Author Archives: admin

Дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт нар 2024.01.23-ны өдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Их Британи, Умард ирландын нэгдсэн хаант улсын засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан.

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх хэлэлцээрийг албажуулан баталлаа. Үүний үр дүнд хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна Европ болон Төв Азийн орнуудаар дамжин нисэх боломж бүрдэж байна. Ингэснээр Монгол Улс дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо. 2024 онд шинээр Узбекистан, Кувейт, Испани, Латви, Азербайжан улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. Австрали, Иран, Индонез улстай агаарын харилцааны хэлэлцээрийг үзэглэхээр төлөвлөж байна.

Мөн тун удахгүй БНСВУ-ын Хошимин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хот чиглэлд шууд нислэг эхлүүлэх аж. Одоогийн байдлаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн хаант Улсын Лондон хотын чиглэлд Монголын талаас зорчигч тээврийн нислэг үйлдэхээр “МИАТ” ТӨХК, дан ачаа тээврийн нислэг үйлдэхээр “Изинис Эйрвэйз” ХХК-иуд томилогджээ.

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болж байна. Энэ тогтоолыг ирэх сарын 1-нээс дагаж мөрдөнө.
Монгол Улсын Засгийн газраас хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан 2018, 2019, 2020, 2022, 2023 онд  нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн. Ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 685.6 мянган төгрөгт хүрч, 2016 онтой харьцуулахад 2.2 дахин нэмэгдсэн.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан 2023 оны арваннэгдүгээр сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангаас нийт 493.0 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 59 орчим хувь буюу 288.4 мянган тэтгэвэр авагч бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэв
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сард 375 мянга, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 302500 төгрөг болголоо.
Монгол Улсын Засгийн газар 2023 оны долдугаар сарын 01-нээс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 12.8 хувиар нэмэгдүүлж 325,000 төгрөг, харин 2020 оноос хойш нэмэгдээгүй байсан асаргааны тэтгэмж 84,500 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж 275,000 төгрөг болгосон. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэний тэтгэмж 123,100 төгрөгийг мөн адил 275,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн юм.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд гэх зэрэг нийгмийн зүгээс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6  мянган иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авч байна. Мөн 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж олгохоор болсон. Энэ тусламжид нийт 12.8 орчим мянган хүүхэд хамрагдаж байна.
Асаргааны тэтгэмжид байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/-ийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 65.9 мянган иргэн байна.
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийлээ. Төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөлд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн сан байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ.
Байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс бүрдүүлсэн “Үндэсний баялгийн сан” бий болж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжих юм.

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл боловсруулна
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нарт даалгав.
Хууль болон цогц төлөвлөгөө батлан хэрэгжүүлснээр;
1.Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтвортой сүлжээ бий болж, малчдын орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшилнэ.

2. Орон нутгаас хот руу чиглэсэн хүн амын төвлөрлийг  сааруулж, Хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх боломж бүрдэнэ.

3. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдал хангагдаж, малын чанар, үүлдэрлэг байдал сайжирч, эрүүл ахуйн шаардлага хангасан малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

4. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхтай, байгальд ээлтэй, ногоон аж ахуйн нэгжийн шалгуурыг  хангана.

5. Бэлчээр ашиглалт, малын тэжээл тариалалт, хашаа хорооны зохион байгуулалт сайжирна.

6. Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд төрөөс олгож буй урамшууллын ач холбогдол, үр өгөөж дээшилнэ.
7. Малчдын санал, санаачилгад тулгуурласан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг зах зээлийн зарчмаар явуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
 
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
“Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхэд бүрд асрамжийн газар нь данс нээлгэж, хүүхдийн мөнгийг банканд бүрэн хадгалуулна. Харин 14 ба түүнээс дээш насны хүүхэд бүрд хүүхдийн мөнгөний 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансыг нээлгэх бөгөөд энэ данс нь цахим карттай байна.
Ингэснээр асрамжийн газарт байгаа хүүхдүүд хүүхдийн мөнгөний 20 хувийг картаар авч хичээлийн хэрэгсэл авах, секц, дугуйланд хамрагдах зэргээр өөрийн хэрэгцээнд зарцуулах боломж бүрдэх юм. Үлдсэн 80 хувийг одоогийн зохицуулалтаар буюу хүүхдийн хадгаламжийн данстай холбон хадгаламж хэлбэрээр авдаг зарчим хэвээр хэрэгжинэ.
2024 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 20 байгууллагын халамж, асрамжийн 29 төвд 0-18 насны нийт 924 хүүхэд, залуус өсөж хүмүүжиж байна. 2021 оны Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын өөрчлөлтөөр хүүхдийн эрхийн байцаагчийн дүгнэлтээр дансанд нь хуримтлуулдаг болсон юм.
 
Экспортлохоор бэлтгэсэн хонь, үхрийн махнаас дотоодын нөөцийг нэмэгдүүлнэ
“Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Ажлын хэсэг танилцуулга хийлээ.
Танилцуулгатай холбогдуулан хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдийн олон улсад экспортлохоор бэлтгэсэн хонь, үхрийн махнаас дотоодын махны нөөцийг зохих хувиар нэмэгдүүлэх боломжийг судлан шийдвэрлэхийг холбогдох хүмүүмт үүрэг болголоо.

Товч мэдээ
·      Орон нутагт малын сэг, зэмийг цэвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан зарим сумын Тамгын газарт тээврийн хэрэгсэл, техникийг худалдан авахад шаардагдах нэг тэрбум 800 сая төгрөгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд даалгав.
·      Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      2024 оны нэгдүгээр сарын 23-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.
·      Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгууллаа.
·      Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурлын бэлтгэлийг хангах чиг үүрэг бүхий Ажлын албыг Гадаад харилцааны яамны дэргэд байгууллаа.

Зөгийн балны ашиг тус

Цэцгээс цэцэг дамжин нисэхдээ зөгийнүүд байгалийн давтагдашгүй бүтээл болох балыг цуглуулдаг. Хүмүүс бүр эрт цагаас ашиг тусыг нь мэдэн тогтмол хэрэглэж иржээ. Эртний Египет, Грек, Ромын гээд бусад соёл иргэншлүүд зөгийн балыг эмчилгээний зорилгоор хэрэглэдэг байсан байна.

Тэгвэл энэ шидэт идээний 10 ашиг тусыг дэлгэрэнгүй тайлбарлаж байна.

1.   Зөгийн бал ханиад намдаадаг

2007 онд Анагаах Ухааны Пенн (Penn State College of Medicine) коллежийн хийсэн судалгаагаар ханиадтай хүүхэд бал хэрэглэхэд шөнө сайн унтаж, ханилгах нь буурч байжээ. Өөр нэг ижил туршилтаар 270 ханиадтай нэгээс таван насны хүүхдэд унтахаас нь 30 минутын өмнө хоёр цайны халбага бал өгөхөд шөнө бага ханиалгаж, илүү сайн унтаж байв. Ингэхдээ зөгийн балаар эмчлээгүй хүүхдүүдтэй харьцуулж үзсэн юм байна.

