Ц.Сандуй: 60 тэрбумын гэх хэрэг зохиомол
2019 оны 9 сарын 25

НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцлоо. Түүний хэлсэн онцлох ишлэлийг хүргэж байна.

• Би жаран тэрбумын гэх хэрэгт холбогдсон. Үүнийг зохиомол хэрэг гэж шууд хэлмээр байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын төрийн эрхийг хууль бусаар авсан гэдэг зүйл ангиар яллаж байгаагүй. Анхны хүн нь би болох гэж байна.
• Намайг 2002 оны Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 гэдэг зүйл ангиар ялласан байгаа. Хуулийн заалтад, “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан бол 16-20 жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж байсан. Үүнийг сонсоод би гайхсан. Яагаад гэвэл 2016 оноос хойш энэ хэрэг дөрөв дэх удаагаа сэргээгдэж, өнөөдөр ийм яллах дүгнэлтэд хүрээд байна. Үүнээс өмнө хоёр удаа прокуророос, нэг удаа цагдаагаас хэрэгсэхгүй болгож буцаасан байдаг.
• Жаран тэрбумын гэх хэргийг эхлээд авлига албан тушаалын хэрэг гэж үзээд 1500 орчим хүнээс асуулга авсан юм билээ. Ингэхдээ “2016 оны сонгуулийн өмнө та ажилд орохдоо мөнгө өгч орсон уу”, “Та ямар нэгэн байдлаар Ц.Сандуй гэдэг хүнийг таних уу” гэж асуусныг саяхан хавтаст хэрэгтэйгээ танилцахдаа мэдсэн. Ингээд авлига албан тушаалын хэрэг биш болохоор нь хэрэгсэхгүй болгосон байсан.
• Жил гаруй хугацааны өмнө Л.Оюун-Эрдэнэ гишүүн Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийж, өргөдөл өгөөд, үүнийг сайн шалга гэсэн. “Наад хүнээ заавал яллах ёстой, нийгэмд муухай харагдуулах ёстой” гэсэн улстөрийн захиалгаар хууль хүчний байгууллагад хэн нэг нь нөлөөлсөн гэж хардаж байгаа. Үүнийг надад хамгийн ойр байсан, хамгийн их итгэж байсан хүмүүс хийсэн гэж хардаж байна.
• Нам дотроос, намын удирдах албан тушаалд байгаа хүмүүс үүнийг зохион байгуулж байна. Н.Энхбаяр даргыг манай намынхан яаж боорлож, яаж гэмт хэрэгтэн болгосныг бүгд санаж байгаа. Яг тэрэнтэй адилхан процессоор М.Энхболд даргыг явуулсан. Одоо Ц.Сандуйг буруутан болгох ёстой гэдэг зохиолын дагуу явж байна. Гол санаачлагч Г.Доржзодов гэдэг гэрч болчихсон, А.Ганбаатар бид хоёр яллагдагч болсон.
• Хуулийнхан жаран тэрбумын асуудлыг гэмт хэрэг биш гэдэг. Тэгэхээр яаж яллах дүгнэлт үйлдсэн гэхээр 2002 оны “гурван Дорж”-ийн гэгддэг хүчингүй болсон хуулиар яллахаар болсон. 2015 онд баталсан хуулийг 2017 оны долдугаар сарын нэгнээс мөрдөж эхэлсэн шинэ хуулийн 19.2-т үүнийг “Хүч хэрэглэж, зохион байгуулалттай, зэвсэг техник, цэрэгжилтийн хүчээр төрийн эрх мэдлийг авсан тохиолдолд” гэж заасан байгаа.
• Өнөөдөр надад хуулийн хамгаалалт алга. Намайг өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй байсан. Наадах чинь гэмт хэрэг биш, улстөрийн хэрэг. Улстөрийн хэрэгт хууль яриад нэмэргүй байдаг гэсэн. Бүгд тэгж хэлсэн.
• Г.Доржзодовтой анх танилцсан өдөр бол миний амьдралын хамгийн бараан өдөр.
