Ашигтай талбайгаа өөрсдөө авахаар улайрч эхлэв үү
2015 оны 8 сарын 26

2Ашигт малтмалын газраас VPN тусгай төхөөрөмжөөр бүртгэж дугаар олгоод багагүй хугацааг өнгөрөөгөөд байгаа билээ. Тусгай төхөөрөмжөөр онлайнаар бүртгэж эхэлснээс хойш багагүй маргаан дагуулж эхэлсэн. Хэд хэдэн удаа серверийн алдаа гарч байсан нь аж ахуй нэгжүүдийн дургүйцлийг хүргэж байв. Өчигдөр буюу даваа гаригаас эхлэн Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу аж ахуй нэгж, компаниудыг бүртгэж эхэлсэн ч мөн л серверийн алдаа гарсан нь энэ удаад олны эгдүүцлийг дахин хүргэж, дугаар олголтын цаана ямар нэгэн асуудал байгаа гэж байв.

900 ГАРУЙХАН ХАНДАЛТЫН АЧААЛАЛ ДИЙЛЭХГҮЙ СЕРВЕР ГЭЖ БАЙХ УУ-

Хоёрдугаар сарын 9-ний өдрийн 08 цаг 00 минут 18 секундэд хамгийн эхний компани бүртгүүлсэн байлаа. Гэтэл албаны хүмүүсийн хэлж буйгаар “Нэг аж ахуй нэгж бүртгүүлэхэд дор хаяж 300 тэмдэгт бичих бөгөөд 1 минут 30 секунд орчим зарцуулна” хэмээж байсан билээ. Багаар бодоход нэг минут зарцуулах боломжтой. Яаж ч хурдан бичдэг байлаа гэхэд 18 секунд гэдэг арай ахадсан хурд шаардмаар. Өмнө нь Ашигт малтмалын газраас цуцлагдсан 106 лицензийг сэргээх хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдээс онлайн захиалга авч эхлээд байсан. Энэ дагуу эхний ээлжийн 30 байршилд  онлайнаар захиалга авч эхэлсэн ч захиалгын систем нээгдмэгцээ гацсан билээ. Хэсэг хугацааны дараа систем хэвийн ажилласан ч аль хэдийнэ 30 байршил захиалгатай болчихсон байсан аж. Үүнээс болж Ашигт малтмалын газар дээр аж ахуйн нэгж, компаниудын удирдлагууд маргалдсан мэдээлэл байгаа юм. 30 байршил яагаад захиалгатай болчихсон талаар албаны хүнээс асуухад “Мэдэхгүй, хэлэх боломжгүй” гэсэн хариулт өгч байсан юм. Өнөөдрийн хувьд серверийн алдаа нэрээр 51 аж ахуй нэгжийн зөвшөөрлийг хүчингүй болгосонд тус аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд багагүй бухимдалтай байлаа. Албаны хүний мэдэгдэж буйгаар “Серверт өнөөдөр нэгэн зэрэг 900 гаруй хүн хандсанаар ачаалал нэмэгдсэн” хэмээн хариулж байв. Наад захын блогспот хаяг ч хүртэл 900 хүний хандалтад ачаалал нь нэмэгддэггүй гэдгийг мэргэжилтнүүд мэдмээр. Үүний цаана өөр ашиг сонирхол бий гэдгийг хөндлөнгөөс хэлэх нэгэн бий.

ЭНЭ УДААД ЯАГААД АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАВ-

Аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд Ашигт малтмалын газрын гадна өчигдөр цугласан байлаа. Төлөөллүүдийн зүгээс “Энэ оны нэгдүгээр сарын 24-ны өдөр серверт мөн ийм ижил алдаа гарсан. Гэтэл тэр өдөр бүх аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг цуцлаагүй мөртлөө өнөөдөр шинээр зүүн талбайд тусгай зөвшөөрөл олгох үед ийм алдаа гарч, тэр тусмаа зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг цуцлах болов” гэсэн асуулт байсан юм. Уг асуудлыг Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяад тавихад тэрээр “Өнөөдөр бүртгүүлсэн 51 аж ахуй нэгжийг бүртгэх шаардлагагүй гэж үзсэн” гэхээс өөр үндэслэлтэй хариулт хэлээгүй юм. Иймээс энэ нь аж ахуй нэгжүүдэд хардалт төрүүлэхээс аргагүй байв. “Хамгийн ашигтай талбайдаа өөрсдийн хувийн компаниудаа оруулах сонирхол байсан нь харагдаж байна. Өөрсдөө авч чадаагүй, өөрсдийнх нь компаниуд түрүүлж бүртгүүлж чадаагүй болохоор хэдэн аж ахуй нэгжүүдээ луйвардаж байна” хэмээн зөвшөөрөл авсан байсан аж ахуй нэгжүүдийн төлөөлөл хэлж байлаа. Урьд нь гарсан серверийн алдаанаас үүдэн дахин ийм доголдол гаргахгүй хэмээн ярьж байсан ч энэ удаа дахин давтагдаж, тэр ч бүү хэл бүртгүүлсэн аж ахуй нэгжүүдийн эрхийг цуцлачихав. Ашигт малтмалын газраас уртрагийн 104 градусаас баруун талд нийт 9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг энэ оны 1 сарын 26-ны өдрөөс эхлэн хүлээн авч шийдвэрлэж эхэлсэн. Энэ хугацаанд 23 удаа цахим хэлбэрээр 2,235 дугаарыг олгож, дугаарын дагуу ирсэн 1,094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэв. Одоогийн байдлаар 452 (2.55 сая гектар буюу 28.33%) тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн. Монгол улсын нутаг дэвсгэрийн уртрагийн 104 градусаас зүүн хагасын 11.94 сая гектар талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах байсан ч энэ удаад мөн л алдаа гаргалаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл гэдэг хүүхдийн тоглоом хувааж авахтай ижил зүйл биш. Илүү нарийн зохион байгуулалттай, нээлттэй, шударга, эрх тэгш байдлыг бүрдүүлж өгөх ёстой байтал ийнхүү олон дахин алдаа гарч, асуудал гаргаж байгаад холбогдох албаныхан нь зүй ёсны шалгалт хийвэл зохино.

Э.БҮҮВЭЙ