АТГ: Гаалийн байцаагчдын авлигын бичлэгийг дэлгэлээ
2019 оны 9 сарын 10

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү өнөөдөр тус газарт шалгагдаж буй олны анхаарлын төвд байгаа хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.

 

Мэдээллийн үеэр 2015-2016 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн байцаагчдын авилга авсан гэмт хэргийн үйлдлийн талаарх бичлэгийг үзүүлэв.

Тодруулбал, БНХАУ-аас орж ирж буй бараа бүтээгдэхүүнийг ямар ч хяналт шалгалтгүй улсын хилээр нэвтрүүлж, оронд нь авилга авсан байна. Нийт 90 тонн ачааг хилээр хяналтгүй оруулж ирснийхээ төлөөсөнд 4.5 сая төгрөг хахуульд авсан бол 28.2 сая төгрөгийг татварт төлөх ёстой байжээ. Тухайн цаг үед авсан бичлэгт гарч буйгаар гаалийн байцаагчид авилга авсан мөнгөө агааржуулагч, орны араар нуусан байсныг газар дээр нь илрүүлж хураасан нь энэ.

2015-2016 онд үйлдэгдсэн уг авилгын хэрэгт холбогдсон этгээдүүдэд 2-6 жилийн хорих ял оноосон бөгөөд уг бичлэгт гарч буй мөнгөн дүн нь бага мэт харагдавч хилээр нэвтрүүлсэн 90 тонн бараа бүтээгдэхүүний хор уршиг нь тооцоологдохооргүй их гэдгийг комиссар Т.Баярхүү тодотгов.

Энэ мэт гаалийн байцаагчдын хууль бус үйлдэл одоо ч арилахгүй байгаа ба таслан зогсоохын тулд АТГ-аас тасралтгүй ажиллаж байна. Хэрэв таны ойр тойронд том, жижиг гэлтгүй авилгын гэмт хэрэг үйлдэгдэж байвал цаг алдалгүй баталгаажуулж, АТГ-т мэдээлэл өгөхийг хүслээ.

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.