У.Хүрэлсүх: Ажил хийж чадахгүй бол монголын төрөөс зайлцгаарай
2019 оны 9 сарын 13
/ 2019-09-13 /

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж төсөл, макеттай танилцлаа.

Архитектурч Д.Балдан “Театр гэдэг нь өөрөө ариун сүм байдаг. Биднийг хүүхэд байхад Сүмбэр уулыг дов байхад, Сүүн далайг шалбааг байхад хэмээн ярьдаг байсан. Тэр ч утгаараа уул, үүлийг билэгдэл болгож өгсөн. Энэ театрт ирсэн хүн ардын урлагаараа дамжуулж өв соёлоо таньж мэдэх учиртай төдийгүй анх орж ирээд л үлгэрийн оронд ирсэн мэт сэдэл төрүүлэхээр хийсэн” болохоо онцлов.

Харин гүйцэтгэгчээр шалгарч эрхээ аваад буй “Хатанбаатар” компани урьдчилсан зургийн төслөө танилцуулав. Одоо байгаа барилгын төмөр хийцийн суурийн дэд бүтцэд тулгуурлан гурван блок нийт 33мкв, 10,800 мкв үзмэрийн талбай бүхий 75 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах зураг төслийг боловсруулжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Бид сүүлийн 30 жил дан уул уурхай ярьсан. Яаж газар ухаж алт олох вэ, яаж мөнгөтэй болох вэ гэж. Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажлыг мартчихсан. Монголын ард түмэн битгий хэл гадаадууд ирээд үзэж харах юм Цонжинболдогоос өөр юм байхгүй. Баруун тийшээ явбал Хархорин орж байгаа байх. 300-400 км газар донсолж муу замаар давхисаар байгаад очоод хуучны нэг хот үзэж байгаа. Тийм учраас Засгийн газраас барьж байгаа бодлого бол ард түмнээ соён гэгээрүүлэх, түүх дурсгалаа олон түмэнд таниулах энэ ажилд анхаарлаа хандуулна. Энэ музей Байгалийн түүхийн музейн суурин дээр баригдах бөгөөд Чингис хааны нэр дор бүх хааны онцлогийг харуулсан түүхэн музей болох учиртай. Харин Байгалийн түүхийн музей нь Их тэнгэрийн аманд ашиглалтад орох бөгөөд ажил нь эхэлчихсэн явж байгаа. Засгийн газраас ийнхүү барихаар болсон нь ард түмнээ соён гэгээрүүлэх, түүх дурсгалаа олон түмэндээ таниулах зорилготой.

Тус хоёр барилга дээр нэмээд Үндэсний урлагийн их театр, Номын сангийн барилга дөрвийг эхний ээлжид ашиглалтад оруулах бөгөөд 2020 оны төсөвт сууна. Энэ дөрвөн ажлын дараагаар Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Төв номын сангийн барилгын засварыг хийнэ.  Мөнгө төгрөг, газрын маргаан, хэрүүл маргаантай байгаа бүх асуудлыг Засгийн газар шийдсэн байгаа.  Асуудлыг чинь шийдээд байхад та нар яагаад ажиллахгүй байгаа юм. Та нар ажил хийвэл хий. Хийхгүй бол боль. Та нарын цаана гадаадад сургуульд төгссөн залуучууд төрдөө зүтгэе, ажил хийе гээд байж л байна. Энд битгий буг болоод суугаад бай. Ажил хийж чадахгүй бол монголын төрөөс зайлцгаарай. Одоо ажлаа хиймээр байна. Улс төрийн хэрүүл тэмцлээ болъё. АН, МАН гэж хуваагдаж хэрэлдсээр байтал энэ улс орон хөгжсөнгүй. Улс төрийн намд байгаа хулгайч нараа цэвэрлэе. Тийм сонгууль болоосой гэж хүсч байна. Төрөө цэвэрлэцгээе. Улс орондоо юм хийж бүтээе. Үүний төлөө хамтарч ажиллая гэж уриалж байна” гэв.

Х.ИНДРА

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.