Ариун хайрын бэлгэдэл Цагаан-Уул цэцэг
2019 оны 10 сарын 10

Цагаан-Уул цэцгийг Монгол, Болгар, Хорват, Швейцар, Франц, Норвеги, Итали, Малайз, Индонез, Герман, Испани, Польш, Словак, Словен, Австри, Румын зэрэг олон оронд хуулиар хамгаалсан байдаг.

Навч, цэцэг нь цагаан үсэрхэг бүрхүүлтэй. 7-9 сард 5-6 жижиг шар толгойтой од хэлбэрийн дэлбээтэй цагаан цэцэг гардаг. Энэхүү ургамал нь 3-20 см өндөр ба голдуу хад чулуурхаг ууланд 2000-2900 метр өндөрлөг газар ургах нь элбэг. Хоргүй ургамал бөгөөд ардын эмчилгээнд хэрэглэх нь бий.

Ерөнхийд нь Альпийн нурууны болон Сибирийн гэж хоёр ангилна. Монгол оронд Сибирийн ангилалд багтах дөрвөн зүйл Цагаан-Уул цэцэг ургадаг байна.

Сибирийн Цагаан-Уул нь нэг нэгээрээ цэцэглэдэг онцлогтойгоос гадна навч нь цувраа байрлалтай, цэцгийн хамт гадуураа үсэрхэг бүрхүүлтэй аж.  Монголчууд эртнээс нааш Цагаан түрүү, Уул өвс, Ул өвс, Суйх гэх мэтээр нэрлэж иржээ.

Бусад цэцгийн адил зуны улиралд цэцэглэж, намар ганддаг ч жилийн дөрвөн улирлын туршид нэг л өнгөөрөө байдаг учраас “Үхэшгүй мөнхийн бэлгэдэл Цагаан-Уул” хэмээн онцолж ирсэн байна.

Францын ургамал судлаач Жан Поль, Виржини Лусс нар гэрлийн янз бүрийн спекторт Цагаан-Уул цэцгийн зургийг авч хэт ягаан туяаг бүрэн шингээдэг болохыг баталжээ. Эрдэмтэд цэцгийн үсэрхэг бүрхүүл нь хүчирхэг шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг болохыг электрон микроскопоор илрүүлсэн гэдэг. Энэ нь нь “нано” бүтэцтэй нарны тос бий болгоход гол түүхий эд нь болжээ. 

Энэхүү цэцгийг Франц, Германд “Үнэнч хайрын бэлгэдэл” болгон шүтдэг юм байна.


Ингээд та бүхэнд Цагаан-Уул цэцгийн домгийг толилуулъя.  

Өнө эрт цагт хорвоо дэлхий дээр өвөл зун гэсэн хоёр улирал л ээлжлэн ирдэг байсан цаг үест нэгэн хаан хатан хоёр үзэсгэлэнт сайхан гүнжийнхээ хамт амьдран суудаг байжээ.  Гоо үзэсгэлэн төгөлдөр гүнж охиныг эхнэр болгохыг хүссэн олон хаан хөвгүүд, эрэлхэг баатар эрс ирж сүй тавихыг гуйдаг байв. Бүсгүйд ямар ч эр таалагдаагүй учраас гуйж ирсэн бүх эрчүүдээс татгалзжээ.

Эцэст нь гүнж “Надад хосгүй үзэсгэлэнт Цагаан-Уул цэцэг авчирч өгсөн хунтайжтай гэрлэнэ” хэмээн мэдэгджээ. Гүнжийн болзол холын хол, мянган уулсын цаадах улс гүрнүүдээр тархаж, тэр ховор гайхамшигт цэцгийг олж авчрахаар олон баатар эрс, хунтайж нар мордоцгоож гэнэ. 

Сарьдаг өндөр уулын оройд ургадаг тэр цэцэг рүү хүрч очих зам байхгүй, их л бартаа саадтай газар байдаг ажээ. Гэтэл нэгэн цөс ихтэй, омог бардам залуу тэрхүү цэцгийг олж ирэхээ амлаад аян замд гарчээ. Өнөөх залуу түмэн бээрийг туулж, саад бэрхшээлийг давсаар үзэсгэлэнт Цагаан-Уул цэцгийг авч чадаад хааны ордонд ирсэн боловч өнөөх гүнж нь Цагаан-Уул цэцэг авчирч өгөх хунтайжийг хүлээсээр байгаад өтөл эмгэн болсон байна гэнэ.

Харин өнөөх эрэлхэг залуу Цагаан-Уул цэцгэнд хүрч чадсан тул хааны ордон руу явах зам зууртаа бага багаар залуужиж идэр сайхан зүсээ эргүүлэн олж гэнэ. Баатар эр эмгэн болсон гүнжтэй гэрлэхээс татгалзаж адал явдал хайн дахин холын аянд гарчээ. Тэр цагаас хойш хосгүй ховор Цагаан-Уул цэцгэнд хүрч чадсан хэн боловч үргэлж аз хиймороор гийж байдаг гэсэн домогтой болжээ.


Хариулт үлдээх

Your email address will not be published.