Ерөнхийлөгч ХОРИГ тавих эрхтэй ч УИХ-д хүлээж авах эсэх эрх хадгалагдана
2019 оны 9 сарын 25

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Энэтхэгт, УИХ-ын дарга Эрхүүд айлчилж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Ард нийтийн санал хураалт явуулах УИХ-ын тогтоолын төсөл гишүүдийн ирц бүрдээгүйгээс байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдсэнгүй. Харин хэлэлцэх асуудлын гадуур “УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах”  сэдвийг өнгөрсөн долоо хоногийн турш хүчтэй сэвлээ. Эрх баригч хүчин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын удирдлагуудын түвшинд энэ яриа яригдсаныг баталж, УИХ дахь МАН-ын бүлгээр уг асуудлыг эрс эсэргүүцэж, сөрөг хүчин АН “Энэ парламент чадамжгүй учраас бид тарах шаардлагыг эртнээс тавьж байсан. Одоо МАН хариуцлагаас зугатаж байна. Хэрвээ УИХ-ыг тараах гэж байгаа бол эхлээд “60 тэрбум”, ЖДҮ-чдэдээ хариуцлага тооц. УИХ-ыг тараах хүндэтгэх шалтгаан хэрэгтэй” гэсэн байр сууриа илэрхийлж байгаа.

 

УИХ-ын гишүүдийн тухайд шинэ Үндсэн хуулийг батлаад мөрдөх товыг парламентын бүрэн эрх дуусгавар болох хугацаанаас өмнө заавал УИХ-ыг тарахыг зөвшөөрнө гэх нэг хэсэг байхад “МАН 2016 онд ард түмэндээ амлалт, мөрийн хөтөлбөр дэвшүүлж УИХ-д олонхийн суудал авсан. Тиймээс амлалтаа хэрэгжүүлж, мөрийн хөтөлбөрөө тайлагнаж, цагийн юмыг цаг хугацаанд нь дуусгавар болгох хэрэгтэй” гэсэн байр сууьтай байгаа. Хуулиараа УИХ-ын гишүүдийн 3/2 буюу 51 гишүүн гарын үсэг зурж, өргөн барьж хэлэлцүүлэхэд УИХ тарах үндэслэл бүрдэнэ. Энэ парламентын тухайд нэг суудлын орон гарсан байгаа. Тиймээс 49 гишүүний гарын үсэг шаардлагатай. Хэдийгээр УИХ-ыг тараах бичигт 40 гишүүн гарын үсэг зуржээ гэсэн бор шувуу ниссэн ч санаачлагачдаас албан ёсоор мэдээлэл хийсэн гишүүн байхгүй. Ер нь хагарч, талцсан “64-ийн бүлэг”-ийн гишүүд энэ удаад парламентын гаднах намын даргынхаа саналын эсрэг нэгдсэн байр суурьт хүрсэн харагдсан.

 

Тэгээд ч УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулбал хуулийн олон зөрчилтэй тулж, ҮХЦ өргөдөлд дарагдана. Наанадаж, төрийн албан хаагчид хүний эрх зөрчлөө гэсэн асуудлаар ҮХЦ хандаж, цаашлаад парламент ч үгүй, төр ч үгүй  ганхсан засаглал үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж ажиглагчид үзэж байгаа.

 

Ийнхүү УИХ-ыг тараах асуудал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр намжихтай зэрэгцээд Ерөнхийлөгчийн зүгээс Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийг батлах УИХ-ын тогтоол хориг тавилаа. Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулгыг явуулах тогтоолд “Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих үү, парламентын засаглалыг дэмжих үү” гэсэн хуулийн гадуурх асуудлыг санал болгосон. Энэ удаад Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахгүй үндэслэлгүй, хэлэлцэх асуудал тусгагдаагүй санал гэж гишүүд үзэж байгаа. Өмнө нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгч хуулийн төсөл хэлбэрээр өргөн барьж, УИХ хэлэлцээд, 20 хувийг нь дэмжиж, тусгаад байгаа билээ. Харин Ерөнхийлөгчийн зүгээс төслөө бүхэлд нь татан авч байгаагаа мэдэгдсэн.

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлийг дэмжих үү, үгүй юу гэсэн ганц асуулттай Ард нийтийн  санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд баталвал урьдчилсан байдлаар санал асуулгад 30 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа. Ганц асуулттай санал асуулгыг их хэмжээний зардлаар явуулахын оронд УИХ-ын ээлжит бус сонгуулийг хамтатгах санаачлага парламентаас гадуурх улстөрчдөөс гарах нь дамжиггүй. Магадгүй, ээлжит бус сонгуулийн сургаар ичнээсээ гарч, олонд харагдаж, танигдаж, ээлжит сонгууль хүчээ үзэхийг зарим улстөрчид, улс төрийн намууд битүүхэн тооцсон байгаа. Учир нь УИХ-ын ээлжит бус  сонгууль явагдлаа гэхэд хагас жил хүрэхгүй хугацаатай. Тэгээд ч УИХ-ыг тараасан үнэмлэхүй олонхи эрх баригч ээлжит сонгууль байтугай ээлжит бусаар ч өрсөлдөх эрхгүй бичигдээгүй хууль үйлчилнэ. Сонгогчдод, ард түмэнд тэд юу хэлж, юугаа амлах вэ?

 

Энэ долоо хоногт Ард нийтийн санал асуулга явуулах хугацааг зарлан тунхаглах тогтоолын төслийг хэлэлцэн батлахаар УИХ төлөвлөсөн байна лээ. Ингэхдээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх эрх нь парламентад бий. Тэгээд ч өмнө нь Ерөнхийлөгч УИХ-аар хэлэлцэн баталсан хуулийн төсөл, бусад асуудалд хэдэнтээ хориг тавьж байсан ч УИХ хүлээж авсан нь цөөн. Ерөнхийлөгчид хориг тавих эрх нь нээлттэй ч УИХ-д хүлээх авахгүй байх эрх нь хадаглагддаг.

Хариулт үлдээх

Your email address will not be published.