Г.Батцэнгэл: Монгол Улс нүүрсний өрсөлдөөнд ямар ч бэлтгэлгүй байна
2019 оны 9 сарын 6

“Coal Mongolia” чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус чуулга уулзалтаар Монголын нүүрсний өрсөлдөх чадвар, борлуулалтыг хэрхэн яаж ахиулах вэ гэдэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Уул уурхай тэр дундаа нүүрсний салбарын хэт хамаарал бүхий эдийн засагтай манайхны хувьд жил бүр зохион байгуулагддаг уг чуулга уулзалт нэг талаас харахад “хуучин” сэдвүүдээ л байнга тойрч ярьдаг учраас шийдэл нэхсэн асуудлууд хэвээрээ байгааг сануулдаг. Нэгэнтээ нүүрсний хэт хамаарлаас ойрын хугацаанд ангижирч чадахгүй учраас энэ ашигт малтмалаас авч үлдэх өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг бид ярих л ёстой болж байгаа юм. Жилийн өмнөх “Coal Mongolia”-гийн үеэр Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг хойш нь татаж буй асуудлуудаар төмөр замын дэд бүтэц, хил гаалийн нэвтрүүлэх чадвар гэсэн уламжлалт асуудал яригдаж байсан. Энэ жил ч яригдаж байна.

Г.Батцэнгэл: Монгол Улс нүүрсний өрсөлдөөнд ямар ч бэлтгэлгүй байна

Тавантолгой дэлхийн хэмжээний орд болох нь баталгаажлаа гэсэн мэдээллийг өнгөрсөн жилийн чуулга уулзалт дээр тунхагласантай зэрэгцэн манай  нүүрсний  экспортын гол өрсөлдөгч Оросын Холбооны Улс болохыг Хятадын төлөөлөгчид ярьж байсан билээ. Тэгвэл энэ жилийн чуулганд  “Энержи Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал  Г.Батцэнгэл “Монголын коксжих нүүрсний зорилтот зах зээл” сэдэвт илтгэл тавихдаа  “Монгол Улс нүүрсний өрсөлдөөнд ямар ч бэлтгэлгүй байна” хэмээн мэдэгдлээ. Тэрбээр “Одоо нүүрсний үнэ өндөр байгаа болохоор манайх өрсөлдөөнд гайгүй яваад байна гэж бодоцгоож байх шиг байна. Сорилт тулгарахад бэлтгэлгүй байна. Дараагийн хямрал айсуй. Гэтэл бид төмөр замгүй хэвээрээ. Ингэж өөрсдийгөө хохироодог улс байна уу? Бид олон жил ярилаа. Одоо дахиад ярихаар солиотой гэж харагдах байлгүй. Төмөр зам тавих ёстой гэдгийг эрхбиш хүн болгон ойлгосон байлгүй. Одоо барих л үлдлээ. Гашуун сухайтаар гарсан нүүрсний хэмжээ өссөн. БНХАУ-ын зүгээс Монголоос илүүтэй чанар сайтай, баяжуулсан нүүрс худалдан авах сонирхол илүү байгаа нь ажиглагдаж байна… Хятад том улс. Муж мужаар гангийн үйлдвэрлэл, нүүрсний хэрэглээ өөр. Байгаль орчны бодлогын хүрээнд гангийн үйлдвэрлэл, коксжих нүүрсний хэрэглээ Монголтой хил залгаа мужуудад хоёр оронтой тоогоор өсөж байна” гэхчлэн ярьж байлаа. Тэрбээр өмнөх жилийн есдүгээр сард “Coal Mongolia”-д оролцохдоо “Хилээр нэвтрэх машины тоо, хэмжээг хязгаарласнаар бид нэг тонн тутамд 10 ам.доллар алдаж байна. Тонн нүүрс тээвэрлэх өртөг 15  ам.доллар байсан бол 25 ам.доллар болсон. Үүнтэй холбоотойгоор  нэг л компани гэхэд жилд 40 сая ам.долларын алдагдал хүлээж байна. Бид дэд бүтэц, хилээр нэвтрэх чадвараа сайжруулахгүйгээр нүүрсний зах зээлд гарсан хоёр дахь том боломжийг ашиглаж чадахгүйд хүрнэ. Боломжоо ашиглахын тулд гарцаа олон болгомоор байна” гэж байсан юм.

Ер нь бол Монголын нүүрсний өрсөл­дөх чадварыг ахиулъя гэвэл дээр дурдсан уламжлалт асууд­луудаа шийдэхээс өөр гарц байхгүй.

Манай өрсөлдөгч түрүүлээд алхчихсан!

