Даваа гаригаас цахим дугаар олголтыг эхлүүлнэ
2015 оны 8 сарын 18

 2015-08-18

amg

Ашигт малтмалын газар өнөөдөр хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхлэх талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг манай улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгох бөгөөд нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбай нь 25 гектараас багагүй, 150 мянган гектараас ихгүй байх шаардлагатай. Энэ оны дунд үеэс тус цахим дугаар олголт нь багагүй маргаан дагуулж түр хугацаанд тасалдаад байсан бөгөөд эргэн цахим дугаар олголтыг явуулж эхэлжээ.

ДАВАА ГАРИГААС ЭХЛЭН ЦАХИМ ДУГААР ОЛГОНО-

Ашигт малтмалын газраас уртрагийн 104 градусаас баруун талд нийт 9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг энэ оны 1 сарын 26-ны өдрөөс эхлэн хүлээн авч шийдвэрлэж эхэлсэн. Энэ хугацаанд 23 удаа цахим хэлбэрээр 2,235 дугаарыг олгож, дугаарын дагуу ирсэн 1,094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэв. Одоогийн байдлаар 452 (2.55 сая гектар буюу 28.33%) тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн. Монгол улсын нутаг дэвсгэрийн уртрагийн 104 градусаас зүүн хагасын 11.94 сая гектар талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Иймд 2015 оны 8 дугаар сар 24-ний өдрийн Даваа гарагаас цахим дугаар олгож эхэлнэ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Ашигт малтмалын газарт бүртгүүлсэн нийт 1,138 аж ахуйн нэгж байгаагаас 873 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авч цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 1,076, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 50, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байна.

Х.ОЧ-ГЭРЭЛ