2.   Зөгийн бал ой тогтоомжийг нэмэгдүүлнэ

Ройтерсын нэгэн нийтлэл дээр дурдсанаар 102 цэвэршилтийн насны эрүүл эмэгтэйг туршилтанд оруулжээ. Ингэхдээ өдөр бүр 20 грамм зөгийн бал өгөхөөс өөр зүйл хийгээгүй байна. Дөрвөн сарын дараа ой тогтоолтын шалгалт авахад бусдаас илүү олон үг тогтоож чадаж байгаа нь харагджээ. Шүүмжлэгчид үүнийг үндэслэл муутай гэдэг ч ямар нэгэн ялгаа байгаа нь харагдаж байна.

3.   Зөгийн бал шарх эдгээнэ

Олон судалгаагаар зөгийн бал яр шарх, түлэгдэлтийг эдгээх увидастай нь батлагдсан. Шархан дахь бүх төрлийн бактерыг устгаж чаддаг гэнэ. Нэгэн туршилтаар 59 шархтай хүнийг боловсруулаагүй зөгийн балаар эмчлэхэд 80 хувь нь эдгэсэн байна. Хэрхэн эмчилгээнд ашиглах тухай WebMD-гээс мэдэж болно.

4.   Зөгийн бал тэжээллэг бодисоор баялаг

National Honey Board байгуулагаас гаргасан зөвлөмжинд дурдсанаар зөгийн баланд маш олон төрлийн шим тэжээлийн бодисууд байдаг гэнэ. Тухайлбал: кальци, зэс, төмөр, магнез, манган, фосфор, цайр гэх мэт. Тиймээс чихэрний оронд зөгийн бал хэрэглэвэл илүү ашигтай.

5.   Зөгийн баланд цусны цагаан бөөм буурах эрсдлээс сэргийлэх боломж бий

Майо Клиник (Mayo Clinic)-ийн дурдсанаар химийн эмчилгээнээс үүдэлтэй цусны цагаан бөөм буурах эрсдлээс сэргийлэх хамгийн ирээдүйтэй бөгөөд зардал багатай арга бол зөгийн бал хэрэглэх гэжээ. Гүйцэд батлагдаагүй байгаа ч зарим нэг туршилтаар нааштай үр дүн харагджээ. Иймээс цааш нь үргэлжлүүлэн судалж байгаа гэнэ.

6.   Зөгийн бал улирлын чанартай харшлыг бууруулах боломжтой

Шинжлэх ухаан батлаагүй байгаа ч амьдрал дээр олон хүн үр дүнтэйг нь баталдаг. Зөгийн бал нь цэцгийн тоосноос бүрддэг тул ийм байх боломжтой гэж судлаачид үздэг гэнэ. Үүнийг судлаж баталгаажуулах л дутуу байгаа юм.

7.   Зөгийн бал антибиотикт дийлддэггүй бактеруудыг устгаж чаддаг

Туршлагаар батлагдсан нэг зүйл бол зөгийн бал нь хоол хүнсээр дамждаг “E. coli”, “salmonella” болон метициллинд тэсвэртэй “staphylococcus aureus”, “”pseudomonas aeruginosa” өвчин үүсгэгчдийг устгах чадвартай.

8.   Зөгийн бал спиртийг задлахад тусалдаг

NYU Langone Medical Center”-ын мэдээллээр зөгийн бал нь биен дэхь спиртийг задлах чадварыг нэмэгдүүлдэг тул согтолтыг багасгаж цусан дахь спиртийн хэмжээг түргэн бууруулдаг ажээ.

9.   Зөгийн бал дасгал хийхэд хүч нэмэгдүүлнэ

Тамирчид болон спортоор хичээллэх хүн болгонд зөгийн бал маш их эрч хүч өгдөг. The National Honey Board-ын зөвлөмжинд бэлтгэл хийхдээ хэрэглэх усандаа бал нэмж хийвэл их эрч хүч өгдөг гэжээ. Дасгалын өмнө ба хойно зөгийн бал орсон хүнс хэрэглэвэл бас тустай.

10.  Зөгийн бал халзралт болон хагны асуудлыг шийднэ

Хаг болон хуйхны арьсны асуудалтай хэсэг хүнд туршилт хийжээ. Ингэхдээ 10 хувийн балтай бүлээн усаар толгойныхоо асуудалтай хэсгүүдэд түрхээд гурван цагийн дараа усаар зайлна. Үүний дараа долоо хоног болоход загатнах нь буурч арьс гуужих, хагтах нь буурсан байна. Дахиад нэг долоо хоногт дээрх эмчилгээг давтахад хуйх бүхэлдээ эдгэрч үс унахыг ч багасгасан байна. Ийм маягаар долоо хоног бүр эмчилж зургаан сар өнгөрөхөд бүрэн эдгэрчээ.

 

Энэ бүгдийн төгсгөлд хоёр зүйлийг нэмж сануулах шаардлагатай.

Нэгд, шим тэжээлээр баялаг гэдэг нь калори ихтэй гэсэн үг биш, нэг цайны халбага баланд 64 калори л агуулагддаг.

Хоёрт, 12 сараас бага настай хүүхдэд зөгийн бал өгөх тохиромжгүй. Хоолны хордлого болох магадлалтай.

Компанийн бонд

Компанийн үйл ажиллагаанд богино болон урт хугацаат санхүүжилтийн асуудал чухал. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж шинээр худалдан авах зэрэг бүтээн байгуулалтын шинж чанартай төслүүдэд дунд болон урт хугацаат санхүүжилт шаардагддаг бол бараа материал татах, мөнгөн хөрөнгийн урсгалыг тэнцвэржүүлэх зэрэг үйл ажиллагаанд богино хугацаат санхүүжилт чухал үүрэг гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжийн санхүүжилт дунджаар 20-25 хувийн хүүтэй, 18 сар хүртэлх хугацаатай байна. Харин хөрөнгийн зах зээлд компанийн бонд гаргаснаар санхүүжилтийн өртгөөс 5-10 хувийн хүү хэмнэх боломжтой.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ихэнх аж ахуйн нэгж өөрт шаардагдаж буй санхүүжилтээ зөвхөн нэг эх үүсвэрээс хайдаг. Тэр нь арилжааны банкууд.  Өнөөдрийн нөхцөлд аж ахуйн нэгжийн санхүүжилтийн 90-с дээш хувь нь томоохон 3-4 банкны зээл хэлбэрээр эдийн засагт нийлүүлэгдэж байгаа. Жил бүр 10 орчим их наяд төгрөгийн зээлийг банкны систем үйлдвэрлэж түүнийг нь аж ахуйн нэгжүүд голчлон мөн зохих хувийг иргэд хэрэглэж ирсэн. Банкны зээлийн дундаж хүүгээр тооцож үзвэл аж ахуйн нэгжүүд болон иргэд жилдээ 2-3 их наяд төгрөгийг зээлийн хүү хэлбэрээр банкиндаа төлдөг гэсэн үг.