• Г.Доржзодов сонгуулийн технологи, сонгуулийн стратеги, төлөвлөлт сэдвээр ОХУ-д бакалаврын зэрэг хамгаалж байсан. 2012 онд компанийн өрсөлдөөний тагнуулын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанийг монголд үүсгэн байгуулсан хүн юм билээ. Г.Доржзодов 60 тэрбумын схемийг зохиож намуудад танилцуулж байсан. Тэдний нэг нь А.Ганбаатар бид хоёр байсан.
• 2016.06.18-ны өдөр намайг тойрогтоо ажиллаж байхад энэ бичлэгийн асуудал анх сөхөгдсөн. Тухайн үед, А.Ганбаатарыг дуудаад энэ юун бичлэг билээ гээд асуусан. Бид Г.Доржзодовыг гэж огт хардаагүй. Гэтэл гэнэт тэр нөхрөөс А.Ганбаатар бид хоёр руу мессеж ирсэн. 20 сая төгрөг гэсэн. Биднийг шантаачилсан. А.Ганбаатар өгсөн гэгддэг.
• Сая долларын асуудал бас яригддаг. Г.Доржзодов мөн намын удирдлагуудтай уулзаж сая доллар шантаажилсан юм шиг байна лээ.
• У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар 60 тэрбумын асуудлаас болж М.Энхболд даргыг явуулсан. Гэхдээ энэ хүмүүс бүгд энэ 60 тэрбумын схемийг үзэж, танилцсан. Тухайн үед У.Хүрэлсүх дарга “Маш сайн стратеги байна. Би олон сонгуульд орж байсан. Ийм цэгцтэй, мундаг хөтөлбөр харж байсангүй” гэсэн. Аргагүй шүү дээ. Г.Доржзодов боловсруулсан юм чинь. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр ч гэсэн “Сайн болж, зөв болж” гэцгээж байсан. Энэ бүх хүмүүс байцаалт өгсөн байгаа.
• Харин өнөөдөр намайг золиосолж байна. Эр хүний хувьд үзэх ёстой юмаа үзэж байна гэж бодож байгаа. Надад маш үнэтэй сургамж боллоо.
• Намайг хотын намын дарга бол гэхэд би гурван удаа үгүй гэж хэлж байсан. МАН 2012 оны сонгуульд ялагдах үед Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар биш би Америк руу явж сурах гэж байсан. Тэр үед би хотын орлогч болоод байлаа. Г.Занданшатар дарга намайг дуудаад “Хотын намын хороог авах хүн олдохгүй байна. Хотыг сайн мэддэг хүнд өгмөөр байна” гэсэн. Ингээд би хотын намын хорооны дарга болсон.
• Тэр үед У.Хүрэлсүх дарга намайг дуудаад “МАН-ын хамгийн их массыг дагуулдаг хэсгийн дарга болсон учраас ах нь чамд гал голомт бэлгэдсэн тулга, тогоо бэлэглэе” гээд өгч байсан.
• 2016 оны сонгуульд ялагдсан МАН-ыг, нийслэлд ялагдашгүй гэгдэж байсан Э.Бат-Үүлийг ялуулсан хүн нь бий. Намайг ялна гэдэгт манай намынхан ч итгэхгүй байсан. Хотын намын хороо атгасан гар шиг ажиллаж чадаж байсан учраас ялалт байгуулсан. Гэвч жаран тэрбумын 90 секундийн бичлэгээс болоод хотын даргын албан тушаалыг надад өгөөгүй.
• Жаран тэрбумын схем бол ажил хэрэг болоогүй. Г.Доржзодов энэ бичлэгийг тараагаагүй байсан ч бид үүнийг хэрэгжүүлэхгүй байх байсан. Энэ бол зөвхөн яригдаад өнгөрсөн л асуудал. Яригдаад өнгөрсөн ярианы төлөө ял авбал энэ хэлмэгдүүлэлт болно. Үүний төлөө эрүүгийн биш ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой. Би хүлээчихсэн. Нэгдүгээрт хотын дарга болоогүй, хоёрт, хурлын дарга болоогүй, гуравт, намын даргаа өгсөн, дөрөвт, намаасаа хасагдсан.
• Жаран тэрбумын бичлэгт М.Энхболд дарга байгаагүй. М.Энхболд даргын хоолой яваад байгаагийн учрыг Г.Доржзодов тайлбарлах байх. М.Энхболд дарга байсан бол өнөөдөр надтай адил яллагдах байсан. Байхгүйг нь мөрдөн байцаалтаар нотолсон.
