчлөлт хийхийг хүсэж байвал одоо байгаа нөхцөл байдал, болж буй үйл явдлыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх ёстой. Эхлээд хүлээн зөвшөөрч сурахгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Мөн сайн, муу гэж харахдаа гол нь биш байгаагаар нь хүлээн авах нь чухал гэжээ.
4. Өсөлт хөгжлийн хууль: “Та хаашаа явна тийшээ л очино” гэх үг байдаг шүү дээ. Товчоор бол бид өөрсдийгөө өөрчилсөн цагт л бидний зам мөр, амьдрал өөрчлөгдөнө.
5. Үүрэг хариуцлагын хууль: Ихэнх хүмүүс азгүйтэл, бүтэлгүйтэлтэй учрах тоолондоо бусдыг, нөхцөл байдлыг буруутгадаг. Яг үнэндээ бидний амьдрал бол бидний хийсэн үйлийн үр дагавар, өөр юу ч биш.
6. Шүтэн барилдлагын хууль: “Бодлоо хяна, учир нь бодол чинь нэг л өдөр үг болдог, үгээ хяна, учир нь үг чинь нэг л өдөр үйлдэл болдог, үйлдлээ хяна, учир нь үйлдэл чинь удалгүй зуршил болдог, зуршлаа хяна, учир нь зуршил чинь араншин болдог, араншингаа хяна, учир нь араншин хувь заяа чинь болдог” хэмээх хэлц үг байдаг. Бидний хэлсэн ганц үг, бидний хийсэн жижигхэн үйлдэл ч амьдрал, хувь заяаг шийдэх чадалтайг мартаж болохгүй.
7. Төвлөрөлийн хууль: Хүн нэг мөчид хоёр зүйлийн тухай бодох боломжгүй. Тиймээс хийж буй зүйлээ амжилттай болгоё гэж бодож байвал анхаарлаа түүнд бүрэн дүүрэн зориул. Мөн сөрөг бодол, сатааруулж буй бусад зүйлсээс өөрийгөө тусгаарласан цагт л эерэг үр дүнд хүрнэ.
8. Бусадтай хуваалцах, найрсаг байх хууль: Таны зан байдал нь бодол хийгээд үйлдэлтэйгээ нийцэж байх учиртай.
9. Өөрчлөлтийн хууль: Өнгөрснөөсөө суралцаж, алдаагаа засаагүй цагт түүх давтагдсаар байх болно. Хэрэв сүүлийн үед таны амьдралд ямар нэгэн гэнэтийн өөрчлөлт, үйл явдал тохиосон бол энэ нь таны хийсэн өөрчлөлтийн үр дүн гэж ойлгох хэрэгтэй.
10. Одоо цагийн хууль: Бидэнд буй цор ганц зүйл бол одоо цаг. Хэрэв та цаг үргэлж өнгөрсөнд болсон үйл явдлын талаар боддог бол таны нэг хөл өнгөрсөнд байна гэсэн үг. Хэрэв та үргэлж ирээдүйн талаар санаа зовниж суудаг бол таны нэг хөлөө ирээдүйд тавьчихсан байгаагаас ялгаагүй. Харин одоо цагт амьдрахын тулд яг одоо, яг энд юу болж байгааг бүрэн ухамсарлаж, түүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
11. Хичээл зүтгэл ба урамшууллын хууль: Олон хүн амар хялбар замаар хүссэн үр дүндээ хүрэх тухай боддог. Бодит байдал дээр золиосгүйгээр ирдэг зүйл нэгээхэн ч үгүй. Та хичээл зүтгэл, энерги, тэвчээрээ бүрэн зарцуулж байж л эцсийн үр дүнг хүрнэ.
12. Ач холбогдол, урам зоригийн хууль: Та дэлхийд оршин байгаа л бол эргэн тойрны хүмүүстээ, нийгэмд, дэлхий ертөнцөд бага ч болов өөрчлөлт авчирна. Энэ бол хөдлөшгүй хууль. Харин тэр нь олон сая хүнийг хамрах уу эргэн тойрны хэдхэн хүнийг хамрах уу, сайн байх уу муу байх уу гэдэг нь зөвхөн танаас л шалтгаална. Бүх л өөрчлөлт нэг хүний үйлдэл, зориг, санаачилгаас эхэлсэн олон түүхийг бид мэднэ шүү дээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.