Яагаад гэвэл банкуудын эх үүсвэрийг бүрдүүлэгч нь харилцах, хадгаламж эзэмшигч нар бөгөөд тэд өнөөдөр хугацаанаас хамаарч 10-15 хувийн хүүг банкнаас авдаг.

Засгийн газраас малчдын зээлийн хүү 30 хувь байсныг хэт өндөр гэж үзэж Төрийн банкаар дамжиж буй малчдын зээлийн хүүг 18 хувь болгон буурууллаа. Зөрүүг нь Төрийн банк өөрөө даах эсвэл Монголбанк санхүүжүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Харин бизнесийн зээлийн хүүг хэрхэн бууруулах талаар аливаа нэг яригдаж эхэлсэн зүйл алга. Инфляцийн түвшинтэй холбогдуулан Монголбанк бодлогын хүүгээ 1 хувиар бууруулсны дараагаар Засгийн газрын бондын хүү 1 хувиар өссөнийг бодоход төрөөс банкны зээлийн хүүг ойрын болон дунд хугацаанд бууруулах талаар арга хэмжээ авч чадахгүйг илтгэж байна.

Харин төрийн аливаа зохицуулалт, арга хэмжээг хүлээлгүйгээр зээлийн хүүг бууруулах боломж аж ахуйн нэгжүүдэд байна. Тэр нь Монголын Хөрөнгийн биржид компанийн бонд гаргах юм. Бондын хүү 15-18 хооронд байх боломжтой. Яагаад гэвэл банкуудын эх үүсвэрийг бүрдүүлэгч нь харилцах, хадгаламж эзэмшигч нар бөгөөд тэд өнөөдөр хугацаанаас хамаарч 10-15 хувийн хүүг банкнаас авдаг. Харин банк харилцах, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөн дээр 10 хувийн нэмэлт өгөөж нэмж эцсийн зээлдэгчдэд олгодог байна. Тиймээс аж ахуйн нэгжүүд арилжааны банк гэсэн гуравдагч зуучлагчаар дамжилгүй шууд эцсийн хөрөнгө оруулагч нартай холбогдвол жилийн 10-15 хувийн хүүтэй эх үүсвэртэй шууд холбогдоно гэсэн үг. Хөрөнгийн зах зээл буюу илүүдэл хуримтлалтай хэсэг нь санхүүжилт шаардлагатай төслүүдтэй шууд харилцдаг талбар нь Монгол Улсад бэлэн байна.

Мэдээж эхний үе шатанд бондоо зах зээлд амжилттай арилжиж өөрсдийн хөрөнгө оруулагчдын хүрээг бий болгохын тулд банкны дундаж хадгаламжаас дээгүүр гэхдээ банкны зээлийн хүүгээс доош хүүгээр буюу 17-19 хувийн хүүтэй компанийн бонд гаргавал банкны хадгаламжаас өөр найдвартай хөрөнгө оруулалтын сонголтгүй харилцах, хадгаламж эзэмшигч нар худалдан авах нь дамжиггүй.

 Сүү зэрэг хувьцаат компаниуд М Си Эс, Моннис, Таван богд, Гацуурт, НИК зэрэг ХХК-ууд компанийн бонд гаргавал хөрөнгийн зах зээлд бэлэн орон зай байна.

Мөн эхний ээлжинд хөрөнгө оруулагчдын эрсдлийг бууруулах, итгэлцлийн түвшинг нэмэгдүүлэх мөн зах зээлийн эрэлтийн хэмжээг тандах үүднээс бага хэмжээгээр тухайлбал нийт компанийн зах зээлийн үнэлгээний 2-5 хувьтай тэнцэх үнийн дүнтэй компанийн бонд гаргавал зах зээл шингээж авахад асуудал гарахгүй бөгөөд цаашдаа илүү өндөр дүнгээр өргөн хүрээнд бонд гаргах боломж нь нээгдэнэ. Хөрөнгийн зах зээл дэх компанийн нэрийн хуудас нь зээлжих зэрэглэл байдаг бөгөөд энэ цаагуураа хэн хамгийн бага хүүтэй бонд гаргах вэ гэдгийг илтгэдэг. Тиймээс Монголын аж ахуйн нэгжүүд ч энэ чиглэл рүү явах цаг нь болсон бөгөөд АПУ, Говь, Сүү зэрэг хувьцаат компаниуд М Си Эс, Моннис, Таван богд, Гацуурт, НИК зэрэг ХХК-ууд компанийн бонд гаргавал хөрөнгийн зах зээлд бэлэн орон зай байна.

Х.ИНДРА

Бурхан багшийн сургаал

Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Их дүйчэн өдөр тохиож байна. Уншигч та бүхэнд бурхан багшийн найман сургаалыг хүргэе.

Бүх зүйл сэтгэлээс үүддэг. Сэтгэл нь үйл бүхний залуур. Бохир сэтгэлээр үг хэлэх буюу үйл үйлдэх аваас тэргэнд хөллүүлсэн шар шиг тээр зовлонд хүлэгдэнэ. Ариун сэтгэлээр үг хэлэх буюу үйл үйлдэх аваас аз жаргал чамайг сүүдэр мэт дагана.

Өшөө хорслыг өшөө хорслоор арилгахгүй. Гагцхүү хүлцэл өршөөлөөр амарлиулдаг. Энэ бол өнө мөнхийн хууль.

Хэзээ нэг өдөр үхнэ гэдгээ олонх хүн мартдаг. Хэзээ ч нөгчиж мэдэхээ ухаарсан хүн хэрүүл тэмцэлгүй тайван амьдардаг.

Сэхээ сэрэмжгүй зугаа цэнгэл хөөцөлдөж, хэмжээ цаггүй идэш уушинд хомхойрч, дэмий алгасарлаар цагийг нөгчөөдөг хүн шулмын хорлолд автах нь өмхөрсөн мод салхинд унах шиг хялбар.

Үзэгдлийн хуурмаг чанарыг ойлгож, сэргэг ухамсраар мэдрэхүйгээ хянаж, идэш уушаа тааруулж чаддаг, чин сүсэгт хичээнгүй хүн шулмын хорлолд автахгүй нь байц хад салхинд үл ганхах мэт.

Шалдар булдар үйлийг их хэрэгт тооцож, утга төгөлдөр үйлийг утгагүй хэмээн басамжилдаг мөчид ухаантан зүрхэн шимийг хүртэж чадахгүй.

Утга учиртай зүйлсийг утга учиртай хэмээн, утгагүй юмсыг утгагүй хэмээн тунгааж чаддаг сэхээтэн зүрхэн шимийг хүртэнэ.

