Эмийн сангууд дахин шалгалтад бүдэрчээ
2014 оны 12 сарын 4

МХЕГ-ын даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар “Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ, тандалт судалгаа, хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх хяналтын дүн”-г хэлэлцлээ.

Хоёр удаагийн урьдчилан сэргийлэх хяналтаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 41 нэрийн 44 цуврал 479 ширхэг, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 130 нэрийн 134 цуврал 2025 ширхэг, стандартын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй 59 нэрийн 539 ширхэг, дотоодын эмийн үйлдвэрийн 58 нэрийн 520 ширхэг, нийт 288 нэрийн 3563 ширхэг эм, бэлдмэлийг улсын байцаагчийн акт үйлдэн хураасан байна.

тухайлбал Төв аймгийн Баян-Өнжүүл сумын эрүүл мэндийн төвд хэрэглэж байсан хүчинтэй хугацаа дууссан 18 нэрийн эмийг эмнэлгийн дэргэдэх комиссын бүрэлдэхүүнтэйгээр устгуулсан аж. Мөн  Нийслэлийн гурван эмийн санд хэрэглэх хугацаа дууссан гурван нэрийн эмийн сангийн бэлдмэлийг газар дээр нь устгах арга хэмжээ авсан байна.

Хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний явцад давхардсан тоогоор нийт 5 330 зөрчил дутагдал илэрснээс дараах зөрчил дутагдал нийтлэгээр илэрлээ. Тодруулбал эмийн сан нь хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй эмээр үйлчилж байгаа дутагдал шалгалтанд хамрагдсан нийт байгуулагын 18,4 хувьд байжээ.

Улмаар шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор 272 байгууллагад 1885 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлага хүргүүлж, зөрчил гаргасан 35 байгууллага, 65 албан тушаалтан, 4 иргэнд нийт 25,255,000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, барагдуулсан байна. Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй 49 нэрийн, хаяг шошгын зөрчилтэй 98 нэрийн, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 190 нэрийн, хадгалалтын горим алдагдсан 9 нэрийн нийт 320 нэрийн 6,359,529 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг улсын байцаагчийн 56 акт үйлдэн хураажээ.

Стандартын шаардлага хангаагүй зургаан эмийн сангийн үйл ажиллагааг бүрэн, найман эмийн сангийн үйл ажиллагааг хэсэгчлэн түр хугацаагаар зогсоон биелэлтийг хангуулж дөрвөн эмийн сангийн үйл ажиллагааг сэргээн ажиллуулжээ.

Б.АЛТАН

Хариулт үлдээх

Your email address will not be published.