• 2016, 2017 онд МАН хүчтэй байх үед Доржзодов нуугдаж, цагдаа сэргийлэх Ц.Оюунгэрэл гишүүний гэрт байхад нь тойрч бүслээд олон зүйл болсон. Тэр явдлыг сонгууль удирдаж байсан менежер хийсэн. Тэр үед над руу Д.Амарбаясгалан утасдаад “Чи ямар нэг хөдөлгөөн хийж болохгүй шүү. Бид нэг үйл ажиллагаа явуулж байгаа” гэсэн. Би мэдээгүй. Тэгээд тийм зүйл болсон. Д.Амарбаясгалан ерөнхий менежер байсан. Энэ бол түүний хийсэн ажил.
• МАН-ын өнөөдрийн хуваагдал 2013, 2014 оноос эхлэлтэй. У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ нарын залуучуудын холбооны хагарлаас эхтэй. Тэднийг эвлэрүүлэх ажлыг би хийсэн.
• Тэр үед, У.Хүрэлсүх дарга намайг нэг удаа өрөөндөө дуудаад “Чи маш том гавьяа байгууллаа. Ах нь чиний гурван алдааг өршөөнө. Гэхдээ миний дүү чи юмыг дандаа эвээр, зөөлөн хийх гэж явдаг. Намын дарга хүн хааяа хүмүүсийг зандарч, ташуурдаж байх хэрэгтэй гэсэн (Сэлэмд гэж арай хэлээгүй). Тэгээд надад дурсгалын зүйл болгож энэ ташуурыг өгсөн. Үүгээр би нэг ч хүн ташуурдаагүй. Хийморио сэргээх гэж нэг удаа л морь ташуурдсан.
• Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Д.Батбаатар нар намын дүрэмд өөрчлөлт оруулж байгаад намайг намаас хөөсөн.
• Д.Амарбаясгалан миний төрсөн өдөр дээр ирээд “Ц.Сандуй би чамайг дарга байхад чинь чамаас хол байна. Чамайг ядарсан үед чинь хажууд чинь байна” гэж маш олон хүний хажууд хэлж байсан.
• Д.Амарбаясгалан гэдэг хүн М.Энхболд даргын баруун гар байсан.
• У.Хүрэлсүх даргыг өнөөдөр хүчтэй байхад нь олон хүн дагаж байна. Маргааш унахад нь бүгд дэвсэнэ шүү дээ. Тойроод байгаа хүмүүст нь хандаж, “Битгий урваарай” л гэж хэлье дээ.
• У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар намын санхүүжилт яриад явж байхдаа тухайн үед хадгаламжийн банкны 14 тэрбумын асуудалд орж байлаа. Намын дарга нарын зовлон л доо. Одоо Д.Амарбаясгалан мөнгө олох гээд зовж л байгаа. АТГ-д шалгагдаад л явж байгаа. Би ч гэсэн мөнгө олох гэж зовсон. Би ялагдсан намын дарга байсан. Над дээр хэн ч ирж байгаагүй. Ялахын тулд мөнгө л хэрэгтэй. Би найз нараасаа маш их мөнгө, хандив авсан. Одоо би тэдний царайг харахаасаа ичдэг. Одоо би гудамжинд гарчихсан. Тэдэндээ дэм болж чадаагүй байна. Тэд МАН-ыг жигшиж байна.
• Энэ хэрэгт холбогдсондоо өөртөө л гомдож байна. Би Ард Аюуш шиг нэг үг хэлсэн. “Би 60 тэрбумын хэрэгтэн биш. Би 60 тэрбумд холбогдсон Ц.Сандуй байна” гэж хэлсэн. Би төрийн албан хаагч учраас энэ зүйлийг хэзээ ч хийлгэхгүй байх байсан. Би үүнд холбогдсондоо ичиж байна.
• Аав минь, надад “Ю.Цэдэнбал даргыг хөөсөн нам шүү дээ. Цаг хугацаа үнэн зөвийг хэзээ нэг өдөр ил болгоно” гэж хэлсэн. Сүүлдээ энэ хүмүүс хүүхдүүд рүү минь дайрч байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.