Хариуцлага хүлээх чадвартай хүмүүсийг харж ав, ГИШҮҮД ЭЭ
2019 оны 9 сарын 12

Монголын жүдо бөхийн холбооны удирдлага, багш дасгалжуулагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Тэд жүдо бөхийн ДАШТ-ээс эх орондоо алтан медаль авчраагүй учраас ажлаа өгч байгаа нь энэ. Олимпийн өмнөх ДАШТ-нд хариуцлагагүй хандаж, ард түмнийхээ итгэлийг алдсандаа харамсаж байгаагаа ч илэрхийллээ. Жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хөдөлмөрийн баатар О.Балжинням, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нар ард түмнээс уучлал гуйн бөхийлөө. Тэд хангалттай гавьяа байгуулсан хүмүүс. Тэр хэрээрээ ард түмнээ, спортоо хүндэтгэж буйгаа харууллаа.

 

 

Энэ үйлдлийг УИХ-ын гишүүд сайн харах хэрэгтэй. Тэгээд өөрсдөөсөө ичих шаардлагатай. Сонгосон ард түмэндээ “хар масс” гэх нэр хоч өгч басамжилна. Цаашлаад өөрсдийн баталсан хуулиа уландаа гишгэж, монгол төрийг доромжилно. Хариуцлага гэх зүйл УИХ-ын гишүүдэд огтхон ч байхгүй. Хариуцлага хүлээнэ гэх ойлголтыг хар толгойноосоо аваад хаясан хэсэг бүлэг хүмүүс төрийн толгойд суудаг нь худлаа биш.

 

Наанадаж л ажилдаа ирдэггүй. Долоо хоногт хоёрхон хуралддаг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрэн байсан тохиолдол бараг байхгүй. Хоёр, гурвуулахнаа сууж хууль хэлэлцдэг нүд хуурагчид. Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх хариуцлагатай цаг үед ч эрхэм гэж өргөмжлөгдсөн гишүүд нь амарч, аялж зугаалж, хувийн хөрөнгөө аривжуулж явна. Аргаа ядсан УИХ-ын ахмад гишүүн нь чуулганы танхимд нэр усаар нь дуудаж, Монголын төрийг хангалттай доромжиллоо хэмээн агсамнаж сууна. Бүр УИХ-ын дарга нь Үндсэн хуулийг хэлэлцэх хугацаанд гадаад дотоодын томилолт гэх зугаалгаа зогсоож өгөхийг гуйлаа. Тэгээд ч байнгын хороод, нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй сунжирсан хэвээр л байна.

 

Ажил хариуцсан, ард түмний итгэлийг хүлээсэн албан тушаалтнууд хариуцлага хүлээдэг байх нь, хар УИХ-ын гишүүд ээ. Гэтэл та бүхэн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ард түмэнд зориулагдсан санг цөлмөж, хэдэн сая, тэрбум төгрөг авчихаад хэнэггүй явсаар л байна. Юун ард түмнээс уучлал гуйх, харин ч зах зээлийн нийгэмд зээл авч болохгүй гэсэн хууль хаана байна хэмээн ам асууж, басамжилж байна. АТГ-аас ЖДҮХС-аас өөрийн компанидаа зээл авсан ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмээн мэдэгдсэн. Хариуд нь сайд асан Б.Батзориг “Хэрэг гээд байгаа зүйл нь ямар шатанд явааг би мэдэхгүй” хэмээн томорч байна. Ийм л ёс суртахуун, ийм л ёсзүйтэй хүмүүс төрийг толгойлж байна. Монгол төрийг, сонгосон ард түмнээ хүндэтгэх ухамсар тэдэнд алга. Тиймээс хариуцлага хүлээх чадвартай, ард түмнээ хүндэтгэх сэтгэлтэй жүдогийн баг тамирчдыг харж, өөрсдөөсөө ич. Төрийн хүний ухамсаргүй, хариуцлагагүй байдалдаа гутар.

 

Үнэн хэрэгтээ тамирчид очсон тэмцээн бүрээсээ медаль авах албатай биш. Тэд медалийн төлөө дэвжээнд гардаг ч тооцоолоогүй, төсөөлөөгүй олон бэрхшээл тохиолдох нь мэдээж. Эх орныхоо нэрийг дуурсгахын тулд өдөр бүр хөлс хүчээ урсгадаг тамирчид нэг тэмцээнээс хоосон ирлээ гээд бөхийх шаардлагагүй. Төрийн нэр нүүрийг, хөрөнгийг, ажил албыг шавар шавхайтай хутгадаг түшээдийн дэргэд тамирчдын алдаа дутагдал юу ч биш. Тэд хэнийг ч хохироогоогүй. Гэхдээ тэд ёсзүй, ухамсартай, хариуцлага үүрэх чадвартай учраас уучлал гуйж бөхийгөөд, ажлаа өглөө. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг ч харууллаа. Төрийн ордонд заларч, эрхэм хэмээн өргөмжлүүлдэг түшээд та бүхэн өөрсдийгөө нэг сайн хараарай, ухамсар бий бол ичсэндээ уйлмаар санагдах вий. Ард түмний итгэл алдсан тухай яривал дасгалжуулагчид бус та бүхэн огцрох учиртай.

Б.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.