Сэхээлэг байх нь үхэлгүй мөнхийн зам. Сэхээгүй байх нь үхэл мөхлийн зам. Сэхээлэг байхад үхэл хаанаас байх вэ. Сэхээгүй бол хэдийнэ үхсэнтэй адил.

Хүслийн эрхэнд үл мунхрах, хорслын эрхэнд үл хямрах, зөв буруу (буян, нүгэл) хоёроос хэтийдсэн, зүүд нойрноос сэрсэн хүнд айдас түгшүүр үгүй.

Хорон муу сэтгэл өөрөө өөрийгөө хорлодог. Ямар ч өштөн дайсан түүн шиг хорлож чадахгүй. Чин ариун сэтгэл өөртөө ивээл болдог. Аав, ээж, амраг садан ч түүн шиг тусалж чадахгүй.

Агар зандан, арц хүжсийн үнэр ариун буяны анхилгыг үл гүйцнэ. Тэнгэр бурхадын оронд ч тэр анхилга түгэх бөлгөө.

Замын дэргэдэх хог сагийн дундаас анхилам цэцэг мишээх мэт мөнх бусын түйтгэрт энэ ертөнцөд Төгс гэгээрсэн багшийн шавь билиг ухаанаар гэрэлтдэг.

Нойргүйдсэн хүнд шөнө урт. Алжаасан хүнд газар хол. Хутагтын үнэнийг таниагүй хүнд орчлон урт.

Үнэний эрэлчин чамд өөрөөс чинь илүү буюу тэнцэх хань олдохгүй бол ганцаар явсан нь дээр. Тэнэг мунхаг хүмүүстэй нөхцөх хэрэггүй.

Мунхаг хүмүүс “Миний үр сад”, “Миний эд хөрөнгө” гэхчлэн санааширдаг. Өөрөө өөрийнхөө ч эзэн биш байж өрөөл бусдыг яахин эзэгнэх?

Тэнэгээ мэддэг хүнийг тэнэг биш, ухаантан гэлтэй. Тэнэг мөртлөө өөрийгөө ухаантан гэж боддог хүнийг л жинхэнэ тэнэг гэнэ.

Тэрээр насан турш мэргэдийн дэргэд байвч үнэнийг үл мэднэ. Шөлний амтыг халбага мэдэхгүйтэй адил. Гэгээн мэргэдтэй учирсан сэхээлэг хүн тэр даруйд үнэнийг ухаарна. Шөлний амтыг хэлээр хүртэх шиг.

Харамсал дагуулах үйлийн үр гашуун нулимс болж боловсорно. Харамсал үл дагуулах буяны үр баяр жаргал болж дэлгэрнэ.

Уул хад салхинд үл гулзайх мэт ухаант хүн сайшаал, муушаал хоёрт савлах учиргүй.

Мухар сүжиг, сохор таамагт авталгүйгээр урлаж үл бүтээх (угаас заяамал) мөн чанараа таниж, үйлийн хэлхээс, хүслийн хөврөлөөс гэтэлсэн нэгнийг гэгээн хутагт хэмээюү.

Утгагүй мянган үгийг давтсанаас утга төгөлдөр бөгөөд сэтгэл амарлиулах ном (дарма)-ын ганц үг тогтоосон нь дээр.

Өрөөл бусдыг ялахаас өөрийгөө ялах нь эрхэм. Өөрөө өөртөө эзэн болсон хүнийг асур тэнгэр, ад чөтгөрийн хэн нь ч дийлэхгүй.

Самуун задгай зуун жилийн амьдралаас бясалгалд оршиж, буян үйлдсэн нэг өдрийн амьдал үнэтэй. Мунхаг харанхуй зуун жилийг элээснээс үнэнийг сэхээрч нэг өдөр амьдарсан нь дээр.

Эзэн хааны гоёмсог сүйх ч хуучрах мэт энэ бие элэгдэж мууддаг. Гэвч дээдийн ном (гэгээрэл) хэзээ ч хуучрахгүй. Тийм учраас түүнийг эрхэм дээд хэмээдэг.

Өчүүхэн боловсролт хүн үхэр мэт өтөльюү. Бие нь бүдүүрэхээс биш, билиг нь тэлэхгүй.

Муу үйлээр хүн өөрийгөө гутаадаг. Мууг тэвчсэнээр хүн өөрийгөө цэвэрлэдэг. Цэвэр, бохир явах нь өөрөөс хамаарна. Өрөөлийн үйлийг өөр хэн ч цэвэрлэж чадахгүй.

Үнэнийг шүтэж амьдар! Хуурмаг явдлаар насыг бүү элээ! Үнэн ёсны дагуу амьдарсан хүн энэ болоод хойт төрлийн алинд ч амар амгаланг эдэлнэ.

Энэ хорвоог зүүд зэрэглээ, хөөс мэтээр үзэгч хүн Эрлэг номун хааны хараанаас ч мултрах болно.

Урьд нь алдаж эндэж явсан ч хожимнэгэнт сэхээрсэн хүн үүлнээс сугарсан саран мэт ертөнцийг гийгүүлж чадна.

Эрдэнэт хүний төрлийг олох нь бэрх. Мөнх бусын хорвоод амьдрах нь бэрх. Дээдийн номыг хүртэх нь бэрх. Гэгээрсэн багштай учрах нь бэрх.

Хилэнцэт үйлээс ангижирч, эрхэм чанарыг төгөлдөржүүлж, оюун санаагаа ариусгах нь Бурханы ном юм.

Бид (номын мөрөөр замнагч нар) өмчийн хүлээснээс салсан учраас амар тайван амьдардаг. Аливаад уягдахгүй амьдрал маань гэгээн гэрэлт диваажин шиг.

Дийлсэн хүн өш хонзонгийн үрийг тарьж, дийлдсэн нь харамсал гашуудалд унадаг. Дийлэх, дийлдэхээс ангижирсан хүн л амар амгаланг эдэлнэ.

Хүсэл шуналаас илүү түймэр үгүй. Хорсол заналаас илүү түйтгэр үгүй. Хүлээст цогцсоос илүү өвчин үгүй. Хүлээсийг тайлсан (Нирваан) -аас илүү амгалан үгүй.

Эрүүл мэнд – хамгийн үнэт эрдэнэ. Сэтгэл ханамж – хамгийн эрхэм баялаг. Итгэлт анд – хамгийн дотно садан. Гэгээрэл – хамгийн дээд жаргал.

Уягдахаас зовлон үүсдэг. Уягдахаас айдас төрдөг. Уягдах сэтгэлээс ангижирсан хүнд зовлон байхгүй атал айдас ч хаанаас байх.

Үргэлж гүтгэлэг доромжлол амссан, эс бөгөөс үргэлж магтаал сайшаал хүлээсэн хүн энэ дэлхийд урьд ч байгаагүй, хожим ч гарахгүй, одоо ч байхгүй.

