Тяньжин руу шууд нисч эхэллээ
2019 оны 9 сарын 10

“Аэромонголиа” ХХК БНХАУ-ын Тяньжин хот руу өнөөдрөөс тогтмол нислэг үйлдэж эхэллээ.

Тус компани Улаанбаатар-Тяньжин-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн 1, 3, 5 дахь өдрүүдэд нисэх юм.

Өнгөрөгч долоодугаар сарын дундуур хоёр дахь “EMBRAER ERJ-145” агаарын хөлгөө угтан авч байсан “Аэромонголиа” компани ийнхүү олон улсын нислэгийн чиглэлээ нэмэгдүүлж байна.

Шинэ нислэгийн чиглэл нээж байгаатай холбогдуулан ирэх аравдугаар сарын 31-н хүртэл зорчигчиддоо хямдралтай үнийн тийз санал болгож байгаа ажээ. Тяньжин хот нь худалдаа, эдийн засгийн томоохон боомт хот бөгөөд хурдны галт тэргээр Бээжин рүү 30 минут яваад хүрдэг байна.

“Аэромонголиа” одоогоор орон нутгийн чиглэл болох Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь аймаг болон олон улсын Эрхүү, Хөх хот, Тяньжин чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.

Эх сурвалж: ИНЕГ

Хариулт үлдээх

Your email address will not be published.