Есөн жилийн өмнө Төрөөс төмөр замын чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг УИХ-аас баталж байсан. Яг өнөөдрийн тухайд нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн төмөр замын дэд бүтцийг төр байгуулаагүй байна. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг шуурхайлан байгуулна гэж буй ч хөрсөн дээр буух хүртлээ хэдий хугацааг туулахыг өнөөдөр хэлэхэд эртдэх болов уу. Төмөр замын бүтээн байгуулалтын асуудалд төр засаг дэндүү хойрго ханддаг гэдгийг хэдийнэ ухаарсан нүүрсний салбарынхан эхний ээлжинд хилээр нэвтрүүлэх чадвараа нэмэгдүүлээч гэж хэлсэн хэвээрээ л байна.

Нөөцөөрөө дэлхийд яригдах Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах тухай бид  олон жил улс төрийн түвшинд ярьж байгаатай зэрэгцэн манай гол өрсөлдөгч болох Оросын Холбооны Улс том алхсаар л байна. Хойд хөрш Тувагийн Элегест ордын  нүүрсийг өмнөд хөршид, цаашлаад олон улсын зах зээлд хүргэх төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “РЖД”,  “ТЭПК Кызыл – Курагино” нийгэмлэгүүд хамтран гүйцэтгэх гэрээг хэдийн байгуулсан.  Кызыл-Курагино төмөр замын төсөл бол гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах санаачилгыг хэрэгжүүлэх хөтөлбөрт багтсан төслүүдийн нэг. Элегест ордын нүүрсийг БНХАУ-д хүргэх энэ төмөр замын төсөл манай Тавантолгой ордын өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал анхаарал татах нь зүйн хэрэг. Учир нь Кызыл – Курагино төмөр замын төсөл газарт бууснаар ганц Элегест биш Элга зэрэг нөөц арвин ордуудын нүүрс тээвэрлэгдэх юм. БНХАУ-ын зүгээс уг төмөр замын төсөлд оролцох сонирхлоо гурван жилийн өмнөөс илэрхийлж байсныг дурдах хэрэгтэй байх.

Тавантолгой ордыг дэд бүтцийн бодитой шийдэлтэйгээр,  бүрэн утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулах тухай сэдэв халуун хэвээрээ арвангурав дахь жилээ замнаж байна. Улс төр, эдийн засгийн хүрээний анхаарлыг анх татаж эхлэх үед нөөц нь зургаан тэрбумаар хэмжигдэж байсан бол жорк стандартын дагуу нөөцийн хэмжээ бүрэн баталгаажвал найм хүртэлх тэрбум тонноор хэмжигдэхээр байгаа билээ. Нөөцийн хэмжээ өсөж бүртгэгдэнэ гэдэг мэдээж сайн мэдээ. Гэхдээ ордын бодит үнэ цэнийг бүрэн тодорхойлоход дан ганц нөөцийн хэмжээ хангалттай биш гэдгийг шинжээчид хэлдэг. Төслийг цогц утгаар нь ажил хэрэг болгоход улс төрийн тогтвортой, ончтой шийдэл хэрэгтэй. Эрэлтээ бодитой тодорхойлж, идэвхтэй урагшлах боломжоо зөв тооцоолох ёстой. Сануулахад, 2018  оны сүүлчээр БНХАУ нүүрсний худалдан авалтаа хумихад, бид энд төсвийн орлого тасалдах нь гэж багагүй сандарсан. Товчхондоо бол Монголын эдийн засгийн бүтэц эмзэг, тэр хэрээр дархлаа нэхсэн өдрүүд байсан. 2019 он гарснаас хойшх нөхцөл байдлын тухайд Австралид үер болсноос гадна хоёр улсын маргаан манай экспортод эерэг нөлөө дагуулсан. Тэгвэл Хятад, Австрали улсуудын харилцаа саймшрах янзтайг эхэнд өгүүлсэн шүү дээ. Хятад улс Америкаас нүүрс авахгүй байгаа нь Австралитай ойлголцоход нөлөөлж байгаа байж болох. Бид нүүрсээ угаадаггүй, баяжуулдаггүй нь Австралийн нүүрсний доор бичигдэх үндсэн шалтгаан гэдгийг өчигдөр Хятадын шинжээчид хэлж байна лээ. Ер нь БНХАУ-д зөвхөн Австрали манайх хоёр нүүрс нийлүүлдэггүй. Индонез, Канад, Орос гээд өрсөлдөгчид эгнэж байхад бид өрсөлдөх чадвараа тордож байж л төсөвтөө хэдэн төгрөг авчирна шүү дээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.