Бусдын алдаа дутагдлыг харах амархан. Өөрийн алдаа дутагдлыг л харах хэцүү. Бусдын алдааг илрүүлэхдээ хальс хивэг хийсгэх салхи мэт атлаа өөрийн алдааг хашир ангууч биеэ далдлах шиг нуудаг.

Өөнтөгч болох тусам хүний сэтгэлийн өвчин ужиграх болно.

Үлэмж тодорхой ажиглан бясалгахаас өөр зам мөр үгүй.

Гэгээрсэн багш зам мөрийг л заадаг. Түүгээр чи өөрөө замнах ёстой. Үнэний замаар явж, бясалгах аваас шулмын хүлээснээс гэтлэх болно.

Зэрлэг өвс тариаланд арандаг болдог шиг хүсэл шунал хүн төрөлхтөнд тээг болдог. Хүсэл шуналаас ангижирсан цагт баялаг ургац хураана.

Бясалгал үгүй бол билгийн хараа (үлэмж үзэхүй) ч үгүй. Билгийн хараа үгүй бол бясалгал ч үгүй.

Өөрөө өөрийгөө гэрчилж, өөрөө өөрийгөө цэгнэж яв! Өөрийгөө шинжих ухамсартай хүн үргэлж гэгээн сайхныг хүртьюү.

2024 оны хаврын чуулган нээлтээ хийлээ

2024.03.15-Улс төр

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг өнөөдөр /2024.03.15/ 10.06 цагт гишүүдийн 55.0 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Та бүхэндээ энэ өдрийн мэндчилгээг дэвшүүлье. Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган эхэлж байна. Энэ чуулган 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацааны “отгон” чуулган болно. Тэр ч утгаараа ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, энэ парламентын хувьд онцгой чухал ач холбогдолтой чуулган болох ёстой. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн, эхлүүлсэн цогц өөрчлөлт шинэчлэлээ гүнзгийрүүлж дуусгах нь энэ чуулганы зорилт байх болно. Парламентад ард түмний төлөөллийг нэмэгдүүлэх, сонгодог парламентыг төлөвшүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх чиглэлээр Үндсэн хуульд оруулсан нэмэлтийг хэрэгжүүлэх бэлтгэлийн хүрээнд “Их хуралдай” танхимд өргөтгөл шинэчлэл хийгдэж байгаатай холбогдуулан Ардчилсан парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдаж байна.

Бид “Шинэчлэлийн” парламент байхыг зорилгоо болгож, сэрж сэхээрсэн ард олны Цэгцрэх хөдөлгөөн, Шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлсэн Засгийн газартайгаа нэг зүгт харж, нэгдмэл эрмэлзэлтэй байж чадаж байгаа нь энэ парламентыг илэрхийлэх нэг онцлог юм. Монгол Улс бол хуулийн засаглал, хувь хүний эрх, чөлөөт эдийн засгийн тогтолцоог эрхэмлэж, сонгуулиар төр засгаа эмхлэн бүрдүүлдэг, ардчилсан улс. Энэ шинэ замыг сонгосон 30 гаруй жилд бид ардчилсан тогтолцоогоо улам баталгаажуулах, улсаа хөгжүүлэх, эрх чөлөөт, шударга нийгмийг төлөвшүүлэх, ард нийтээрээ сайхан амьдрахын төлөө л зорьсон. Гэхдээ бодож төсөөлснөөс асуудал өөрөөр эргэж, үр дүн хүссэн хэмжээнд хүрсэнгүй өнөөдөрт хүргэлээ. Тиймээс туршлага, сургамжаа шүүн тунгаах, алдаа бурууг засаж залруулах, үүний тулд тогтолцооны шинэчлэл хийхэд чиглэсэн эрмэлзэл сүүлийн 4-5 жилд эрчилсэн давалгаа болж өрнөж байна. Эмх замбараагүй мэт санагдаж болох ч энэ бол цэгцрэх хөдөлгөөн гарцаагүй мөн. “Чиглэлийг нь тодорхойлж үл болох, үй түмэн молекулуудын эмх замбараагүй хөдөлгөөнийг нэг зүгт эмхлэн чиглүүлбэл энерги болж хувирдаг” физикийн ердийн онол нийгмийн хөгжил, хөдөлгөөнд ч хамаатай. Цэгцрэхийн төлөөх ард олны энэ эрчилсэн хөдөлгөөнийг Улсын Их Хурал мэдэрч, шинэчлэлийг түүчээлэгч, шүгэл үлээгч байж чадсан гэж үзэж байна. Улс төр судлаач, эрдэмтэн Жеймс Вильсон, Жорж Келлинг нарын дэвшүүлсэн “хагархай цонхны онол”-ыг хамгийн энгийнээр тайлбарлах юм бол “Цонх хагарвал тэр дор нь шиллэж байх ёстой. Хэрвээ ингэхгүй бол дараа дараагийн цонх хагарсаар бүтэн цонх нэг ч үгүй болно” гэсэн утгатай. Энэ бол нийгэмд бий болсон тулгамдсан асуудал, буруу хазгайг тэр дор нь засаж шинэчилж байхгүй бол тогтолцооны гажуудал болж урхагшина гэсэн үг.  Өнгөрсөн 30 жилд манайд цонх хагарсаар байсан ч бүтэн болгоход төдийлэн анхаарсангүй. Оролдлогууд мэдээж байсан ч тэр бүр бүтэлтэй болсонгүй. “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг”-тай адил “Хагархай цонх”-оор жавар салхи, тоос буртаг орж ирсээр, улам зузааран хуримтлагдсаар өнөөг хүргэжээ. Тиймээс Улсын Их Хурал, Засгийн газар энэ хуримтлагдсан гажуудлыг засах эрх зүйн шинэчлэл хийхийг эрхэм зорилгоо болгож ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах хүрээнд хийсэн улс төр, засаглал, эдийн засаг, нийгмийн тогтолцооны эрх зүйн реформууд хагархай цонхуудаа бүтэн болгоод зогсохгүй, цаашид цонх хагарахгүй байх дархлааг бий болгоход чиглэсэн юм. Монгол хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах нь ардчилсан Монгол Улс оршин тогтнохын нэг үндсэн баталгаа юм. Тиймээс 2021 оны хаврын чуулганаа “Хүний эрхийг дээдлэх” чуулган болгон зарлаж, Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ази тивдээ анх удаа баталж, монгол хүний аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх шинэ тогтолцоог бүрдүүлсэн.

Орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын 11-нд товлов

2024.04.15-Улс төр

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр /2024.03.15/-ийн нэгдсэн хуралдаан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Ингээд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар тогтоолын төсөл батлав.

Энэ талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай асуудлыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурал тогтоох тул Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн санал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг онцолсон. Байнгын хорооны саналаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “УИХ-ын орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно”, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн товлон зарлахаар, санал авах өдрийг  2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр байхаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг дурдаад уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Онцлоход, орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаагүй бөгөөд одоо байгаа хүчин төгөлдөр хуулиараа зохицуулагдах юм байна.

Иргэн Та 158989 тусгай дугаарт мессеж илгээн 1072 ширхэг хувьцаагаа шалгах боломжтой

Иргэн Та “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа мессежээр илгээн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны мэдээлэл болон аль үнэт цаасны компанид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж буй эсэхээ гар утсандаа хүлээн авах боломжтой.

Ирэх сард цалин, тэтгэвэр нэмэгдэнэ

2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс тэтгэвэр 100 мянгаар, төрийн албан хаагчдийн цалин 10 хувиар, суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувь нэмэгдэж байгаа юм. Бусад цалин хөлсний нэмэгдлийн талаарх мэдээллийг хүргэе.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ: 

– Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувь

– Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувь нэмэгдүүлэх,

Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана.

 

ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ:

– Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувь

– Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувь тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.

– Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид  5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.

Тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ.

Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувь нэмэгдүүлнэ.

Авлигын эсрэг тэмцэлд цагдаа, цэргийн үүрэг чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов

Авлигын эсрэг тэмцэлд цагдаа, цэргийн үүрэг чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн-2024” өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус арга хэмжээнд оролцох үеэрээ “Ахлагч нар төр иргэн хоёрын гүүр болж, Монгол Улсын хуулийг  сахиулахын төлөө амь насаа үл хайхран, амьдралын халуун цэгт ажилладаг хүмүүс” гэдгийг тодотгоод ажлын амжилт хүслээ. Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, хэрэгжилт, Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа, Монгол Улсын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийн өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл өгөв.
Тухайлбал, 2021 онд  43.6 их наяд төгрөг байсан дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 68.9 их наяд болж, 2024 оны хүлээлт 74 их наяд төгрөг байна. Мөн цар тахлын оргил үед -4.7 хувь хүрч унасан эдийн засаг өнгөрсөн онд 6.8 хувь болж өсөж, эдийн засгийн өсөлтөөр бүс нутагтаа гуравт орж байна.Анх удаа нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5220 ам.долларт хүрч, улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарсан. Мөн цахим засаглалын индекс 18 байраар урагшилжээ.
Эдийн засгийн өсөж дотоодын цэргийн алба хаагчдын үндсэн цалинг хоёр удаа 28-77 хувиар нэмсэн гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд “Төрийн албан хаагчдын нийгмийн баталгаанд анхаарч, цалиннэмэхээс  гадна анх удаа байр авч байгаа төрийн албан хаагчдыг дэмжих, хөдөө орон нутагт шилжин ажиллах албан хаагчдыг илүү дэмжих  бодлого баримтлана” гэлээ.

“Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, Засгийн газар 2023 онд “Чингис”, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Евро”, “Самурай” бондын өрийг бүрэн төлж, Монгол Улс гадаад өрийн дарамтаас гарсан.
Нүүрсний хулгайтай тэмцэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг ил тод болгох, авлигын эсрэг ялын бодлого чангатгах зэрэгт цагдаа, дотоодын цэргийн байгууллагынхны үүрэг оролцоо чухал” гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Мөн Засгийн газраас аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж буй энэ үед цагдаа, дотоодын цэргийн ахлагч, албан хаагчид мэдлэг боловсрол, харилцаа хандлагаа дээшлүүлэх нь жуулчдад эерэг сэтгэгдэл төрүүлж, олон улсад эх орноо таниулах замаар эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэхэд түлхэц болно гэв.
“Авлигатай тэмцэнэ” гэж Ерөнхий сайд ганцаараа яриад, “Хууль сахиулна” гэж Засгийн газар дангаар зүтгээд нэмэргүй. Цар тахал тархаж, эдийн засаг тасалдсан, дэлхийн геополитик хувьсан өөрчлөгдөж буй хүнд цаг үед ард иргэд, төр засагтайгаа хамт байдаг цагдаа, дотоодын цэргийн байгууллагынханд чин сэтгэлийн талархал илэрхийлье гэж Ерөнхий сайд хэллээ.

 

Улс төрийн намуудын сонгуулийн зардлын дээд хязгаарыг 6.4 тэрбумаар тогтоов

Үндэсний аудитын газраас УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, эвсэл, тойрогт нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дээд хязгаарыг тогтоосноо өнөөдөр /2024.02.29/ зарлалаа.

Тодруулбал, 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6 тэрбум 434.5 сая төгрөг, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 894.7 -1,526.1 сая төгрөгийн хооронд тогтоосон байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө энэ хуулийн 50.2-т заасан аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ” гэж заасан байдаг.

Үүний дагуу Үндэсний аудитын газар 2024 оны ээлжит сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг батлагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн хугацаанд тогтоожээ.

Зардлын дээд хэмжээ тогтоохдоо УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан

  • 2.1. Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
  • 2.2. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
  • 2.3. Хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;
  • 2.4. Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
  • 2.5. Ухуулах байр ажиллуулах;
  • 2.6. Радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
  • 2.7. Цахим орчин ашиглах зэрэг сонгуулийн сурталчилгааг явуулах арга хэлбэр, мөн хуулийн 13, 36, 37, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 49, 52-т заасныг тус тус харгалзан тооцоолол хийн, тогтоожээ.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37  улс төрийн нам руу 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08/232 дугаартай албан бичгээр зардлын дээд хэмжээний саналыг авахаар хүргүүлсэн байна. 2024 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нэр бүхий 13 нам саналаа ирүүлснийг сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтооход харгалзан үзжээ.

Ирэх зургадугаар сарын 28-нд болох УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдана. Нийт 126 гишүүн УИХ-д сонгогдох бөгөөд 48 нь намын нэрийн жагсаалтаар 78 нь тойргоос сонгогдох юм. Тойрог томссоноор 13 болсон.

Ингээд зардлын дээд хязгаарыг дараах хүснэгтээр тодруулан хүргэж байна.

                                                                                                                                          /Төгрөгөөр/

Тойргийн дугаар, аймгийн нэр Мандатын тоо Нам, эвслийн нийт зардал Нэр дэвшигчийн нийт зардал
1 1-р тойрогАрхангай, Баянхонгор, Өвөрхангай 9 574,308,107.7 1,378,983,796.9
2 2-р тойрогГовь-Алтай, Завхан, Увс, Ховд 10 659,785,964.3 1,526,054,380.9
3 3-р тойрогБаян-Өлгий 3 261,992,747.7 1,058,746,682.1
4 4-р тойрогБулган, Орхон, Хөвсгөл 8 487,060,273.9 1,230,485,598.1
5 5-р тойрогДархан-Уул, Сэлэнгэ, Төв 10 498,096,846.4 1,064,320,563.5
6 6-р тойрогДорнод, Сүхбаатар, Хэнтий 7 474,369,193.9 1,164,854,766.7
7 7-р тойрогГовьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь 7 469,951,439.9 1,098,521,799.6
8 8-р тойрогБаянзүрх 5 640,984,301.5 1,164,541,061.2
9 9-р тойрогБаянгол 3 488,776,433.2 1,099,697,551.2
10 10-р тойрогСүхбаатар, Чингэлтэй 6 569,801,654.6 894,773,229.1
11 11-р тойрогСонгинохайрхан 5 590,595,221.8 968,576,569.5
12 12-р тойрогХан-Уул 3 435,352,153.7 1,121,664,599.4
13 13-р тойрогБагануур, Багахангай, Налайх 2 283,456,891.3 994,256,563.7
  НИЙТ 78 6,434,531,229.9

Б.Энхбаяр: Засгийн газраас авлигатай тэмцэхэд онцгой анхаарч, бодит үр дүн гарч байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож үг хэллээ.

Тус зөвлөгөөнд хэлсэн үгэндээ “Эрх зүйн шинэчлэл тасралтгүй явагдаж байна. Одоо бид өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо дүгнэж, цэгнээд дараагийн шинэ 30 жилийн гараан дээр зогсож байна. Энд яригдах асуудлын  цөм нь шударга ёс, хариуцлагатай салшгүй холбоотой. Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэхэд анхаарч идэвхтэй санаачилга гарган ажиллан эхнээсээ бодит үр дүн авчирч байна. Харин УИХ-аас Авлигатай тэмцэх үндэсний  хөтөлбөрийг баталсан бөгөөд энэ чиглэлд олон томоохон бодлогын зорилго, зорилтууд дэвшүүлсэн байгаа. Төрийн бүхий л  түвшинд  авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагын алба хаагчдын хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, ажиллах нөхцөл боломжоор хангах, хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна” гэлээ.

“Төв цэнгэлдэхийн газрыг 29 хувааж зарсан”

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг өнөөдөр /2024.02.27/ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талаар мэдээлэл өглөө.


Тэрбээр “Нийслэлийн Газрын алба, Хот байгуулалтын газар, Өмчийн харилцааны газартай ярилцаж, нөхцөл байдалтай танилцлаа. Анх 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг өмч хувьчлалаар ягаан тасалбараар хувьчилсан. Тэр үед 30 хувь нь хувийн эзэмшилд очиж, 70 хувь нь нийслэлийн өмчид үлдсэн. Дараагаар нь 2003 онд иргэн Т.Нямдаваа гэдэг хүн 30 хувиа 49 болгож, нийслэл 51 хувийг өмчилсөн. Гэхдээ маш үл ойлгогдох байдлаар 400 мянган төгрөгийн асуудлаас болж зөвхөн ТУЗ-ийн шийдвэрээр 49 хувиа 51 хувь болгож өмчилсөн. Ерөөсөө НИТХ-аар шийдвэр гаргаагүй. Бидний хувьд наадмын талбайгүй болж, битүү барилга баригдаад байна. Нийслэл 2005 оноос давамгайлсан бус 49 хувийн өмчлөгч болж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-д 38 га газартай болсон. Өнгөрсөн 2005 оноос хойш газар нь 29 салж, 12.6 га үлдсэн. Мэдээж газрыг нь зарж идсэн гэсэн үг. Жил бүр нийслэлээс Төв цэнгэлдэх хүрээлэнд урсгал засварыг хийдэг. Нийтдээ 2008 оноос урсгал засварт 4.6 тэрбум төгрөгийг зассан. Энэ нь хувь эзэмшилд нэмэгдэж, олигтой ногдол ашиг өгдөггүй. Энэ бол цэвэр шуналын асуудал.

Цэнгэлдэхийн баруун талд “Мөнх сан” ХХК-ийн эзэмшил барилга барьж байна. Энэ бол иргэн Т.Нямдаваагийн хүүхдийн компани. Өөрсдөдөө газраа хувьчилж авч, өндөр барилга барьж байна. Энэ газар дээрээ анх орон сууцны зориулалттай барилга барина гэчихээд үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж байна.

Энийг миний хувьд “шунал” хороолол гэж нэрлэмээр байна. Энэ барилгыг шалгаж, зогсооно. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах нийтийн эзэмшлийн талбайг давж, автозогсоол хийлгэсэн байгаа. Энийг нийслэлээс зогсооно. Мөн урд нь модон байшин байгаа нь ямар нэгэн зөвшөөрөлгүй байна. Үргэлжлүүлэн нэг давхар байшин баригдсан нь ямар нэгэн зөвшөөрөлгүй байгаа. Тус компанийн захирлаас тодруулахаар “Манайх биш” гэдэг хариултыг өгсөн учраас нураана. Энэ компанийн баримт бичгүүдийг авч үзэхээр 2023 оны арваннэгдүгаар сар хүртэл улсын бүртгэл дээр ганцхан иргэн Т.Нямдаваагийн эзэмшил дээр явж ирсэн. Нийслэлийн 49 хувь бүртгэгдээгүй. Компанийн захирал хувь эзэмшлийг зөв бүртгүүлэх үүргээ хүлээгээгүй. Дүрэм нь хуучны, одоогийн Компанийн хуулийг зөрчиж байгаа. Тус компанийн ТУЗ-д төрсөн дүү, хүүхэд нь байхаас гадна нийслэлээс хоёр хүн байдаг. Уг нь хувьцаа эзэмшигчдийн хурал хийх ёстой ч ТУЗ-ийн хурал хийдэг. Нийслэлээс жил бүр олон ажил хийсэн ч тус компаниас мэдээлэл өгч, хуралддаггүй. Дүрмийн сан нь нийт 210 сая төгрөг. Тэрнээс хэд дахин хөрөнгө оруулалтыг нийслэлээс хийсэн. Одоо ТУЗ-өө хуралдуулахгүй бол шүүхэд хандана” гэв.

Нэг аяга сүү

Сургамжит өгүүллэг

Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдрүүдийн нэг ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа баран айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү өгчээ.

Хүү сүүг удаан уугаад хармаандаа байгаа 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ? гэхэд охин “Хэрэггүй ээ. Ээж минь хүн хийсэн сайн үйлийнхээ төлөө төлбар авахгүй байх ёстой” гэж сургасан юм гэлээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд гэрийн зүг явлаа. Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урсан өнгөрчээ. Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэгийн эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж.

Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага насанд өнгөрсөн танил тосгон … ,мартаагүй нэр …
Өвчтөний өрөөнд үзлэг хийхээр орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчиндөө шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ. Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийн бүсгүйн амь нас аврагджээ.

Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээний зардал 10 000$ болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв. Ийм их эмчилгээ, асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалтал

Та бүү санаа зов. Та эмчилгээний төлбөрөө олон жилийн өмнө “Нэг аяга сүүгээр төлсөн” Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.

Эх сурвалж:Budda.mn

Ногоон цайны ач тус

Ногоон цайны гайхамшигт шинж чанарыг дорно дахинд эрт дээр үеэс үлэмж ихээр үнэлж ирсэн түүхтэй. Өнөө үед ч цайг дээдлэх энэхүү үзэл үнэ цэнээ алдаагүй хэвээр байна.  Ногоон цай хэмээх энэ үнэт шингэн нь хүнийн биед эм болохуйц эрдэс бодис, химийн чухал нэгдлүүдийг өөртөө агуулдгийг эрдэмтэд хэдийнэ илрүүлсэн билээ. Тэгвэл ногоон цайны ид шид нь чухам юундаа байдгийг, яагаад хүмүүс зуун зууны туршид эрхэмлэн хэрэглэж ирснийг хамтдаа тодруулъя.

Ногоон цайг шилдэг болгодог 20 чанар

1. Өдөрт  2-3 аяга ногоон цай уувал уг “эм” зүрхийг чинь элдэв эрсдлээс хамгаалж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

2. Ногоон цайнд антиоксидант ихээр агуулагддаг учраас таны дархлааг сайжруулна.

3. Мөн энэ гайхамшигт цай хорт хавдар үүсгэгч эд эсийг устгах хамгийн шилдэг зэмсэг юм.

4. Ногоон цай нь хүний бие бялдрыг эрүүл, залуу байлгах гол баталгаа болдог.

5. Энэ цай хүний бодисын солилцоог тогтворжуулж таргалалтыг удаашруулдаг.

6. Мэдрэлийн системд эерэгээр нөлөөлдөг тул ачаалал ихтэй өдрийн дараа аяга ногоон цай уучихад л алжаал ядрал аяндаа тайлагдах болно.

7. Энэ цайнд агуулагддаг “Танин” хэмээх бодис нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлж ой санамж, анхаарал төвлөрлийг сайжруулдаг.

8. Ногоон цайнд байдаг аминдэмүүд нь улаан цайныхаас 10 дахин илүү, ялангуяа В бүлгийн аминдэм элбэгтэй.

9. Уг цайны ачаар хүний булчингийн ажиллагаа сайжирч, таргалалт үүсгэдэг гол элемент болох целлюлит үүсэхээс сэргийлнэ.

10. Ногоон цай нь нойргүйдэл анагаах явцыг хурдасгадаг гэдгийг эрдэмтэд нотолсон байна.

11. Бэлгийн дур хүслийг сайжруулж бэлгийн харьцаанд гарсан аливаа асуудлыг эерэгээр шийдвэрлэхэд хүч нэмдэг.

12. Стронц гэх хорт бодисыг хүний биеэс гадагшлуулах увидас ногоон цайнд байгааг эрдэмтэд нээж, цаашид ногоон цай нь цацрагт туяаны сөрөг үр дагаврыг арилгаж чадах эсэхийг судалж байна.

13. Ногоон цай бол шингэн алдалтыг зогсоох шилдэг эм төдийгүй шингэн алдалтыг нөхөхөд гол дэм үзүүлдэг.

14. Нүүр, арьс арчилгаа, энгэсэг, гоо сайхны бүтээгдэхүүний гол орцыг бүрдүүлэгч нь гарцаагүй ногоон цай юм.

15. Энэ цай хүний цусан дахь холестерины хэмжээг багасгадаг.

16. Тамхичдад нэгэн таатай баримт дуулгахад, тамхинаас хүний биед үзүүлдэг хортой нөлөөг ногоон цай багасгадаг гэнэ.

17. Энэ цайг байнга уух нь үрчлээний эсрэг, цаг үеийн шалгуур давсан хамгийн шилдэг арга.

18. Ногоон цайг зөгийн бал, далайн давс гэх мэт эмчилгээний бусад эрдэс бодисуудтай хослуулан хэрэглэвэл үс, хумс, арьсны гоо сайханд эерэгээр нөлөөлнө.
19. Энэ цайг ууснаар бүтэн өдрийн турш эрч хүчээр дүүрэн байна.

20. Ногоон цайны шаараар хийсэн бигнүүрийг нүдэн дээрээ тавибал нүдний ядаргаа богино хугацаанд тайлагддаг.

Хэрэв та ногоон цайны ид шидийг хүртмээр байвал яг одоо залхууралгүй босоод өөртөө нэг аяга ногоон цай аягалаарай.

УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ

УИХ-ын хаврын чуулган ирэх сарын 15-нд эхэлнэ. Ингэхдээ хаврын чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд буй юм. Үүнд:

1/Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

2/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

3/Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

4/Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

5/”Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6/Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

7/Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/;

8/Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

9/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

11/Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;

12/Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл;

13/Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

14/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

15/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

16/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

17/Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

18/Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

19/Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

20/Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

21/Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

22/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

23/”Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

24/””Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

25/Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл;

26/”Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

27/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

28/Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;

29/Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

30/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

31/Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төсөл;

32/Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл;

33/Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай Юнидруа /Хувийн эрх зүйн нэгтгэх олон улсын хүрээлэн/-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

34/Хүний эрхийг хангах багц хуулийн төсөл;

35/Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

36/Цусны донорын тухай хуулийн төсөл;

37/Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

38/Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

39/Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

40/Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

41/Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

42/Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

43/Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

44/Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/.

УИХ-ын дарга Г.Занданшатар гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж ЗГ-т хүргүүллээ

Өнгөрөгч нэгдүгээр сарын 22-ны өдөр иргэн Н.Номун-Эрдэнийн “D-Parliament” цахим системд санаачилсан “Гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглаж, эзэмшүүлэх хуулийн заалтыг цуцлах” өргөдөлд 100 мянган иргэн гарын үсгээ зурсан байдаг.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэхийг цуцлах хуулийн төслийг боловсруулаад, ЗГ-аас санал авахаар шийдвэрлэлээ. Хаврын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэх болно” хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Тэгвэл тэрбээр эл заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж, санал авахаар ЗГ-т хүргүүлсэн байна.

Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг ирэх гуравдугаар сарын сүүлээс иргэдэд олгоно

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 1072 хувьцааны ноогдол ашиг болох 256 мянган төгрөгийг ирэх гуравдугаар сарын сүүлээс иргэдэд олгох болсон талаар мэдээллээ. Тодруулбал, тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрдээ 285 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

ЗГ-аас тус компанид онцгой дэглэм тогтоон, нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, үйл ажиллагаа нь эрс сайжран, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай байна. Үүний үр дүнд 1,072 хувьцаатай Монгол Улсын иргэн та татварын дараах дүнгээр 256 000 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ.

Санхүүгийн тайлан аудитаар орсны дараа 2024 оны 03/25-04/8-ны хооронд багтаан ноогдол ашиг олгоно.

Эх орныхоо эрдэнэс баялгаас иргэн бүр хүртдэг шинэ сайн жишиг тогтож байна. Ийнхүү сайн жишиг хэвшин батжиж, компанийн ашиг нэмэгдэхийн хэрээр иргэдийн хүртэх үр өгөөж жилээс жилд өссөөр байх болно.

2022 оны ноогдол ашиг 104 000 төгрөг

2023 оны ноогдол ашиг 256 000 төгрөг” гэлээ.